Шатахууны нөөц багассантай холбоотойгоор Монгол Улс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хорлолын хохирогчид болчхов бололтой.
Учир нь, УУХҮ-ийн сайд Г.Ёндон "БНХАУ-ын талтай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар 1037 вагонаар ирэх АИ-92 шатахууны мөнгийг төлчихсөн. 50 гаруй мянган тонны мөнгийг төлөөд, гэрээгээ баталгаажуулаад зөвхөн ачуулахыг хүлээж байгаа. БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдсэн. Сая Шадар сайдтай хамт БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан. Бид "Гэрээ хийгдсэн. Мөнгөө төлсөн. Баталгаажсан. Тиймээс вагон тавих асуудалд анхаарч өгөөч ээ" гэдэг асуудлыг тавьсан" гэх тайлбарыг өгсөн.
Товчхондоо, мөнхийн хөрш хоёр орноосоо мөнхийн хараат байдалтай байна гэсэн үг.
Хэрвээ экс Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын асуудлыг хөндөж байхдаа нарийн царигтайг муйхарлалгүй, хүлээн зөвшөөрч, эдийн засгийн тооцооллоо хийсэн бол бидэнд ашигтай байх байлаа. Монголчууд өнөөдөртөө Хятадын талаас вагон хүлээж, Элчин сайдыг нь "царай алдсан” ч ирээдүйд ядаж л вагон хүлээлгүй, өөрсдийн талаас нарийн царигтай төмөр замаараа нүүрсээ зараад, эргүүлээд шатахуунаа авах боломж нээгдэх байлаа.
Харамсалтай нь нарийн царигтай төмөр зам тавьчихвал хятадууд танкаа ачаад оруулаад ирнэ гэх үлгэрт итгэн өнөөдрийн үнэнтэй нүүр тулж, шатахууны хомстолд орж байна даа.


Сэтгэгдэл