Монгол Улсын хэмжээнд олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тоолно


Монгол Улсын хэмжээнд олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тоолно

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.
Тэрээр “Монгол Улсад өнөөдрийн байдлаар ашигт малтмалын ашиглалтын 1768, хайгуулын 973, нийт 2741 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна гэсэн статистик байдаг. Ард түмний дунд "нийт газар нутгийг лицензээр олгоод дууслаа" гэдэг мэдээлэл байдаг учраас энэ тоо нийт газар нутгийн хэдэн хувьтай тэнцэж байгааг танилцуулъя. Ашиглалтын лиценз олгосон талбай нь нийт газар нутгийн 1.3 хувь, хайгуулын лиценз 3.1 хувьтай тэнцэж байгаа. Монгол Улсын нийт газар нутгийн 80 хувь орчим нь тусгай хамгаалалт, бусад хууль тогтоомжоор нөөцөд авагдсан буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй газрууд байдаг. Харин үлдсэн 20 хувьд нь ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулах боломжтой. Гэхдээ өнөөдрийн байдлаар ихэнх нь илэрцгүй байгаа.
Монгол Улсын газар нутагт олгогдсон тусгай зөвшөөрлийн улсын хэмжээний тооллого явуулах шийдвэрийг гаргалаа. Мөн Анх тухайн ашигт малтмалын лицензийг хэн авч, хааш нь дамжуулж, одоо хэнд байгааг нийтэд ил тод болгох Ажлын хэсэг байгууллаа. Тухайн хайгуулын болон ашиглалтыг лицензийг эзэмшиж байгаа этгээд улс, орон нутгийн төсөвт хэдийг төлсөн, татвар шударга хуваарилагдаж байна уу, нэг ордыг илрүүлж, ашиглахад хэдий хэр хугацаа зарцуулдаг, тухайн орд газар байршиж байгаа орон нутаг, ард иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг судална. Энэ бүх мэдээллийг бүрэн дүүрэн өгдөггүйгээс болж уул уурхайн салбар хамгийн муу нэртэй, муу үнэлэмжтэй болсон байна. Өнөөдөр Монгол Улсад орж ирж байгаа 100 төгрөг тутмын 95 нь уул уурхайн салбартай холбоотой байхад энэ салбарын нийгэм дэх нэр хүнд маш муу, дэмжлэггүй байна. Тиймээс үнэн зөв мэдээлэл өгөх чиглэлд салбарын яам онцгой анхаарч ажиллахаар боллоо.
Хоёрт, Төгрөгнуурын бүлэг ордод хамаарах 4 лицензийг цуцлах шийдвэрийг гаргалаа. УИХ-ын 2007 оны тогтоолоор баталсан 39 стратегийн ордын нэг нь Төгрөгнуур. Энэхүү бүлэг ордыг 19 тусгай зөвшөөрлөөр компаниудад олгогдсон. Нийт 3 тэрбум тонн хүрэн нүүрсний бүртгэгдсэн нөөцтэй. Хуулийн үүрэг хариуцлагаа биелүүлээгүй гэдэг үндэслэлээр өнөөдөр "Төгрөгнуур энержи" компанид хамаарах 4 лицензийг цуцалж, Үндэсний баялгийн санг бүрдүүлэгч Эрдэнэс Монгол компанийн нэгтгэлд лицензийг шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаман дээр Ажлын хэсэг гарсан ажиллаж байгааг бөгөөд өнөөдөртөө багтаад лицензийг шилжүүлж ажиллана" гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.