Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас гурван хувийн хүүтэй зээл авч, эргүүлээд ард түмэндээ 10 хувийн хүүтэй зээлүүлж мөнгө угаасан гэх "хэрэг" өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн анхлан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэгдэж нийгмийг тэр чигээр нь бухимдалд автуулсан. Ялангуяа улс төрчдийн дийлэнх нь энэ хэрэгт нэр холбогдож албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж зээл авахад нөлөөлсөн гэх үндэслэлээр ард түмэндээ үзэн ядагдаж эхэлсэн
Гэвч энэ хэргийг эрх баригчид "улс төрийн зорилгоор зориуд зохиосон гэмт хэрэг" хэмээн тайлбарлаж, харин эсрэг талаас "Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын тулд УИХ-ын гишүүн бүрт У.Хүрэлсүх кнопны оронд 950 сая төгрөгийн ЖДҮ амласан нь өнөөдөр хэрэгжиж байна" хэмээн тайлбарласан.
Ямартай ч нэгэн жилийн туршид улс төрчид-ард түмэн хоёрыг талцуулан "зодолдуулсан" хэрэг "хаагдаж" буй бололтой. Өнөөдөр ЖДҮ-ийн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаярынхэвлэлд өгсөн ярилцлагаар нотлогдож буй юм.
Хаагдаж буй гэх ихэнх хэрэг "Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон" гэсэн шалтгаантай.
Харин улс төрийн өндөр албан тушаалтан 9 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ажээ. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн улс төрийн өндөр албан тушаалтан 3 яллагдагчид холбогдох хэргийг Ажлын хэсгээс тусгаарлаж шийдвэрлэх саналаа прокурорын байгууллагад гаргасан.
Одоогоор дээрх яллагдагч нарын хэргийг шүүхэд шилжүүлээгүй байгаа гэж ЖДҮ-г шалгах ажлын хэсгийн ахлагч, АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр хэлжээ.
Тэдгээр гурван улс төрийн өндөр албан тушаалтан хэн бэ?
Улсын Ерөнхий Прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг хүргүүлсэн ч намын нөхөд нь хамгаалж үлдсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нар аж.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь “Сафир стоун” гэх компанид 1.2 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авч өгөхдөө албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь хамгийн түрүүнд тогтоогдсон хүн. Хамгийн ноцтой нь ЖДҮ-ийн бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир гишүүний зээл барьцаагүй гарчээ. Дээрээс нь Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан ч тал мөнгийг нь уурхайн ажил руу хийж, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан нь мөрдөн байцаалтын явцад нотлогдоод буй.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Г.Солтан. Тэрбээр малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг.
Гуравдугаарт, УИХ-ын гишүүн Л.Энхболд. Тэрбээр бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон.
Эдгээр гурван гишүүний хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан "гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон" гэж үзсэн тул яллагдагчаар татаж, холбогдох хэргийг АТГ-ын дэргэдэх ЖДҮ-г шалгах ажлын хэсгээс тусгаарлаж, шийдвэрлэх саналаа прокурорын байгууллагад гаргасан байгаа аж.
Ш.Лхагва