Миний бие энэхүү сунгаанд хөндлөнгөөс, нэг ёсондоо жирийн иргэний байр сууринаас оролцож бараг бүх уулзалтанд сууж намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа таван эрхэм болон хот хөдөөгийн АН-ын гишүүдийн санаа бодлыг сонсч жинхэнэ "тогоон дотор” нь буцалж явлаа. Өөрийн ажигласан болоод нэр дэвшигчдийн үзэл баримтлал, АН-ын гишүүдийн санаа бодлыг товч тэмдэглэл байдлаар "Өдрийн сонин”-д нэлээн хэдэн дугаар дамжуулан ямар нэг чимэг тайлбаргүйгээр нийтлүүлсэн болохыг уншигч та бүхэн анзаарсан биз ээ. Энэ хугацаанд таван нэр дэвшигчийн хэнийх нь ч талд орохыг хүссэнгүй, хэн нэгнийг нь илт дэмжиж хөөргөхийг хүссэнгүй.
2016 оны УИХ-ын сонгуульд АН "сүнсгүй хүн шүншиггүй бурхан” шиг болтолоо /нэр дэвшигч Ж.Батзандан гишүүдтэйгээ уулзах үедээ энэ хэлц үгийг олонтаа хэрэглэж байв/ ялагдсан нь нэг ёсондоо алдаа оноогоо дэнслэх, сэхээ авах, намынхаа бодлого зорилгыг тунгаан хэлэлцэх боломж олгосон байна.
Ялалтын бялуун дээр ялаа батгана шиг бужигнаж байсан "замын нөхөд” нь Америк, Англи, Сингапурт сурах нэрээр хаяад арилсан нь /нэр дэвшигч Д.Эрдэнэбатын үг/ АН эрүүлжих эхлэл болжээ.
Хөр цасанд хайрагдаж, хүйтэн жаварт алгадуулан хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж байсан хаашаа ч зугтааж яваагүй үнэнч гишүүд намаа аврах хариуцлагатай /нэр дэвшигч С.Эрдэнийн гишүүдтэйгээ уулзах үедээ хэлж байсан үг/ мөч ирсэн байна. "Нэг бол үгэнд ор эсвэл шоронд ор” гэсэн тулгалтын эсрэг, нам дамнасан улс төр бизнесийн бүлэглэлүүдийн ийм бусармаг үйлдлийн эсрэг тэмцэж /нэр дэвшигч Н.Алтанхуягийн үг/ авилга хээл хахуулиас төрийг аврах, улсын өмч завшдаг увайгүй явдлыг болиулах, татвар төлөгчдийн мөнгөнөөс ил далд хулгай хийдэг явдлыг зогсоохын тулд АН шинэчлэгдэж хүчирхэг болох цаг иржээ.
"Уул уурхай ухаж биш ухаан чадвараа ухаж ард иргэдээ хангалуун, тэнүүн амьдруулах мэдлэгт тулгуурласан хөгжлийн цогц бодлоготой” /нэр дэвшигч Лу.Гантөмөрийн үг/ нам болох хөрс суурь энэ сунгаагаар тавигдаж байна. Бие биеийнхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэсэн таван янзын үзэл бодолтой, таван янзын намтар түүхтэй, таван янзын хүсэл тэмүүлэлтэй таван нэр дэвшигчээс тэр нь илүү энэ нь дутуу гэх арга үнэндээ байгаагүй юм. "Эвтэй таван нэр дэвшигч”, "Сумтай таван нэр дэвшигч” гэх мэтээр элдвээр цоллуулсан энэ таван хүний нэг нь ялж нөгөөдүүл нь ялагдаж таараа. Үүнийг тэд өөрсдөө ч сайн мэдэж байгаа.
Намын даргын сунгаа эхэлсэн мөчөөс л тэд нэг нэгнийхээ өрсөлдөгч болсон. Гэхдээ намын дарга нь монгол түмний эв эеийн сонгодог сургааль болох Алунгоо эхийн домгийг үндэслэн таван сум багцлан атгуулсан нь нэгдүгээрт хайр найргүй өрсөлдөөнийг биш харин эвийн хүчийг чухалчилсан том сурталчилгаа болсон байв. Хоёрдугаарт юунд ч үл дийлдэх хүчийг билэгдсэн байлаа.
Түүнчлэн билээ. Монгол орны дөрвөн зүг, найман зовхист хүрч намын гишүүдтэйгээ уулзсан тэдэнд намын нь гишүүд өөрсдийн нутаг усны онцлог, хүсэл сэтгэлийг шингээсэн билэгдэлийн шинж чанартай зүйлс буюу морин хуур, ташуур гэх мэтийг бэлэглэж амжилт хүссэн нь сайн санасанд нь сайнаар, муу санасанд нь муугаар хэлэх шалтаг шалтгаан болсныг хэлэх юун. Хамгийн гол нь "эвтэй таван нэр дэвшигч”-ийг эвдрэлцүүлэх "бор шувуу” сөрөг намуудаас байнга нисч байлаа.
Гэсэн ч таван нэр дэвшигч үүнийг үл тоон, хахир хүйтнийг сөрөн хол замыг туулж, нэгнээсээ нэг алхам ч салахгүй нэг буудалд хоноглож, нэг тогооноос хооллож тун эвтэй найртай явсан нь монгол хүний уужуу талбиун зангийн илрэл байв. Түүнчлэн Ардчилсан намынхан ямагт шинэчлэлийн тугийг өргөгч, манлайлагч байж чаддаг гэдгээ харуулав.
Намын даргаа нийт гишүүдийнхээ саналаар сонгох, анхан шатны үүрүүдийнхээ дарга нарыг төдийгүй УИХ-д нэр дэвшигчдийг тэр бүү хэл ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хүртэл сунгаагаар тодруулах нь хамгийн эрүүл үзэгдэл юм. Тийм ч учраас гадны хөгжилтэй орнуудын баруун төвийн үзэлтэй намуудад ийм сунгаа уламжлал болсон гэдгийг энэ дашрамд сонирхуулах нь зөв байх. Жишээ нь Их Британийн консерватив нам даргаа яг л энэ аргаар сонгодог. Намын даргын сонгуулийг парламент дахь консерватив намын "Хороо 1922” гэгч бүлгэм зохион байгуулдаг. Сонгуульд нэрээ дэвшүүлэгч нь парламентын дор хаяж хоёр гишүүний батлан даалтыг авсан байх ёстой.
Хэрэв нэр дэвшигчдийн тоо гурав буюу түүнээс их болсон тохиолдолд консерватив намын парламент дахь бүх гишүүд тэднийг шигших сонгуульд оролцож, сонгууль хэд хэдэн үе шаттай болдог. Үе шат болгонд хамгийн бага санал авсан нэр дэвшигч хасагддаг бөгөөд ингэж сонгосоор эцсийн дүндээ хоёр нэр дэвшигч үлддэг. Хоёр нэр дэвшигч үлдсэн үед намын бүх гишүүд сонгуульд оролцож намын даргаа сонгодог уламжлалтай.
Хамгийн сүүлд 2016 оны зун болсон сонгуульд нийт таван нэр дэвшигч өрсөлдөж парламент дахь бүлгийн гурван шатны сонгуулийн дараа Тереза Мэй, Андреа Ледс хоёр тунаж үлдсэн билээ. Нэр дэвшигчдийг эцэслэн сонгохын тулд консерватив намын 150 мянган гишүүн захидлаар саналаа өгч мөн оны 9-р сард дүнг нь зарлах ёстой байлаа. Гэвч Андреа Ледс өрсөлдөхөөс татгалзсан учир Тереза Мэй цорын ганц нэр дэвшигч болж намын тэргүүнээр сонгогдсон юм. Улмаар тухайн үеийн Ерөнхий сайд Дэвид Камерон түүнийг хатан хаан Елизабетад өргөн мэдүүлсэнээр 7-р сарын 13-нд Британийн түүхэн дэх хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайдаар батламжлагдсан билээ. Гэхдээ консерватив намынхаас бага зэрэг ялгаатай. Тухайлбал өнгөрсөн сард Брекситтэй /Британи улс Европын холбооноос гарах тухай/ холбоотой улс төрийн цуврал хямралын үр дүнд лейборист намын парламент дахь гишүүд тухайн үед намын дарга байсан Жереми Корбинд итгэл үзүүлэхээс татгалзаж, ээлжит бус сонгууль зарласан байлаа. Сонгуульд нийт дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн ч сүүлийн шат буюу санал асуулгын шатанд Жереми Корбин, Оуэн Смит нар тунаж үлдсэн юм. Ингээд тэдний нэрсийг бичсэн саналын хуудсыг сонгогчдод түгээсэн байв. 640 мянган хүн сонгуульд оролцсон нь өмнөх сонгуульд оролцсон хүмүүсээс 80 мянгаар их байсан гэдэг. 640 мянган хүний 343 мянга нь намын идэвхтэй гишүүн, 168 мянга нь Үйлдвэрчний эвлэлээс тодруулсан сонгогчид, 129 мянга нь тус бүр 25 фунт стерлинг төлж сонгох эрх авсан намын шинэ залуу гишүүд болон дэмжигчид байв.
Сонгуульд оролцохын тулд ийнхүү нэг ёсны "такс” төлсөнөөр намын нь санхүүд 3.2 сая фунтын "орлого” орсон гэсэн тооцоо гарсан байлаа. Энэ сонгуульд Ж.Корбин 61,8 хувийн санал авч намын даргаар сонгогдсон юм. Ганц Их Британи ч биш Герман гэх зэрэг барууны орнуудын улс төрийн намууд ч даргаа яг л ийм зарчмаар сонгодог гэдгийг улс төр сонирхогчид мэдэх биз ээ. Тэд эртнээс ийм арга замаар намын даргаа сонгосоор ирсэн учир нэгдмэл, хүчирхэг байдаг нь ойлгомжтой.
Харин манай улсын хувьд анх удаа АН нийт гишүүдээрээ хэлэлцүүлэн даргаа сонгож байгаа нь яалт ч үгүй олон нийтийн анхаарлыг татсан цочир сонин үзэгдэл болж байна. Цаашид энэ нь уламжлал болж өөр бусад намууд ч гэсэн даргаа ингэж сонгодог болбол нам доторх нутаг нуга, төрөл садангийн "цус ойртолт” арилж цэвэрших нь тодорхой. Хэн их хор найруулсан нь намын их хурлын төлөөлөгч нэртэй хэдэн гишүүний "тархийг угаах” замаар эсвэл саналыг нь "худалдах” замаар дарга болдог нь нууц биш учраас намынхаа даргад сэтгэл дундуур явдаг, намынхаа удирдлагыг шүүмжилдэг гишүүн зөндөө байдаг билээ.
Өнгөрсөн зун болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд АН-ын олон гишүүн эсрэг намдаа санал өгсөн болох нь МАН-аас нэр дэвшигчид бараг бүх тойрогт ялалт байгуулж, парламент дахь 76 суудлын 65-ыг нь авсан явдлаас харагдаж байгаа юм. Дан ганц МАН-ын гишүүд тэднийг сонгоогүй АН-ын гишүүдийн санал ч бас тэднийг гаргаж ирсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой. АН-ын гишүүд яагаад ийнхүү намаасаа нүүр буруулав гэхээр намынхаа удирдлагад итгэл алдарсаны, намынхаа удирдлагын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байсны л шинж. Одоо харин бүх гишүүд санаа оноогоо шингээж, бүгд оролцон даргаа сонгох учраас энэ нам эрүүлжин шинэчлэгдэх нь дамжиггүй.
Ямар ч байсан энэ удаа намдаа бугшсан идээ бээрийг нэлээд сайн шахчихлаа. Монголын бусад улс төрийн хүчнүүдэд жишиг болох улс төрийн ардчилал, соёлыг түгээж чадлаа.
Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Галсансүх