Өмнөх
Засгийн газрын үед иргэдийн хамгийн их хандаж тулгамдсан асуудлаа
шийдүүлдэг байсан 1111 төвийг эдүүгээ ажиллуулахгүй болсон. Тиймээс
"1111 төв”-ийг сэргээн байгуулсан болон Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар
"Иргэнээ сонсох 11-11 төв” ТББ-ын тэргүүн М.Хүдэрбаатартай ярилцлаа.
-1111
төв байгуулагдаад Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар хэвлэлийн хурал
хийлээ. Ер нь Олон нийтийн 1111 төвд хэдэн санал ирсэн бэ?
-Манай
төв байгуулагдаад сар хүрэхгүй энэ хугацаанд иргэдээс 500 гаруй санал
ирлээ. Багцалж үзвэл, ирсэн саналын 70 орчим хувь нь энэ хаврын онцлох
сэдэв болсон Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 27 жилийн турш бугшсан авлига,
шахааны бизнес, албан тушаалын гомдол байлаа. 30 орчим хувь нь
өнөөдрийн засаг төрийн хүнд суртал, эдийн засгийн доройтол, иргэдийн эрх
зөрчигдсөн асуудал зонхилж байгаа. Ер нь ажиллагаагүй болсон 1111
төвийн үйл ажиллагаа иргэдэд маш их үгүйлэгдсэн нь шууд ажиглагдаж
байна.
-Танай
1111 төвийн дэлгэж хөндсөн ноцтой мэдээлэлд итгэхгүй хүмүүс байгаа
болов уу. Та хэвлэлийн хурлаар ярьсан асуудлуудаа баримтаар нотолж
чадах уу?
-Хүнийг
хэлмэгдүүлэх, хэвлэл мэдээлэл, сошаалиар яллахгүйн тулд нотлох баримт
дээр бид шаардлага тавьж байдаг. Өнгөрсөн долоо хоногийн хэвлэлийн
хурлаар мэдээлсэн Эрдэнэт үйлдвэрийн 21 захирлын гурван жилийн хугацаанд
цалин, улирлын урамшуулал нэрийн дор хувьдаа завшсан 20 тэрбум төгрөг,
сард нэг захирлын авч байгаа 9000 ам.долларын цалин, улиралд авдаг 40
мянган ам.долларын урамшуулал, шинэхэн томилогдсон захирал амьдарч буй
байраа 25 сая төгрөгөөр засуулсан тухай мэдээлэл бүгд хөдлөшгүй нотлох
баримттай. Гэвч ирсэн саналын зарим хэсэг нотлох баримтын шаардлага
хангахгүй тал байгаа. Гэвч хэдий нэг хүний үг мэт боловч бодит байдал
дээр бүгд л үнэн гэдгийг хүн бүр ам дамжин ярьдаг олон мэдээлэл байна.
Ер нь эндээс нэгтгэж дүгнэхэд, олон нийт заавал төрөөр өөрийгөө
тэжээлгэх гэж энэ их мөнгө, авлигалд бухимдаад байгаа юм биш зүгээр л
ард түмний баялгийг шударга бус хэдэн хулгайч завшиж байгаа нь
илэрхий байна. Мөн өнөөдрийн төр засгийн эдийн засаг муу байгаа нэрийн
дор жирийн иргэдийн татварыг нэмж, хөгшдийн тэтгэврийн насыг уртасгах
гэж байгаа атлаа өөрсдөө хэтэрхий үрэлгэн, тансаг, шуналтай байгаад
дургүйцсэн гомдол нь хилэгнэл болж байгаа нь илт байна.
-Цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Хүрэх үр дүн нь юу вэ?
-Цаашид
бид өөрсдийн тавьсан зорилгынхоо төлөө эцсийг нь үзэхийн тулд тэмцэх
болно. Энэ нь хууль шүүхийн өмнө дарга, жирийн иргэн аль аль нь тэгш
эрхтэй байж, шударга ёс нэг мөр үйлчилдэг болсон үед зогсоно гэсэн үг.
Үнэндээ Эрдэнэт үйлдвэрийн төрийн өмчийг завшсан, шамшигдуулсан асуудал
бол ард түмний нүдэн дээр ил байгаа ердөө нэг л жишээ төдийхөн. Тиймээс
бид 1111 төвд ирсэн иргэдийн мэдээлэл дээр анализ хийж байна. Тэдгээрээс
нотолгоо, баримттайг нь ялгаж, ирсэн дарааллаар нь олон нийтэд
шатлалтай мэдээлж, төрийг өөрийн үйл ажиллагаандаа зөвөөр тусгаж бодитой
өөрчлөлт хийхийг шаардах болно. Мөн олон тохиолдолд мэдээллийн нууц
байдал, мэдээлэгчийн аюулгүй байдлын төлөө ирсэн мэдээллийн эх
сурвалжийг нь нууцалж, нийтэд нээлттэй болгох хэрэгцээ тулгарч байна.
-Ийм ноцтой баримт дэлгэж тавихаар элдэв дарамт шахалт тулгарч байна уу?
-Өнөөдөр
дэлгэхгүй бол маргааш бид баян хоосны асар их ялгаатай, боол зарц,
хааны засаглалтай бурангуй шударга нийгмийг үр хойчдоо өвлүүлэх гээд
байна. Тиймээс хувь хүн талаасаа манай багийнхан айж, хулчийгаад байх
зүйл алга.
Нөгөөтэйгүүр
сайн ч, муу ч өнөөдөр бид феодаль, 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед
амьдраагүй. Ардчилсан чөлөөт нийгэмд шилжээд 20 гаруй жил болж байна.
Хэн нэгэн албан тушаалтан, дарга цэргээс айж ард түмэн амаа үдүүлэх цаг
өнгөрсөн. Үнэндээ биднийг хэвлэлийн хурал хийж, энэ мэдээллийг
дэлгэснээс хойш төрийн зүгээс төрөл бүрийн дарамт шахалт цаг тутамд ирж
байна. Гэхдээ нөгөө талаар энэ ноцтой баримтыг дэлгэснээр бүр ноцтой
баримтууд манай 1111 төвийн утсаар болон шуудангаар ирсээр байгаа.
Нийгэмд бугшсан энэ их завхарсан тансаглал, түмэн олны мөнгөнөөс
шамшигдуулсан үйлдлийг бид цаашид нийтэд заавал дэлгэнэ. Дэлгээд
зогсохгүй тэдгээр хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх болно. Зөвхөн
дарга нар баян тансаг, ард түмэн ядуу зүдүү амьдрах нийгмийг бүтээхийн
тулд 27 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийгээгүй юм.
-Эрдэнэт 100 хувь төрийн өмч болсноор дарга нарын тансаглал зогсох уу?
-Үүн
шиг үлгэрийн зүйл байхгүй ээ, товчхондоо. Би танд бүр тодорхой ганц
жишээ, баримт хэлье. Оросын тусгай аудитийн хийсэн шалгалтаар Монгол
Улсын 51 хувиа эзэмшиж байсан сүүлийн 26 жилийн хугацаанд нийт дарга
албан тушаалтны хийсэн шахаа 6.1 тэрбум ам.доллартай тэнцэж байна.
Чингис бондоос дөрөв дахин их мөнгийг дарга нар, тэдний хүүхдүүд хувааж
идсэн гэсэн үг. Одоо төрийн 100 хувийн өмчид шилжсэнээр энэ тоо таван
жилийн дотор 60 тэрбум ам.доллар болж өсөхийг үгүйсгэхгүй шүү дээ. Идсэн
хүн бүр бизнес хийж үзээгүй мөртөө утаагүй уулын аманд хэдэн тэрбумын
хаусанд амьдарч, хэдэн иргэд нь утаа, нүүрс, хүйтэн гэртээ XXI зуунд
амьдарсаар байна. Судалж тогтоосон 6.1 тэрбум ам.доллар гэдэг чинь
өнөөдрийн ханшаар 15 триллион төгрөг. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд
шахаачдын халаас руу орсон мөнгөөр 7500 цэцэрлэг, 3000 сургууль, 1000
эмнэлэг барих боломжтой байлаа шүү дээ.
-Таныг хүмүүс Ардчилсан намынх гэж мэднэ. Таны явуулж байгаа үйл ажиллагаа хэн нэгний захиалгынх гэж хардах хүн байгаа л байх?
-Та
шулуухан хэл л дээ. Хүдэрбаатар нөхдийн хамт Ерөнхийлөгчийн сонгуулийн
өмнө шоудаж, Ардчилсан намаас дэвших нэр дэвшигчид оноо авчирах гэж
байна хэмээн нэлээд хэдэн хүнээс ам дамжин сонссон. Ер нь бол наад яриа
чинь томилогдсон өдрөө 300 саяын машин авч, өөрийн байрандаа 200 саяын
тавилга авч улсын мөнгөөр ичихгүй ямбалах орчноо бөөцийлдөг хувалзнуудын
яриа. Энэ толгой мөрөн дээр байгаа цагт хэн нэгний захиалгаар би
явахгүй. Үүнийг цаг хугацаагаар нотолсоор ирсэн нь миний зарчим. Бидэнд
захиалагч байгаа бол тэр нь гагцхүү ард түмэн, 1111 төвийн мэдээлэгчид
байх.
-Энэ төрийн мөнгийг завшсан олон асуудлаар та хууль шүүхийн байгууллагад хандах уу. Хандахаар бол хэчнээн хүнд холбогдуулах вэ?
-Угаасаа
эрх чөлөө гэдэг өөрийн үйлдэлдээ эзэн болж, алдаан дээрээ хуулийн дагуу
хариуцлага хүлээхийг л хэлнэ. Энэ утгаараа Монгол Улсын хууль тогтоомж
хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол хариуцлага хүлээлгэмээр байна.
Шүүх эрх мэдэлтэй, ардчилсан соёлт нийгэмд амьдарч байгаагаа
ухамсарлаж, бид шаардлагатай асуудал дээрээ хууль журмынх нь дагуу
гомдол мэдээлэл гаргана. Дэмжих, нотлох баримтуудыг нь бас өгнө. Энэ
асуудалд эрх баригч намын нөлөө бүхий хүмүүс холбоотой учраас хууль
шүүхийн байгууллага шударга шийдвэрлэх эсэхийг анхааралтай ажиглаж,
шаардлагатай бол иргэний нийгмийн бусад байгууллагатай хамтарч хяналт
тавьж ажиллах болно. Магадгүй бидний хүссэн үр дүн гарахгүй ч байж
болно. Гэхдээ бид шударга ёсыг тогтоохын төлөө ард түмний дуу хоолойг
хүргэх зүтгэл маань олон нийтээс улам дэмжлэг авна гэдэгт итгэж байна.
-Засгийн
газраас Эрдэнэт үйлдвэрийн санхүүд шалгалт хийсэн гэсэн. Иргэдээс та
бүхэнд ирүүлсэн санал гомдол энэ шалгалтад хамрагдсан уу?
-Засгийн
газрын шалгалт гэж юу байх вэ дээ. Үнэхээр л шалгалт хийсэн юм бол энэ
бүх асуудлыг гаргаж тавих байлгүй. Хоёр хар хэрээ бие биеийнхээ харыг
гайхав гэгчээр өөрийнхөө томилсон захирлаас "но” илрүүлж чадна гэдэгт
хэн ч итгэхгүй. Тэр шалгалтын дүн нь олон нийтэд ил болж, танилцуулах
үед тодорхой болно биз. Шалгасан л гэж найдья.
-Өмнө
нь Засгийн газрын 1111 төв ажиллаж байхад иргэдийн санал, хүсэлт,
гомдлыг нээлттэй авч, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч
хэрэгжүүлж эргэн тайлгнадаг байсан. Одоо танай төв үүнээс ямар ялгаатай
вэ. Гомдол, саналын мөрөөр арга хэмжээ авч чадах уу?
-Өмнөх
Засгийн газрын 1111 төв бол төрийн хүчээр ажилладаг байсан том аппарат
байсан. Тиймээс иргэдийн санал, гомдол бүрийг барагдуулах хүч бидэнд
байхгүй. Бид энэ улсад болж байгаа хамгийн шударга бус, авлигажсан үйл
явдлыг онцлох сэдвээр зарлаж, түүнийхээ араас олон нийтийн санал авч
байгаа. Мөн хүний хэлсэн санал бүрт санаа тавьж, олон жижиг зүйлтэй
хөөцөлдөөд ямар ч үр дүнгүй зүгээр нэг хүний гомдол сонсдог "шүдгүй
арслан” болох аюултай. Энэ хаврын онцлох сэдэв бол Эрдэнэт үйлдвэрийн 51
хувийн булхай. Гэхдээ уг сэдвээ мэдээж ингээд дуусгахгүй.
-Төрийн
өмчийн компаниудын захирлуудын улирлын цалин 40000 ам.доллар гэж байна.
Гэтэл жирийн иргэдийн татварыг нэмж, тэтгэвэр бууруулж байгаа талаар
таны бодол?
-Хамар
доорх төрийн өмчийн компанийнхаа захирлын тансаглалыг танаж, ордон
дүүрэн төрийн албан хаагчдыг цуглуулдагаа больж чадахгүй байж бүсээ
чангалахаа бид өөрсдөөсөө эхлэх ёстой гэж жүжиг тавихаа болих хэрэгтэй.
Төрийн өмчийн компанийн нэг л хүн 300 саяар машин, 200 саяар тавилга авч
байхад хүүхдийн 20 мянган төгрөгийг хасаж, хүн амын орлогын албан
татварыг 20 хувиар нэмнэ гэдэг бол энэ улс оронд тулгараад байгаа гүн
эмгэнэл болоод байна. Ер нь шулуухан хэлэхэд ажилд томилогдсон анхны
өдрөө 300 саяар машин авна гэдэг ганцхан Эрдэнэт үйлдвэрийн дарга
Х.Бадамсүрэнгийнх биш өнөөдрийн МАН-ын дарга нарын завхрал юм.
Эх сурвалж: Мminfo.mn