Хоёрдугаар сарын нэгний өдөр Мьянмарт цэргийн эргэлт гарч, тус улсын Ерөнхийлөгч, төрийн зөвлөх Аун Сан Су Жи нарын өндөр албан тушаалтнуудыг баривчилснаас хойш Мьянмарт төрийн эргэлтийг эсэргүүцсэн олон нийт жагсаал цуглаан зохион байгуулсаар байгаа юм. Анхандаа цэргийнхэн энэ жагсаалыг хүчээр тараах гэж оролдоогүй ч аажмаар иргэдийн эсрэг хүч хэрэглэн, улмаар өнгөрсөн ням гарагт байлдааны сум ашиглан иргэд рүү бууджээ.
Тодруулбал, ням гарагийн өглөө Мьянмарын цагдаагийнхан төрийн эргэлт хийсэн цэргийнхнийг эсэргүүцэж буй жагсагчдын эсрэг байлдааны сумаар буудаж эхэлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Амралтын өдрүүдэд Мьянмарын олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсөн бөгөөд Тавой хотод цагдаагийнхан жагсагчид руу гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Түүнчлэн Янгон хотод ч жагсагчдын эсрэг буудсан талаарх мэдээлэл гарчээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ хотод жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, гэрэлт дуут гранат ашигласан ч жагсаал үргэлжилсэн тул цагдаагийнхан байлдааны сум ашигласан гэнэ.
"Биднийг цуглаж эхэлмэгц цагдаагийнхан буудаж эхэлсэн. Ямар ч сануулга өгөөгүй, хэд хэдэн хүн шархадсан, зарим багш нар ойролцоох байшингуудад нуугдсан" хэмээн нэгэн жагсагч Франс Пресс агентлагт ярьжээ.
Ройтерс агентлаг Янгоны эмч нараас авсан эх сурвалжтайгаар энэ хотын нэг жагсагч цээжиндээ шархдан эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан хэмээн мэдээлжээ. Эмч болон орон нутгийн албан тушаалтнууд Франс-Пресс агентлагт мэдээлэл өгөхдөө зургаан хүн амиа алдсан гэсэн бол Ройтерс нийтдээ долоон хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна.
Гуравдугаар сарын нэгний өглөө олон улсын хэвлэлүүдээр гарсан мэдээллээр, жагсаалд оролцсон 18 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархаджээ. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын тэргүүн Антониу Гутерриш цэргийнхнийг нэн даруй хүчирхийллээ зогсоохыг уриалсан байна.
Амиа алдсан хүний тоо цаашид энэ тоо өсч болзошгүй бөгөөд ингэснээр өнгөрсөн ням гараг хоёрдугаар сарын нэгэнд гарсан эргэлтээс хойших Мьянмар дахь хамгийн цуст өдөр болж байгаа юм.
"Биднийг сөхрүүлж чадахгүй"
Жагсаалын үеэр зарим жагсагчид уриа лоозон хашгирч, дуу дуулж, нөгөө хэсэг нь бэхлэлт барьж байсан гэнэ. "Тэд бидэн рүү ирвэл бид босно. Бидэн рүү халдвал бид өөрсдийгөө хамгаална. Цэргийн гутлын өмнө биднийг сөхрүүлж чадахгүй" хэмээн нэгэн жагсагч өгүүлснийг Ройтерс дамжуулжээ.
Мьянмар даяарх эсэргүүцлийн арга хэмжээ бямба гарагт ч болсон байна. Тэднийг нулимс асгаруулагч хий, гэрэлт дуут гранат ашиглан тараасны дээр, цагдаагийнхан анхааруулга болгон агаарт хий буудаж байжээ. Мьянмарын улсын телевизийн мэдээлснээр, бямба гарагт нийтдээ 470 хүн баривчлагджээ.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийнхэн шинэ парламентын анхны чуулганыг тасалдуулан, хотоор цэргийн алба хаагчдыг байршуулж, Аун Сан Су Жи, Ерөнхийлөгч Вин Мьин нарыг баривчлан гэрийн хорионд оруулснаас хойш Мьянмарт эсэргүүцлийн жагсаал намжихгүй байгаа юм. Цэргийнхэн төрийн эргэлт хийснийхээ дараа тус улсад жилийн хугацаанд онц байдал тогтоон, томоохон хотуудад 20.00-04.00 цаг хүртэл хөл хорих цаг тогтоосон.
Цэргийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаалыг цагдаагийнхан тараахын тулд анхандаа нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу зэргийг ашиглаж байсан бол сүүлийн үед галт зэвсгээр буудсан тохиолдлууд хэдэнтээ гарч байжээ.