Хакүхо: Тэрүнофүжигийн дор ажиллахад надад асуудал гарахгүй


Хакүхо: Тэрүнофүжигийн дор ажиллахад надад асуудал гарахгүй

 

Хакүхо М.Даваажаргал сүмогийн холбооноос гарахаа мэдэгдэж, багагүй шуугиан дэгдээсэн. Түүнийг сүмогийн холбоондоо үлдэж, дэвжээний багш, дасгалжуулагч болох зорилгоо бүү хаяасай гэж монгол, япон сүмо сонирхогчид хүссэн ч тийм зүйл болсонгүй.

Дээд зиндаанд 45 удаа түрүүлж, рекорд тогтоосон тэрбээр зодог тайлсныхаа дараа Мияагино дэвжээг өвлөн авч багагүй хугацаанд амжилттай удирдсан. Харамсалтай нь түүний шавь Хокүсэйхо А.Даваанинжийн зохисгүй үйлдлүүд илчлэгдэж, Хакүхо ч давхар хариуцлага хүлээн дэвжээг нь Исагэхэма дэвжээ рүү шилжүүлсэн.

Мияагино дэвжээний ирээдүй бүрхэг, хэзээ эргэн үйл ажиллагаа нь сэргэх нь тодорхойгүй байсан нь Хакүхогийн тэвчээрийг барсан аж. Эцэстээ тэрбээр сүмогийн холбоог орхихоор болов. Гэхдээ сүмогийн спортыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлаа үргэлжлүүлэн хийхээ мэдэгдсэн. Түүний "Хакүхо кап" тэмцээн олон улсад алдартай билээ.

Нөгөө талд Хакүхог Исэгахама дэвжээний шинэ ояката буюу багш болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй хувийн харилцаа тааруу, хоорондоо зөрчилдөөнтэй гэх яриа гарсан. Үүний улмаас ч Хакүхог Тэрүнофүжигийн дор ажиллаж чадахгүй учир сүмогийн холбоог орхиж байна гэв. Тэгвэл энэ асуудалд Хакүхо хариулахдаа "Тэрүнофүжигийн дор ажиллахад надад ямар ч асуудал гарахгүй" гэжээ.

Ийнхүү Хакүхо сүмогийн холбооноос гарч, дараагийн замналаа эхлүүллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.