Башёгийн зургаадахь өдөр Хакүхо аварга Окиноумиг дэвжээний захад татаж шахан цээжээ эргүүлэн гайхалтай уран барилдаан үзүүлж давсан билээ. Харин дэвжээний шүүгч Окиноумид ялалт заасан. Захын шүүгч нар хэлэлцсэний эцэст Аварга Хакүхог давсанд тооцсон билээ.
Мөн озеки Кисеносато Айояаматай барилдсан бужигнасан сонирхолтой барилдааны шүүлт олны анхаарлыг татсан. Хоёр бөх бужигнуулж барилдан Айояама озекиг дэвжээнээс түрэн гаргасан ч гэсэн шүүгч нар хэлэлцэж Озекид ялалт өгсөн билээ. Айояама дэвжээний захын олсон дээр гишгэн хөлийн хуруу нь ялимгүй элсэн дээр хүрсэн байсан нь сүүлд бичлэгээс тодорхой болсон.
Тэгвэл өчигдрийн барилдаанд маэгаширагийн манлайд бичигдсэн Ичиножёо А.Ичинноров озеки Гойёдотой барилдсан барилдаан шүүлтийн гайхамшигийг харуулав. Эхний барилдаанд Ичиножёо озекигийн дайралтыг нь зогсоон дэвжээний зах руу түрсэн боловч хашир арслан мушгисан юм. Хоёр бөх хоёулаа газар унахад дэвжээний шүүгч Гойёдод ялалт заасан. Манай залуу хүчтэн Ичиножёо бэлтгэлийн өрөө рүүгээ явах агшинд нэг шүүгч нь гараа өргөн, шүүгч нар хуралдаж эхлэв. Ингээд хоёр бөхийг зэрэг өвдөг шороодсон хэмээн үзэж дахин барилдууллаа. Хоёрдахь барилдаанд Озеки хүчтэй дайран давуу байдал олж аван дэвжээний зах руу шахах мөчид Ичиножёо мэдрэмжтэй зайлж мушгин чухал ялалт авсан юм.
Мэргэжлийн сүмогийн шүүгч нар мөн мэргэжсэн хүмүүс байдаг бөгөөд тэд холбооноосоо маш их үүрэг хариуцлага үүрсэн хүмүүс байдаг аж. Тэр хэрээрээ цалин урамшуулал амьдралын баталгаатай болсон хүмүүс байдаг гэнэ. Мөн Япон улс техник, технологи өндөр хөгжсөн орон учраас бичлэг хийж, шүүгч нарт тусалж байдаг бүхэл бүтэн баг ажилладаг юм байна. Хакүхо аваргын Окиноумитай хийсэн барилдаанд Окиноумид ялалт заасан шүүгч гурван өдөр дэвжээнд гарах эрхээ хасуулсан юм байна.
Өнөөдөр арванхоёрдахь өдрийн барилдаанууд явагдана. Башёг Хакүхо аварга ганцаараа уналгүй 11 даваатай тэргүүлж байна. Түүний араас Харүмафүжи нэг , гуравдугаар эгнээнд Шохозан хоёр унаатай удаалж байгаа юм. Үлдсэн таван өдөр гурван аварга, дөрвөн озеки нарын хоорондох барилдаанууд маш сонирхолтой өрнөх биз ээ.
Ч.Амартүвшин
Сэтгэгдэл