Башар Асадын дэглэмийг өнгөрсөн оны эцсээр унагаснаас хойш Сирид парламентын анхны сонгууль хэдхэнхоногийн өмнө (энэ сарын 5-ны ням гаригт) болов. Энэ сонгуулиар бий болсон парламент шинэ Үндсэн хууль баталж, бүх нийтийн сонгууль хийх хүртэл ажиллах юм байна.
Ардын хурал (парламент) нь 210 депутаттай байх бөгөөд гуравны хоёрыг буюу 140-ийг нь сонгож, үлдсэнийг нь түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа томилно. Саяны сонгуулиар 119 гишүүнийг сонгож, 70 хүнийг тун ойрын үед Ерөнхийлөгч нь томилохоор болоод, 21 суудал сул үлдээд байгаа аж.
Шинэ парламентад зургаан эмэгтэй сонгогджээ. Энэ нь сонгогдсон 119 гишүүний ер дөө дөрвөн хувь юм. 10 суудлыг шашны болон үндэстний цөөнх авчээ. Тэдний дотор Ерөн хийлөгч Асадын харьяалагддаг алавит үндэстэн хоёр байгаа гэнэ.
Сирийн төв нутгаас сонгогдсон хүний эрхийг хамгаалагч, улс төрийн идэвхтэн эмэгтэй Нур ал-Жандали “Эрх чөлөө, шударга ёсонд үндэслэн улс орноохэрхэн сэргээн босгох амин чухал асуудал Ардын хурлын өмнө хүлээгдэж байгаа бөгөөд төрийн бодлогыг төлөвлөхөд эмэгтэйчүүд бодитой, идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна.
Сирид сонгуулиа шууд санал хураах журмаар явуулж парламентын гишүүдээ сонгосонгүй, сонгогчдын төлөөлөл энэ үүргийг гүйцэтгэснээс уг үйл явдлыг ардчилсан зарчимд нийцэхгүй гэж шүүмжлэгчид үзэж байна. Түүнчлэн аюулгүй байдлын үүднээс 14 мужийн гуравт нь сонгууль хийсэнгүй. Эдгээр мужид долоодугаар сард үндэстнүүдийн хооронд мөргөлдөөн болжээ. Нийт 1578 хүнээс сонголт хийсний 14 хувь нь эмэгтэй байв. Тэдэнд “өмнөх дэглэмийг дэмждэггүй байх” гэсэн шаардлага тавьсанаж. Мөн аливаа салан тусгаарлах үзлийг талархдаггүй байх ёстой гэсэн шалгуур тавьсан юм байна.
Шууд сонгууль явуулах боломж одоогоор байхгүй гэж есдүгээр сард Аш-Шараа мэдэгджээ. Дотооддоо нүүж буйр сэлгэдэг, хилийн чанадад аж төрдөг сири хүн олон байгаагаас тэдэнд хүчинтэй баримт бичиг байдаггүй нь үүнд нөлөөлж буй нэг хүчин зүйл аж. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр анх удаа үг хэлэхдээ Аш-Шараа энэ зун Засгийн газрын цэрэгтэй тулалдаж цус урсгасан болон Асадын үед ёс бус үйлдэл хийсэн хүмүүст хариуцлага хүлээлгэнэ хэмээн амласан. Мөн “шинэ улс байгуулах, ялгаварлалгүйгээр бүх хүний эрхийг баталгаажуулсан институт, хуулиуд бий болгох замаар Сирийг сэргээн босгоно гэж мэдэгдсэн байна.
Арав гаруй жил үргэлжилсэн иргэний дайнд 600 мянга гаруй хүнээ алдаж, 12 сая хүн орон гэрээ орхихоос нэг жилийн өмнө буюу2010 онд хийсэн хүн амын тооллогод үндэслэн саяны сонгуульд улс орноо 60 тойрог болгож хуваасан гэнэ.
Парламентын нэлээд гишүүнийг Ерөнхийлөгч бие даан сонгохоос Сирийн олон нийтийн зарим байгууллага нэлээд сэрэмжилж, Аш-Шараа парламентад өөрийн гэсэн нөлөөтэй болох вий гэсэн байр суурьтай байжээ. “Сонгогчдын бодол санааг тусгаагүй бүтэц парламентыг эмзэг болгож, төлөөллийн шинж чанарыг нь алдагдуулж, ард түмний санал бодлын тусгал, бие даасан байх ёстой институтийг гүйцэтгэх эрх мэдэл давам гайлах байдалтай болгоно” гэж тэдний хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байв.
2024 оны эцсээр Башар Асадын дэглэмийг унагахад оролцсон босогчдын удирдагч байсан Ахмет аш-Шараа 2025 оны нэгдүгээр сард түр Ерөнхийлөгч болсон юм. Бүх сири хүний эрх ашгийг хамгаалж, эмэгтэйчүүд болон үндэстний цөөнхийн эрхийг дээдэлж улс орноо үнэнчээр удирдах шилжилтийн Засгийн газар байгуулж, дараа нь чөлөөт, шударга сонгууль явуулна. Шилжилтийн энэ үе дөрвөн жил болж магадгүй гэж аш-Шараа тэгэхэд амлаж байжээ. Гуравдугаар сард 23 сайд бүхий Засгийн газраа байгуулсан юм. Асадын эсрэг дайтсан бүлэглэлүүд Батлан хамгаалах яамны хүчний бүрэлдэхүүнд орохыг зөвшөөрчээ.
Аюулгүй байдлыгсахих үүднээс энэ удаад сонгууль явуулаагүй Ракка, Хассеке мужид түр Засгийн газартай зөрчилддөг “Сирийн ардчилсан хүчнүүд” хэмээх бүлэглэлийн курдүүд үндсэндээ эрх мэдлийг нь барьж байдаг юм байна. Харин АНУ-ын дэмжлэг хүлээсэн курдийн сайн дурынхан Сирийн шинэ Засгийн газрын хантай нэгдэхийг зөвшөөрчээ.
Сувеиде мужид ч төв Засгийн газрын нөлөө муу байгаа юм байна. Зун чухам энд Засгийн газрын цэрэгтэй цус урсгасан тулаан хийсэн юм байна.
https://www.unuudur.mn/a/278070
Сэтгэгдэл