
Женевт тун чухал үйл явдал эхлээд байгаа нь Сирийн асуудлаарх яриа хэлэлцээ юм. Гол нь энд сиричүүд, тодруулбал одоогийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэн нь хэл амаа ололцох зорилготой.
Тэдэнд зуучилж буй улсууд бий. Гадаадын хэвлэлүүдэд бичиж буйгаас үзвэл энэ дипломат хүчин чармайлт тасрах, үр дүнгүй болоход хүргэж мэдэх хэд хэдэн саад байгаа бололтой байна.
Урьдчилж төлөвлөснөөр бол яриа хөөрөө өнгөрсөн сарын 25-29-нд болох байв. Харин үүнд хэн хэнийг оролцуулахаа шийдэх, хэлэлцээгээ эхлэхээр тохиролцоход энэ хугацаа хүрэлцэх, эсэхэд эргэлзэж байлаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 24-48 цагийн хугацаанд байдал тодорхой болно гэж даваа гаригт мэдэгдсэн.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Стаффан де Мистура энэ үйл ажиллагаанд оролцуулах талуудад өнгөрсөн сарын 24-нд урилгаа явуулсан байх ёстой.
Даваа гаригт зарим яриа хөөрөө эхлэх учиртай байсан. Тэгтэл мягмар юм уу лхагва гаригаас хүмүүс тэнд цуглаж эхлэх болов уу гэж бодож байна хэмээн Жон Керри хэлснийг нэгдүгээр сарын 21-нд "Ройтер” агентлаг эш татсан байсан.
Тэгвэл Арабын орнуудад Оросын Элчин сайдаар ажиллаж байсан, одоо Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн нэг төвийн захирлын алба хашиж буй Вениамин Попов хэлэхдээ, яриа хэлэлцээний бэлтгэл илүү хугацаа шаардвал дипломатууд нэгдүгээр сарын 29-нөөс хойш ч Женевт саатаж болзошгүй гэсэн байдаг.
Ширээний ард сууж хэл амаа ололцох хэрэгтэйг бүх тал ойлгож байгаа гэж тэрбээр бас хэлсэн. Ингэж эс чадвал энэ нь Орос, Америк, Европын холбоо төдийгүй бүс нутагтаа гол тоглогч гэгддэг Саудын Араб, Турк, Иран улсуудын ч сонирхолыг татаад байгаа энхийн үйл явцад залруулж болшгүй цохилт болох юм. "Женев-3” яриа хэлэлцээ хэзээ эхэлж, хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа нь эхний тээг.
Энэ үйл явдалд 20 гаруй тал оролцож буй. Юуны урьд Сирийг дэмжих олон улсын бүлэг гэж бий. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас тус бүлэг цэргийн хямралыг гэтлэх гол хөдлөх хүч болоод байгаа юм.
Энэ бүлэгт Сирийн үйл явцад үндсэн нөлөө үзүүлж буй дээр өгүүлсэн улсуудаас гадна Хятад, бүс нутгийн тоглогч Арабын нэгдсэн Эмират, Египет, Ирак болон Арабын улсуудын холбоо, НҮБ зэрэг олон улсын байгууллага багтаж буй.
Гэхдээ Сирийн сөрөг хүчнийг Женевт хэн төлөөлөх нь гол бэрхшээл болоод байна. Яриа хэлэлцээнд "Ахрар аш-Шам”, "Жейш аль-Ислам”-ын алан хядагчдыг оролцуулахыг Москва эрс эсэргүүцэж байгаа. Энэ байр сууриа Гадаад хэргийн сайд Сергей Лавров урьд нь илэрхийлчихсэн.
...Сирийн Ерөнхийлөгч Башар Асад огцорч, Женевт яриа хэлэлцээн дээр
Сирийн удирдагчдыг өөр хүн төлөөлөөсэй гэж АНУ болон Европын түншүүд нь
хүсдэг бол Асад огцорсноор Сирийн зөрчил улам гүнзгийрнэ гэж Москва
үздэг. ...Эцэст нь Сирийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гарах
тогтоолд Башар Асадыг суудлаас нь зайлуулахыг шаардсан үг өгүүлбэрийг
хасахыг АНУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд зөвшөөрсөн юм...
Алан хядагчдын эсрэг хийх тэмцэлд нэг зарчим баримтлах ёстой, алан
хядагчдын нэг нь "сайн”, нөгөө нь "муу” гэсэн хоёрдмол стандарт байж
болохгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария
Захарова үзэж байна.
Түүгээр ч барахгүй Сирийн дотоод хэрэгт Өрнөдийн орнууд оролцох эрхгүй гэж Дамаскийн гол холбоотон Иран мэдэгдсэн. Яриа хөөрөө эхлэх хугацааг хойшлуулах талаар Керри даваа гаригт үг унагасан нь чухамхүү Сирийн сөрөг хүчний төлөөлөгчийн бүтцийг эцэслэн тохиролцох гэсэн эрмэлзэлтэй холбоотой юм.
Тиймээс ч оролцогчдын нэрийг Сирийг дэмжих олон улсын бүлэг ч, НҮБ ч Женевийн үйл явц эхлэхээс өмнө олон түмэнд зарлаагүй аж. Энэ бол хоёр дахь тээг.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэгч хүчнүүдийг төлөөлсөн хоёр баг Женевт гарч ирэхийг ч үгүйсгэх аргагүй байна. Эхнийх нь Орос, Ираны санаанд илүүтэй нийцсэн, хоёр дахь нь Саудын Араб, Турк, Өрнөдийн орнуудын хүсэлтийг биелүүлэх зорилготой.
Сирийн Ерөнхий сайд байсан, Өөрчлөлт, эрх чөлөөний төлөө ардын фронтын удирдагч, сөрөг хүчний удирдагчдын нэг гэж үзэж буй Кадри Жамиль, "Ардчилсан холбоо” намын дарга Салих Муслим нарыг Женевт ирээсэй гэж Кремль хүсэж байв. Оросын талаас гаргасан жагсаалт дотор 15 сири хүний нэр байгаа гэдэг.
Муслим нь Курдийн сөрөг хүчний төлөөлөл учраас Туркийн тал түүнийг Женевийн яриа хэлэлцээнд оруулахыг эрс эсэргүүцэж буй. Орос улс курдүүдийг энэ үйл ажиллагаанд оролцуулахыг дэмжсэнээр алан хядагчдыг өөгшүүлж байна гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу өнгөрсөн долоо хоногт Давост мэдэгдсэн.
Тэгвэл "Исламын улс”-ын эсрэг идэвхтэй тулалдаж байгаа курдийн байгууллагыг үүнд оролцуулахгүй бол үндэсний эвлэрлийн бүх үйл явцад сөргөөр нөлөөлнө гэж Москва үзэж байна. "Жейш аль-Ислам”-ын улс төрийн товчооны гишүүн Мухаммед Аллушийг яриа хэлэлцээний гол хүн болгохыг Саудын Араб онцгой их дэмжиж байна.
Дамаскийн төлөөлөгчидтэй нэг ширээний ард суулгахаар Сирийн сөрөг хүчний төлөөлөгчдөд Жон Керри хүчтэй шахалт үзүүлж буй гэж энэ хүн өнгөрсөн амралтын өдрүүдэд сэтгүүлчдэд мэдэгдсэн. Яриа хэлэлцээнд оролцох сөрөг хүчний төлөөлөл нэмэгдээд байгаа нь гурав дахь тээг болж байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад огцорч, Женевт яриа хэлэлцээн дээр Сирийн удирдагчдыг өөр хүн төлөөлөөсэй гэж АНУ болон Европын түншүүд нь хүсдэг бол Асад огцорсноор Сирийн зөрчил улам гүнзгийрнэ гэж Москва үздэг.
Дээр өгүүлсэн Мария Захарова "Эхо Москвы” радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа, Асадыг авч үлдэх нь зарчмын ач холбогдолтой гэж Москва хэзээ ч хэлж байгаагүй гэсэн байдаг.
Гол нь Дамаскад одоогийн дэглэмийг хадгалах нь чухал байгаа гэнэ. Эцэст нь Сирийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гарах тогтоолд Башар Асадыг суудлаас нь зайлуулахыг шаардсан үг өгүүлбэрийг хасахыг АНУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд зөвшөөрсөн юм.
Гэтэл тус бүс нутгийн хоёр томоохон улс болох Саудын Араб, Иран хоорондын зөрчил Женевийн яриа хэлэлцээний босгон дээр хурцдаад явчихлаа. Тэд дипломат харилцаагаа өнгөрсөн сарын эхээр таслав.
Шийтийн шашны номлогч Нимр аль-Нимрийг Саудын Арабт цаазалсан нь үүний шалтгаан болж, тус улсыг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн Арабын хойгийг хамарсан юм.
Тус улсын төр, засгийг унагах зорилгоор энэ эсэргүүцлийг Тегеран зориуд өдөөж байна гэж Эр-Рияд үзэж байгаа. Түүнээс гадна, цөмийн тохиролцоо хийснээс хойш Өрнөдтэй Иран улс хэлхээ холбоогоо эрс өргөжүүлж Иранд тавьсан олон улсын хоригийн дэглэм суларч буйд Саудын Араб тун тааламжгүй хандаж байна.
"Исламын улс”-ын дайчдыг харамгүй санхүүжүүлж ирсэн суннит шашинт Саудын Араб одоо Ойрхи Дорнодод Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэх болоод буй юм.
Алавитуудын удам нь Сирийг бараг 50 жил удирдаж буй шийт шашинт Ираныг Асадын гол ивээгч гэж үзэх болжээ. Энэ зөрчил дөрөв дэх тээг юм.
Сирид байлдаан үргэлжилсээр байна. Энэ нь энхийн төлөөх дипломат хүчин чармайлтыг хэзээ ч тасалдуулж болох бодитой шалтгаан мөн. Тав дахь тээг нь энэ. НҮБ-ын мэдээлж буйгаар бол одоогийн байдлаар Сирийн хямралын хөлд 250 мянга гаруй хүний амь үрэгдээд буй аж.
Сирийн сөрөг хүчний үндэсний зөвлөлийн дарга, Женевт хэлэлцээнд оролцож буй Жорж Сабри нэгдүгээр сарын 22-нд сэтгүүлчидтэй уулзахдаа Оросын агаар-сансрын хүчин Сирийн нутаг дэвсгэрийг бөмбөгдсөөр байгаа нөхцөлд тэдний төлөөлөгчид Дамасктай яриа хөөрөө хийхгүй гэж хэлсэн байсан.
Түүнээс гадна Оросын нисэх хүчин Сирийн зөрчилд оролцож эхэлсэнээс хойших хугацаанд Асадын цэргүүд өнгөрсөн сарын эцсээс байлдааны ажиллагаанд томоохон амжилт олж буй юм.
Сирийн зэвсэгт хүчин рашаан сувиллын Сальма хот, түүнээс холгүй байх далан, хэд хэдэн тосгоныг эзэлж, Турктэй залгаа хил рүүгээ давшилт хийх боломж олгох стратегийн ач холбогдолтой Латаки мужийг өөрийн болголоо.
Дамаскийн энэ ялалт сөрөг хүчний гэдэнг хөдөлгөж Женевт яриа хэлэлцээг тасалдуулахад хүргэж болзошгүй юм.
Өчигдрийн байдлаар Сирийн сөрөг хүчний Дээд хорооны хэвлэл эрхэлсэн нарийн бичгийн дарга Салим аль-Муслат хоригдож буй хүмүүс, хүүхэд, эмэгтэйчүүдийг суллах, бүслэлтээ задлах, Оросын нисэх хүчний өгч буй цохилтыг зогсоох гэсэн гурван шаардлага тавьж буйг мэдэгдсэн байна. Эдгээрийг маш чухал гэж үзэж буй аж.
И.РЭНЧИНХАНД
Сэтгэгдэл