"Их 20": В.Путин Сирийн хямралыг шийдвэрлэх "гол тоглогч"


"Их 20": В.Путин Сирийн хямралыг шийдвэрлэх "гол тоглогч" Туркийн Анталия хотод энэ сарын 14-16-ны өдрүүдэд "Их 20"-ын дээд хэмжээний уулзалт болж өнгөрсөн. Энэхүү уулзалтын гол сэдэв нь алан хядах ажиллагаатай тэмцэх асуудал байсан юм.

Тэгвэл дэлхийн их гүрнүүдийн төрийн тэргүүнүүдийн уулзалтыг гадаадын томоохон хэвлэлүүдээр юу гэж дүгнэсэн бэ.

ИХ БРИТАНИ

ОХУ, барууны харилцаа сэргэж эхэллээ

The Guardian: Туркэд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэхийн тулд Сирийн сөрөг хүчнийг дэмжихэд бэлэн буйгаа илэрхийлсэн. Энэ бол ОХУ болон барууны эрх баригчид Сирийн иргэний дайныг зогсоох, босогчидтой хамтран тэмцэхийн тулд Украины хямралаас үүдэн муудсан харилцаагаа сэргээх анхны шинж тэмдэг байсан гэж The Guardian сонинд бичжээ.

The Independent: "Их Британи, АНУ-ын эрх баригчид Сирийн хямралыг шийдвэрлэх болон хэт даврагчидтай тэмцэхэд ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч талуудын хооронд "үл ойлголцох” байдал ажиглагдсаар байгааг онцолсон юм. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон тус дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзалт хийсэн юм. Бүтэн цаг гаруй үргэлжилсэн уулзалтаар Дэвид Кэмерон дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлж буй хэт даврагчдыг устгахын тулд хамтран ажиллахыг уриалсан.

АНУ

"Путин Туркэд хамтын ажиллагааны үзэл баримтлалтай ирсэн"

The Wall Street Journal-д "Барууныхны ОХУ-ыг тусгаарлах бодлого үүгээр дууссан хэмээн Путин үзэж байна" гэсэн утгатай нийтлэл гарчээ. "Энэ сарын 13-нд Парист болсон террорист халдлагын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Их 20”-ын дээд хэмжээний уулзалтаар дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Уулзалтын үеэр Европын орны удирдагчдын дунд ОХУ-тай хамтын ажиллагаагаа сэргээх сонирхолтой хүмүүс их байсан гэж Путин хэлжээ.

Түүнчлэн тус сонинд 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагаар Владимир Путин хамгийн түрүүнд Цагаан ордонтой холбогдон эмгэнэл илэрхийлсэн удирдагчдын нэг байсан бөгөөд түүний энэхүү үйлдэл ОХУ, АНУ-ын харилцаанд эерэгээр нөлөөлсөн гэж бичжээ.

Энэ жилийн дээд хэмжээний уулзалтаар Путин Парист болсон террорист халдлага босогчдын эсрэг олон улсын хамтын нийгэмлэг нэгдэх шаардлагатайг харуулж байна гэжээ. Гэсэн ч "Исламын улс”-ын эсрэг эвсэлд Башар Асадыг оруулах ёстой гэж Путин үзэж байгаа юм. Харин барууныхан Сирийн удирдагчтай ямар ч хамтын ажиллагааг байж болохгүй гэдгээ мэдэгджээ.

Канад

"Путин - түлхүүр тоглогч"

CTV: "Дэлхийн удирдагчид улс орнуудын хооронд мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, алан хядах ажиллагааны санхүүжилтийг таслах, Европын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэхээр тохиролцсон" гэв. Түүнчлэн хэт даврагчид Ирак, Сирийн нутаг дэвсгэрээс хальж, өөр улс оронд террорист халдлага үйлдэх нь ихсэж байна. Тодруулбал Египет, Ливан, Турк улсуудад халдлага үйлдсэн. Иймээс улс орнууд терроризмын эсрэг нэгдэх хэрэгтэйг "Их 20”-ын удирдагчид онцолжээ.

Канадын хэвлэлүүдээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Сирийн хямралыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй, гол тоглогч гэв.

Герман

"Их 20”-ын удирдагчдыг терроризм нэгтгэв

Deutsche Welle: Анталияд болсон "Их 20” дээд хэмжээний уулзалтын оролцогчид Парис хотод гарсан террорист халдлагад цочирдсоноо илэрхийлсэн.

Өмнөх дээд хэмжээний уулзалтаар улс орнуудын удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргах нь ховор байсан бол Парисын халдлага "Их 20”-ын удирдагчдыг нэгтгэв. Анх удаа америкчууд, европчууд, азиуд болон африкчууд терроризмын эсрэг хамтдаа тэмцэхээ мэдэгдлээ гэжээ.

Сонирхуулахад "Их 20" дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, БНХАУ-ын Дарга Си Зиньпин, Германы канцлер Ангела Меркель, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Энэтхэгийн Ерөнхий Сайд Нарендра Моди, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Бан Ги Мун, Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф, Канадын Ерөнхий Сайд Жастин Трюдо, Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Нието, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жэкоб Зума, Австралийн Ерөнхий Сайд Малкольм Турнбулл нар оролцсон юм.

Анталья хотын захирагчийн ярьснаар тус арга хэмжээнд 13 мянга орчим хүн оролцсон байна. Зөвхөн АНУ-ын төлөөлөгчид гэхэд 1000 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 1500 орчим хэвлэл мэдээллийнхэн уулзалтыг сурвалжилжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангах талаар хатуу чанд арга хэмжээ авсан байна. Хотын эргэн тойрны 200-300 км-ийн радиуст цагдаагийн постууд ажиллаж, нийтдээ 14 мянган цагдаагийн албан хаагч хамгаалалтад гарчээ.

 

Х.Көгершин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.