Путин: Хэрэв зодоон зайлшгүй бол түрүүлж цохих хэрэгтэй


Путин: Хэрэв зодоон зайлшгүй бол түрүүлж цохих хэрэгтэй Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "Валдей" клубын хуралдаанд оролцож, олон сонирхолтой мэдэгдэл хийлээ.

"Бүр 50 жилийн өмнө Ленинградын гудамж намайг нэг дүрэмд сургасан. Хэрэв зодоон болох нь зайлшгүй бол өөрөө түрүүлж цохилт өгөх хэрэгтэй" гэж Путин хэлжээ.

Путин "Харамсалтай нь, Орос оронд террорист аюул байсаар ирсэн. Бид Сирид юу ч хийгээгүй байхад террористууд яагаад Волгоградын төмөр замын буудалд цохилт өгөв? Зүгээр л хүмүүсийг үзэн ядсанаас уу, эсвэл Оросын эсрэг тэмцэж үү? Иймээс бид энд хүлээж сууснаас тэнд тэдэнтэй байлдах нь дээр. Сирид дайтлаа гээд Орост алан хядах ажиллагаа ихсээгүй, багасаагүй. Оросын ашиг сонирхол, Оросын ард түмний төлөө Сирид байлдаж байгаа орос цэргүүдээрээ бахархаж байна. Тэд бол баатрууд" хэмээжээ.

"Америк улс бусад оронд очиж дотоодын сөрөг хүчнийг тэрбум тэрбумаар санхүүжүүлж байгаа нь байж болшгүй зүйл. Дэлхийн улс орнуудын дэглэмийг авч хаяхын тулд асар их хөрөнгийг цацах нь улстөрд хэвийн үзэгдэл үү? Иймэрхүү үйлдэл олон улсын түвшинд Вашингтонд үл итгэх байдлыг үүсгэж байна" гэж Путин мэдэгдэв.

Владимир Путин "Украины ард түмний ямар ч сонголтыг хүндэтгэж байна, гэхдээ Орос орон төрийн эргэлтийн эсрэг. Орос улс Украинд гарсан төрийн эргэлтийн эсрэг байгаа. Эрх баригчдыг ийм байдлаар солих, халах хувилбар дэлхийн аль ч өнцөгт муугаар төгсөнө. Тэр тусмаа хуучин Зөвлөлтийн орон зайд" гэжээ. 

Америкийн талаар Путин ярихдаа "Төрийн эргэлтийг яаж хүлээж авах вэ? Та нар эндхийг Ирак, Ливи болгох гээд үз дээ. АНУ-ын эрх баригчид ичихгүйгээр тэдэн сая доллар, төдөн тэрбум долларыг сөрөг хүчинд зарцууллаа гэж ярьдаг. Албан ёсны төр засаг нь ил тодоор ингэж мэдэгддэг. Энэ тэгээд зөв сонголт уу?" хэмээв.

Путин цааш нь үргэлжлүүлэн "Америк улс өөрийнхөө хуулинд (Украины талаарх хууль) Оросын тухай дурдаж, Оросыг ардчилах зорилготой гэсэн байдаг. Та нар төсөөл дөө, хэрэв бид өөрсдийн дотоодын хуулинд Америкийг ардчилах зорилго тавьсан бол яахав, энэ чинь дор хаяж эелдэг бус биз дээ? Уг нь зарчмын хувьд бид ч тэгж хийж чадна. Яагаад гэдгийг өгүүлье, энэ үндэслэлтэй. АНУ-ын түүхийг авч үзвэл сонгогчдын цөөнхийг төлөөлдөг сонгуультнууд хэмээгчдийн тусламжтайгаар 2 удаа Ерөнхийлөгч гарч ирсэн. Энэ тэгээд ардчилал уу? Үгүй. Ардчилал бол ард түмний засаглал, ард түмний олонхын засаглал. Гэтэл сонгогчдын цөөнх нь төрийн хамгийн өндөр албан тушаалтныг сонгосон байна. Үндсэн хууль нь асуудалтай, гэхдээ бид та нарыг Үндсэн хуулиа өөрчил гэж шаардахгүй байгаа" хэмээжээ.
М.Цогзолмаа, www.mnews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.