Оросын Ерөнхийлөгч Путин байлдааны онгоцуудаа Сири лүү илгээсний дараа
нэг туйлт дэлхий маань үүрд өөрчлөгдсөн. Америкаас өөр их гүрэнгүй
байсан ертөнцөд бас нэг супер улс гарч ирсэн билээ. Одоо манай гарагийн
улстөрчид "Путиний дараагийн алхам юу вэ?" гэж тааж ядаж байна.
Яг энэ үед Өмнөд Осетын Ерөнхийлөгч Леонид Тибилов "Орост нэгдэх эсэх
талаар бүх нийтийн санал асуулга явуулна" гэж мэдэгдлээ. Түүний үзэж
буйгаар Орост нэгдэх нь өмнөд-осетинчүүдийн олон зууны мөрөөдөл юм байх.
Өмнөд Осетыг та бүхэн санаж байгаа байх, нөгөө 2008 онд түүнээс болж
Орос, Гүржийн (үнэндээ АНУ) хооронд эгээтэй л дайн дэгдчихээгүй. Тухайн
үед Орос 3 өдрийн дайн хийж, бүх юм оросуудын хүссэнээр дууссан билээ.
Өмнөд Осетын тэргүүн Леонид Тибилов "Улстөрийн бодит байдал ийм байна.
Бид түүхэн сонголтоо хийж, ах дүү Оростой нэгдэн өөрийн улс орон, ард
түмний аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг зуун зуунаар баталгаажуулах
ёстой" хэмээжээ.
"Өмнөд Осетоос гадна Хойд Осет гэж бий. Тэр нь Оросын бүрэлдэхүүнд
байдаг, иймээс Өмнөд Осет нь ОХУ-д нэгдэх нь зөв. Тусгаарлагдсан
үндэстэн эргэн нийлж, бас амьдралын түвшин нь дээшлэх болно" хэмээн
ОХУ-ын Системийн анализ, таамаглалын төвийн тэргүүн Ростислав Ищенко
мэдэгдлээ.
Өнгөрсөн жил сербүүд ч бас Орост нэгдэх иймэрхүү санаачилга гаргаж
байсан ч Москва сайшаагаагүй тул тэгсгээд намжсан гэж "Правда" өнөөдөр
эргэн сануулж байна. Тэр бүү хэл Украинаас салан тусгаарлаж бие даасан
улс болсноо зарласан Донецк, Луганскийг хүртэл өөртэй нь нэгдэнэ гэж
ярихыг Кремль тийм ч таашаахгүй гэдгээ ойлгуулсан. Приднестровьегийн
хувьд мөн адил. Дашрамд дурдахад, Өмнөд Осет бол салан тусгаарласан
Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрсөн дэлхийн цорын ганц орон.
Тиймээс Леонид Тибиловын мэдэгдэл бол Москватай зөвшилцсөн яриа хэлцэл
гэдэг нь тодорхой. Тэгээд ч Өмнөд Осетын төсвийн 90%-ийг Орос даадаг.
Дээр нь нэмж өгүүлэхэд энд бараг хүн бүр орос паспорттой, хил чөлөөтэй,
бас Осет даяар рубль хүчин төгөлдөр үйлчилдэг.
Хэрэв Путин ийм алхам хийвэл үүнээс болж Орос-Гүржийн харилцаа муудах
нь гарцаагүй. Тэгээд ч Гүржид НАТО байгаа, иймээс АНУ тэргүүтэй
өрнөдийнхөн дахиад л бөөн хориг тавих байх.
Өмнөд Осетын Ерөнхийлөгч Леонид Тибилов.
Архивын зураг, Өмнөд Осетод сонгууль явуулж байна.
М.Цогзолмаа, www.mnews.mn
Сэтгэгдэл