АНУ-аар ахлуулсан эвсэл 60-уулаа бол ОХУ ганцаараа. Үр дүнд нь...


ОХУ-ын зэвсэгт хүчин болон цэргийн онгоцнууд Сирид бий гэсэн мэдээлэл өнгөрсөн есдүгээр сараас хойш дэлхийн хэвлэл мэдээллүүдээр тархах болсон.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь "Бид хэт даврагчдад цохилт өгөхгүй” хэмээн хэд хэдэн удаа мэдэгдэж байсан ч өнгөрсөн есдүгээр сард Москва хотноо Ойрхи Дорнодын орнуудын удирдагчдыг хүлээн авч уулзан, Сирийн хямралын асуудлыг хэлэлцсэний дараа тэрээр бодлоо өөрчилжээ.

Ийнхүү есдүгээр сарын 30-наас эхлэн ОХУ-ын агаарын цэргийн хүчин Сири дэх "Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг агаарын цохилт өгч эхэлсэн.

Ирак, Сирийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт хяналтаа тогтоогоод буй дээрх бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгсөн нь зөвхөн ОХУ биш гэдгийг та бид мэдэж байгаа билээ.

Тус бүлэглэлийг устгахын тулд АНУ тэргүүтэй олон улсын эвсэл өнгөрсөн 2014 оны зургаадугаар сараас эхлэн хэт даврагчдын байршилд агаараас цохилт өгч эхэлсэн. АНУ-аар ахлуулсан хэт даврагчдын эсрэг эвсэлд Их Британи, Ирак, Австрали, Бахрейн, Бельги, Канад, Дани, Египет, Франц, Герман, Итали, Иордан, Кувейт, Нидерланд, Норвеги, Катар, Саудын Араб, Испани, Турк, Арабын нэгдсэн Эмират, Нигер, Тунис, Малайз зэрэг 60 гаруй улс багтдаг.

Тэгвэл дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлж буй хэт даврагчдын эсрэг Обамагийн явуулсан цэргийн ажиллагаа Оросын агаарын хүчний цэргийн ажиллагааны үр дүнд хүрээгүйг дэлхий нийтэд харууллаа хэмээн барууны тоймчид бичиж байна.

Жишээ нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хүсэлтээр есдүгээр сарын 30-наас эхлэн ОХУ-ын агаарын хүчин Сирид агаарын цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Оросын нисэх хүчин "Исламын улс” алах хядах бүлэглэлийн эсрэг долоо хоногийн дотор АНУ-ын нэг жилд өгснөөс илүү их агаарын цохилт өгсөн хэмээн Германы судлаачид бичжээ.

Барууны хэвлэлүүдийн мэдээлж буйгаар 2014 оны зургадугаар сараас энэ оны есдүгээр сар хүртэл АНУ-ын нисэх хүчин 57 мянган нислэг үйлдсэний 7000 нь хэт даврагчдын байрлалд цохилт өгсөн байлдааны нислэг байжээ. Гэсэн ч энэ нь "Исламын улс” бүлэглэлийг зогсоож чадаагүй. Харин ч энгийн иргэд үй олноороо амь үрэгдсэн аж.

Тэгвэл энэ сарын 26-ны өдрийн байдлаар ОХУ-ын цэргийн ажиллагаа ямар түвшинд  байгааг доорх инфографикаас харна уу.

ОХУ СИРИ ДЭХ АГААРЫН ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНД 2.4 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛААД БАЙНА

ОХУ Сири улсад явуулж буй агаарын цэргийн ажиллагааны зардалд энэ сарын 21-ний байдлаар 2.4 сая ам.доллар зарцуулаад байна хэмээн Британийн судалгааны байгууллага Jane's Infromation group-ийг иш татан The Moscow Times мэдээллээ.

ОХУ Батлан хамгаалахынхаа салбарт энэ жил 50 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Сирийн хямрал дахиад хэдэн жил үргэлжлэх бөгөөд хэрэв ОХУ цэргийн ажиллагаагаа энэ янзаар үргэлжлүүлбэл санхүүгийн болон хүний нөөцийн дутагдалд орно гэдгийг анхаарууллаа.

ОХУ-ын эрх баригчид онгоц, тоног төхөөрөмжөө Сири рүү хүргэх, нисгэгчдийн цалин хөлс зэрэг хэдий хэр хэмжээний зардал гаргаж буйг шинжээч тооцож үзсэн байна.

ОХУ Батлан хамгаалахынхаа салбарт энэ жил 50 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн

IHS Jane's-ийн тооцоолсноор байлдааны онгоцны нэг цагийн удаагийн нислэг нь 12 мянган ам.доллар, харин нисдэг тэргээр нэг удаа нислэг хийхэд 3000 ам.долларын үнэтэй аж.

Ингэснээр Оросууд өдөрт байлдааны онгоцоор 90, нисдэг тэргээр 60 минут нислэг үйлдсэн тохиолдолд өдөрт 710.000 ам.доллар зарцуулна. Үүнээс гадна байлдааны хэрэгсэлд 750 мянган ам.доллар, нисгэгчдийн цалин хөлст өдөрт 440 мянган ам.доллар зарцуулдаг байна.

Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Сирид явуулж буй агаарын ажиллагааны зардлын талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

АГААРЫН ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНД ЯМАР ЗЭВСЭГ АШИГЛАЖ БАЙНА ВЭ?

 

Сирийн Латакия дахь нисэх хүчний баазад одоогоор Оросын 50 гаруй сөнөөгч онгоц байрлаж байгаа аж. Үүнд "Ми-17”, "Ми-24” маркийн 15 нисдэг тэрэг, орчин үеийн, олон талын зориулалттай "Су-30” болон "Су-34” сөнөөгч онгоцнуудыг ашиглаж байна.

Түүнчлэн маш хурдтай "Су-25” дайрагч онгоц болон "Су-24” бөмбөгдөгч онгоц 12 ширхэг байна гэсэн мэдээлэл бий. Хэдийгээр ар талын хангамж сайн байлаа ч ийм хүчээр удаан хугацаанд агаарын цохилт боломжгүй хэмээн америкчууд үзэж байгаа аж.

Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Иванов агаарын цэргийн ажиллагаа богино хугацаанд явуулна гэсэн юм.

ОХУ БАШАР АСАДЫГ ХЭР УДААН ДЭМЖИХ ВЭ?

ОХУ-ын эрх баригчид Сирид хийж буй агаарын цэргийн ажиллагааны анхны зорилгоосоо хазайсан. Учир нь Оросын агаарын хүчин хэт даврагчидтай тэмцэх биш Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын армид дэмжлэг, туслалцаа үзүүлж байна хэмээн АНУ-ын Нийгмийн судалгааны хүрээлэн Кеннан Майкл Кофман хэллээ.

Шинжээчийн үзэж буйгаар Сирийн арми Иран болон ОХУ-ын Зэвсэгт хүчний тусламжтайгаар Хама, Латакия мужуудаас гадна хойд, зүүн бүс нутгийн Идлиб, Алеппо хотуудад хяналтаа тогтоохыг санаархаж байна гэв.

Түүнчлэн хэрэв Башар Асадын Засгийн газрын цэргүүд хүчээ аваад эхэлбэл Ойрхи Дорнод дахь суннит болон шийтүүдийн зөрчилдөөн хурцадна гэж олон улсын зарим шинжээчид үзэж байна. Тухайлбал "Иран болон Саудын Арабын орнуудад Сирийн хувь заяа чухал биш. Харин Ойрхи Дорнод дахь Исламын ертөнцөд ноёрхлоо тогтоох сонирхол чухал. Сирийн Засгийн газрыг дэмжсэнээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайн өдөөж байна" гэж Майкл Кофман үзэж байна.

Ямартай ч Оросын агаарын цэргийн ажиллагаа олны анхаарлыг татсан асуудлын нэг хэвээр байна. Түүнчлэн Сирийн хямрал хэрхэн шийдэгдэх нь Ойрхи Дорнодын хувь заяанд хүчтэй нөлөө үзүүлэх нь.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.