Сири, Иракаас дүрвэгсдийн хөлд өртөж буй Ойрх Дорнодын орнуудад үзүүлэх эдийн засгийн тусламжаа эрс өсгөж, үнэт цаасны зах зээлээс олон тэрбум ам.долларын хуримтлал үүсгэх ажлыг НҮБ, Дэлхийн банк хамтран эхлүүллээ.
Дүрвэгсдийн давалгаа нь Европын улсуудад төдийгүй Йордан, Ливан, Турк зэрэг улсад ч эдийн засгийн хүчин чадлаас нь хэтэрсэн дарамт учруулж байгаа. Үүнийг хөнгөвчлөх зорилгоор олон арван тэрбум ам.долларын тусламжийн сан үүсгэх бодит шаардлага үүсээд байна. Дүрвэгсэд, цагаачдын асуудлыг эдийн засгийн үүднээс хэрхэн шийдвэрлэх нь өнгөрсөн долоо хоногт Перуд хуралдсан Олон улсын валютын сан, Дэлхийн банкны жил тутмын уулзалтын хэлэлцэх асуудлын нэг байлаа.
Лима хотноо наймдугаар сарын 10-ны өдөр хуралдсан тусгай хуралдаанаар НҮБ, Дэлхийн банк санхүүгийн зах зээлээс дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх санд шаардлагатай хөрөнгө хуримтлуулах төлөвлөгөө гаргав. Дундаж орлоготой улсын ангилалд хамаардгаас шалтгаалаад банкнаас хөнгөлөлттэй зээл авах аргагүй Йордан зэрэг улсад бага хүүтэй зээл олгох зорилгоор хандивлагч улсуудын баталгаа бүхий тусгай бонд гаргахаар Дэлхийн банк төлөвлөж байна. Бондоос хуримтлуулах хөрөнгийг эмнэлэг, орон сууц, сургууль зэрэг дэд бүтэц байгуулахад ашиглах юм.
Сирийн мөргөлдөөн эхэлснээс хойш тус улсаас нийт дөрвөн сая иргэнд нь дүрвэн гарсныг НҮБ тооцоолоод байгаа. Мөн НҮБ-ын шинэ тооцоогоор 6.5 сая хүн амтай Йорданд 630 мянга орчим Сирийн дүрвэгч оршин сууж байгаа аж. Үүний зэрэгцээ шинэ төлөвлөгөө нь хандивлагч орнуудын төсвийн дарамтыг бууруулж, дүрвэгсдийн хямралыг шийдвэрлэхэд дутагдаж буй хөрөнгийн шинэ эх үүсвэр бүрдүүлэх зорилготой. Есдүгээр сарын эцсийн байдлаар Сирийн дүрвэгсдийг Ойрхи дорнодын бүс нутагт байрлуулж, нэн тэргүүний үйлчилгээгээр хангахад энэ жил зарцуулах 4.5 тэрбум ам.долларын дөнгөж 1.8 тэрбумыг нь хуримтлуулж чадсан тухай НҮБ-ын тайланд дурджээ.
Эх оронд нь цутгаж буй Сирийн дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд Йордан, Ливан, Турк зэрэг улсад хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай нь одоогоор тодорхойгүй. Олон арван тэрбум ам.доллараар хэмжигдэх мөнгөн дүн дээр Сирийг сэргээн босгоход шаардлагатай зардлыг оруулбал бүр ч өснө. Сирийг сэргээн босгох зардал 170 тэрбум ам.доллар давна гэсэн судалгаа ч урьд нь гарсан. "Шаардлагатай хөрөнгийн хэмжээ аварга гэдэг нь тодорхой” хэмээн Дэлхийн банкны Ойрхи Дорнод, Умард Африк хариуцсан Дэд ерөнхийлөгч Хафез Ганем тайлбарлаж байна.
Зөвхөн Дэлхийн банк ч арга хэмжээ авч байгаа хэрэг бус. Европын хөрөнгө оруулалтын банк Сирийн хямралтай холбогдож буй Европ, Ойрхи Дорнодын орнуудад олгох зээлийн хэмжээгээ ихэсгэхээр төлөвлөж байгаа талаар тус банкны ерөнхийлөгч Вернер Хойер мэдэгдсэн.
Шон Доннан
Сэтгэгдэл