Саудын Араб улс Ирантай хийх агаарын тээврээ зогсоож, Тегераныг дипломат харилцаагаа хуучин хэвэндээ оруулахын тулд эелдэг байхыг шаардсан байна. Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель Аль-Жубер "Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа "Өнгөрсөн бямба гаригт Саудын Араб террорист хэмээн үздэг шийтийн удирдагч Нимр Аль-Нимрийг цаазаар авсны дараа эхэлсэн хоёр орны харилцааны хурцадмал байдалд Тегеран буруутай” хэмээн мэдэгджээ.
Сайдын ярьснаар Эр-Рияд (Саудын Арабын нийслэл) "Ираны түрэмгийлэлд” хариу өгсөн гэнэ. Тэрээр Тегеран Саудын Араб болон Персийн булангийн орнуудад хэт даврагчдыг илгээж, алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэмээн буруутгав.
Түүнчлэн Жубер "Саудын Араб мөргөлдөөнийг хурцатгах бодолгүй байгаа” гэв. "Бид Ираны баримталж буй бодлогын эсрэг хариу барьж байна. Иран Ливанд цэргээ оруулсан. Тэд Сири руу тусгай отрядуудаа илгээж байна. Гэхдээ бид Ираны иргэдийг хаж мөргөлийн үеэр Мекке болон Медине хотуудад ирэхэд нь саад хийхгүй” хэмээн Саудын Арабын Гадаад хэргийн сайд хэлжээ.
Адель Аль-Жубер өмнө нь Сауд Араб улсаас АНУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байсан. 2011 онд Ираны талаас түүний амь насанд халдахад АНУ-ын Тагнуулын төв газар амьд үлдэхэд нь тусалсан аж.
Энэ сарын 2-нд Саудын Арабын эрх баригчид исламын шашны шийт урсгалын нөлөө бүхий удирдагчдын нэг Нимр Аль-Нимрийг цаазаар авсны дараа Тегеран, Эр-Риядын хоорондын байдал хурцадсан билээ. Иранд эсэргүүцлийн ажиллагаа эхэлж, тус улс дахь Саудын Арабын ЭСЯ, консулын газар руу халдсан аж. Хоёр улс дипломат харилцаагаа зогсоож, элчин сайдаа эргүүлэн татсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл