Гадаад хэргийн яамны мэдээллийн сайтыг үзвэл манай улс гадаадын 31 улсад Элчин сайдын яамтай байдаг юм байна. Гэтэл бараг л 10 улсад Элчин сайд нь байхгүй ажээ. Монгол иргэд олноороо ажиллаж амьдардаг зургаан газар Ерөнхий консулын газар буюу Элчин сайдын яамны салбар ажилладгаас тэн хагаст нь буюу гуравт нь нөгөө Ерөнхий консул нь өөрөө байхгүй байгаа аж. Аюулгүй байдлаа хангах нөгөө айхтар “үндсэн арга хэрэгсэл” болсон “улс төр-дипломатын арга хэрэгсэл” маань мохчихсон, мөлийчихсөн, эзэнгүй болчихжээ. Хор уршиг нь ч мэдэгдэж эхэллээ.
Олон улсын сайд нарын хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан чинь сайд битгий хэл, ганц ч дэд сайд ирсэнгүй. Ганцхан жилийн өмнө “танай улс л энэ эвслийг толгойл” гээд бүгдээрээ хуралдаад сонгож байсан Онлайн эрх чөлөө эвслийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нараас нэг нь ч, бүр хүний урманд ганц ч дэд сайд ирсэнгүй. Хурлыг зохион байгуулж, тэр улсынхаа төр засагтай ярих үүрэгтэй элчин сайд нар нь байхгүй болохоор арга ч үгүй биз. Энэ бүх бантанг хутгаж байгаа хүн нь “мэргэжлийн” гэх тодотголтой Л.Пүрэвсүрэн сайд.
Засаг солигдлоо гээд шинэ сайд нь хуучин сайдынхаа ажлыг нураадаг дампуу улс төрийн золиосонд одоо гадаад харилцааны салбар өртлөө. Үүний хор уршгийг Монгол Улс гадаад нэр хүнд, аягүйтвэл аюулгүй байдал, тусгаар тогтнолоороо төлөх вий. Оны босгон дээр яамныхаа зарим ажилтныг халсан, дараа нь гол гол улсад суугаа Элчин сайдыг татсан, бүр болоогүй гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа нийт дипломатын бараг дөрвөн хүн тутмын нэгийг нь “хууль бусаар томилогдсон учир шалгалт өг” гэх нэрээр эгүүлэн татжээ. Европод суугаа Монгол Улсын зарим Элчин сайдын яамд Элчин сайд нь байхгүй, дипломат ажилтан ч байхгүй, ганцхан хүн ажиллаж байгаа сурагтай. Өнгөрсөн оны 10 дугаар сард Сан-Францискод суух Ерөнхий консулоор томилогдсон хүнийг “төрийн өөр албанд өөртэй нь яриад томилжээ”. “Гурван өндөрлөгийн хэмжээнд тохироод” өөр “өндөр албан”-д очсон гэж УИХ-ын Байнгын хороон дээр яриад байсан өнөө хүн нь өнөөдөр гудамжинд ажилгүй тэнэж, харин АНУ-ын баруун эрэгт ажиллаж амьдарч байгаа 10 гаруй мянган монгол хүн эзэнгүй сууна.
“Монголчууд Оросуудтай байлдаад дийлэхгүй, харин урлаг спортоороо заавал дийлэх ёстой” гэсэн гэх юм. Оросуудыг ямар нэг байдлаар чимхэх гээд байгаа хүн үү дээ гэж бодогдохоор. Хэлсэн унагасан үгнээс нь сонсоход хэний талд ажиллаад байгаа хүн бэ гэж асуумаар санагдах. Хүн халж, дуудаж, дарамталж сандал ширээний явган хэрүүл хийсээр бүтэн жил өнгөрлөө. Ард нь Монгол Улсын нэр хүнд хөсөр унаж, гадаадад суугаа иргэд алуулж, хядуулж, Хятадуудын захиалгаар монгол дипломатыг татан ажлаас нь халж, Оросуудын эсрэг бусдыг турхирч, Европ, Америкад суугаа Элчин сайдын яам, консулын газрууд эзгүйрч, сүүлдээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрлээ.
Л.Пүрэвсүрэнг Ерөнхийлөгчийн хүн гэдэг, гэхдээ хэний захиалгаар хүмүүсийг халж сольж, аюулгүй байдлынхаа манаанд чимээгүйхэн зогсдог ГХЯ-ыг самарч байгаагаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаан дээр өөрөө хэлчих шиг боллоо. Энэ хүн Ерөнхийлөгчийн ч хүн биш, “мэргэжлийн дипломат” ч биш, “улстөрч” ч биш.
Б.Зул shuud
Монгол Улсын нэр хүнд унаж гүйцлээ
2015/07/06 18:07
Сэтгэгдэл