Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Ёкозүна Хакүхо М. Даваажаргалын зодог тайлах ёслол энэ сарын 28-нд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Хакүхо М.Даваажаргалын хувьд өдгөө Мияагино дэвжээг удирдаж байгаа бөгөөд амьдралынхаа 20 жилийг сүмогийн спортод зориулахдаа 45 түрүү хүртсэн билээ.
Тэрбээр өнгөрсөн есдүгээр сараас зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд ийнхүү ёслолоо гүйцэтгэв. Түүний зодог тайлах ёслолд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан М.Энхболд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба нарын зочид хүрэлцэн очиж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ёслолын үеэр “Юуны өмнө Хакүхо М.Даваажаргалдаа том баяр хүргэе. Ж.Мөнхбат аварга маань монголчуудын бахархал билээ. Анх Токиогийн олимпод оролцож, олимпоос медаль авах боломжтой юм байсан гэсэн мэдрэмжийг авч тэр зорилго тэмүүллээрээ монголчуудад анх удаа олимпийн мөнгөн медаль авчирч байлаа. М.Даваажаргал маань аавынхаа үргэлжлэл болж, тогтоосон амжилтыг нь бататган ахиулж, энэ улсад эх орныхоо төдийгүй өөрийн нэрийг мөнхөлж чадлаа. М.Даваажаргал бол Монголын төдийгүй япончуудын бахархал. Би 2000 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн.
Монголчууд маань сүмо их үздэг, энэ спортод их хайртай байлаа. Тиймээс тэр үед Ерөнхий сайдын нэрэмжит цомыг санаачлан Монгол бөхийн утга агуулга бүхий цомыг бүтээлгэж байлаа.
Өнөөдөр энэ цом М.Даваажаргалд маань үүрд хадгалагдах болсонд баяртай байна” гэлээ. Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит үүрд хадгалуулах цомыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ Их аварга, Хакүхо М.Даваажаргалд гардуулж өгсөн юм.
Т.Сайхан
Сэтгэгдэл