Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх "Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хэмжээнд явган алхалтын маршрутыг үе шаттайгаар бий болгохоор ажиллаж байна. Уг ажлын хүрээнд дүүргийн иргэд, олон нийт чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх, амралт зугаалгын бүсийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 4 улирлын турш амарч, салхилах, зугаалах зориулалт бүхий тохилог орчныг бүрдүүлэх зорилгоор "Монголын явган алхалтын холбоо” ТББ-тай хамтран олон улсын явган алхалтын тэмдэг, тэмдэглэгээний стандартыг нэвтрүүлсэн анхны "Явган алхалтын зам”-ыг байгуулахаар судалж, явган алхалтын чиглэлүүдийг тодорхойлоод байна.
Явган алхалтыг тогтмол зохион байгуулах, бүх нийтийн эрүүл мэндийн хөдөлгөөн болгон хөгжүүлэх, алхалтын ач холбогдлыг сурталчлах, байгаль орчноо танин мэдэх, хайрлан хамгаалах, иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг бий болгоход хамт олны идэвх оролцоо чухал тул Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон "Хамтдаа алхаад эрүүлжье” уриатай "ЯВГАН АЛХАЛТЫН АЯН”-г албан ёсоор нээж, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын аманд 8 км-ын маршрутын дагуу анхны алхалтаа хийлээ.Аяны нээлтийн үйл ажиллагааны үеэр "Монголын явган алхалтын холбоо” ТББ-аас"Хан-Уул дүүргийн явган алхалтын холбоо”-нд туг, гэрчилгээг хүлээлгэн өглөө.
Хамтдаа алхаад эрүүлжье” явган алхалтын аянд Хан-Уул дүүргийн төрийн захиргааны нийт байгууллага, хороод, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд Та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар