Бидний үнэхээр их дурладаг, боломж л олдвол худалдан авдаг "Fast Fashion” буюу боломжийн үнэтэй, "түргэн эргэлддэг хувцас загвар” ангилалд багтах Zara, H&M, Forever21, Topshop, Gap зэрэг брэндийн хувцаснуудыг хэн, хэрхэн хийдэг, тэдгээрийн ард ямар асуудлууд байдаг вэ гэдэгийг ил болгон харуулсан, 2015 онд гарсан "True Cost” буюу "Жинхэнэ өртөг” баримтат киног үзээд, түүн дээр гарсан баримтуудыг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Эдгээр брэндийн хувцаснууд дээр ихэвчлэн Made in China, Made in Bangladesh, Made in Cambodia, Made in India, Made in Vietnam зэргээр бичсэн байдагийг та бүхэн мэдэх байх. Зардлаа маш хямд байлгаж эдгээр хувцаснуудыг хямд үнээр зарахын тулд брэндүүд хөгжиж буй орнуудын хамгийн хямд үнэ амласан үйлдвэрүүдтэй гэрээ хийж хувцсаа үйлдвэрлүүлдэг.
- Дэлхий даяар эдгээр хөгжиж буй орнуудын 40 сая орчим "хямд ажиллах хүчин” өдөрт ердөө 2-3 долларын цалинтайгаар хүнд хэцүү нөхцөлд, уртасгасан цагаар хувцас үйлдвэрлэлийн салбарт ажилладаг.
- Зардлаа бага байлгах үүднээс үйлдвэрүүд нурж унах гэж буй байшинд үйл ажиллагаа явуулдагаас 2013 оны Рана Плаза гэх үйлдвэр нурж 1134 ажилтан нас барж 2200 ажилтан гэмтсэн осол, Али Энтерпрайзес үйлдвэрт гал гарч 250 ажилтан нас барсан, Тазрин Фэшн хэмээх үйлдвэрт гал гарч 117 ажилтан нас барсан зэрэг ослууд гарч байсан.
- Камбожийн үйлдвэрийн ажилчид сарын 160 долларын цалин шаардаж жагссан боловч Цагдаагийн хүчин гал нээж 1 хүн нас барж, олон хүн шархдсанаар жагсаалыг дарсан.
- Хөвөн даавуу тариалдаг тариачид 17 дахин үнэтэй үр болон химийн бордоо жил бүр худалдан авах шаардлагатай болдог ба маш их өрөнд орж газраа алдах тохиолдол их. Үүний улмаас Энэтхэгт 16 жилийн дотор 250’000 тариачин химийн бордоо ууж амиа хорлосон.
- Хувцас хийх арьс ширийг угаах, хувцасыг будах зэрэгт хром зэрэг маш их химийн бодис ашигладаг ба химийн бодистой усыг шууд голд цутгадаг учир Энэтхэгт хөрс болон ундны усны бохирдол маш их болж үүнээс үүдэн төрөхийн гажиг, хорт хавдар, элэгний шар өвчин зэрэг өвчин газар авч олон хүн нас барж байна. Энэтхэгийн Пунжаб мужид л гэхэд тосгон бүрт дундажаар оюун ухааны хомсдолтой эсвэл хөгжилийн бэрхшээлтэй 60 хүүхэд байна.
Жил бүр ойролцоогоор 80 сая шинэ хувцас зарагддаг нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад 4 дахин их хэмжээ бөгөөд 1 сая тонн хувцас хог дээр хаягдаж газарт булагддаг. Гэхдээ эдгээр хувцас нь ихэнхдээ синтетик материалтай байдаг тул газарт шингэхгүй хэдэн 100 жил болно гэсэн үг юм. Хүмүүсийн хандивласан хуучин хувцасны зөвхөн 10% нь л дахин зарагдах юм уу дахин ашиглагддаг байна. Хувцасны үйлдвэрийн салбар нь газрын тосны үйлдвэрийн дараа дэлхийд 2-т орох хүрээлэн орчныг бохирдуулдаг салбар аж.
Өнөөгийн нийгэмд зах зээл хэт хөгжсөнөөр зар сурталчилгаа бүр биднийг ямар нэг эд зүйлийг худалдан авсанаар аз жаргалтай болно гэж итгүүлж байна. Иймээс хүн төрөлхтөн хэт материаллаг үзэлтэй болсоор байгаа ба энэ нь эргээд бидний амьдрал болон байгаль орчинд маш их сөрөг нөлөө авчирч байгаа юм. Бидэнтэй адил хүмүүсийн амь насаараа, эрүүл мэндээрээ, үр хүүхдээрээ дэнчин тавьж хийж байгаа эдгээр брэндийн хувцаснуудыг байнга авч хэдэн аравхан хүнийг баяжуулахын тулд хэдэн сая хүнийг золиосолж буй энэ салбарыг дэмжсээр байх уу?
Бид мэдээж эдгээр хувцасыг авахаа шууд больж чадахгүй боловч худалдан авалтандаа илүү ухаалаг хандаж, аль болох нийгмийн хариуцлагатай дотоод үйлдвэрийн бүтээгдэхүүнээ авах, зөвхөн хэрэглэх, олон удаа өмсөх цөөн тооны хувцас худалдан авах, илүү ухаалаг хэрэглэгч байх боломжтой ажээ.
Баримтат киноны трэйлэрийн холбоос:
Монгол хэл дээр энэ сэдвээр үзэж болох видеоны холбоос: