"Эх
түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэх мэргэдийн
хэлсэн үг бий. Угтаа ойн амьтан ойдоо төөрнө гэдгийг сонсоход
итгэмээргүй мэт боловч, эх түүхээ мэдэхгүй, түүнээс суралцахгүйгээр хол
явахгүй, хөгжихгүй гэдгийг тод илэрхийлжээ. Бидэнд түүхээрээ бахархах,
баярлах өдрүүд олон бий.
Чингис
хааны төрсөн өдөр, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт ой, Тусгаар
тогтнолын баяр, Улс тунхагласны баяр гээд олон ч баяруудыг тэмдэглэн эх
түүхээрээ бахархан өнгөрүүлдэг билээ. Гэхдээ зөвхөн бахархаад өнгөрөх
бус, сургамж авах хэрэгтэй байна. Бид түүхээ мэддэггүй, өвөг дээдэс юу
сургав, юуг захиж үлдээв, тэд юун дээр алдав гэдгийг төдийлөн мэддэггүй.
Өрөөсгөл
байж мэдэх ч, мэдэхийг хүсдэггүй байж ч болох. Зөвхөн омогшиж, баясч,
бахархах төдий л өвөг дээдсээ дурсан санах аж. Бидний энэ мэт алдааг
Япон улсаас Монголд суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Такэнори
Шимизү нутаг буцахынхаа өмнө монголчууддаа дайсан нэгэн захиасдаа товч
бөгөөд тодорхой илэрхийлжээ.
"Чингис хааны байгуулсан Монголын Эзэнт гүрний хөгжил цэцэглэлт зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр олж авсан ололт амжилт байсангүй. ”
гэж 40 гаруй жилийг Монголтой холбоотой ажил хийж, хоёр улсын хөгжил
цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм дурдсан байсан юм.
Харин
яагаад эзэнт гүрэн тийм ахархан хугацаанд мөхсөн бэ гэдгийг ураг
төрлийн эрх мэдлийн төлөөх тэмцэл буюу дотоодын зөрчилтэй холбон
тайлбарласан байв.
Тэгвэл яг өнөөгийн улс төр болоод нийгмийн амьдралд энэ үйл явдал давтагдаж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Такэнори Шимизүгийн хувьд захиасныхаа төгсгөл хэсэгт "Монгол
Улс өнөөдрийнхөө хөгжлийн төвшинд сэтгэл ханаж улс орон, ард
иргэдийнхээ эрх ашгийг умартан хувийн эрх ашгийг дээгүүрт тавин,
дотооддоо эрх мэдлийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлсээр байвал хэзээ нэгэн
цагт Монголын эзэнт гүрэнг мөхөөсөн алдаа давтагдах аюул тулгарах нь
гарцаагүй.
Монголын
ухаалаг ард түмэн ийм байдалд хүргэх сонголтыг хэзээ ч хийхгүй гэдэгт
миний бие итгэхийг маш ихээр хүсч байна” гэсэн байв. Харин
1975 оноос Т.Шимизү амьдралынхаа тал хувийг буюу 40 гаруй жилийг
Монголтой холбоотой ажил эрхэлж өнгөрүүлсэн учир манай улсын нийгэм, улс
төрийн 40 жилийн түүхийг гадарлахтайгаа болсон гэсэн үг.
Монголын
эзэнт гүрэнг мөхөөсөн алдаа давтагдах вий гэдэгт ихээхэн санаа зовж буй
нь ч бяцхан бичвэрээс нь харагдаж байгаа бус уу. Тэр Монголыг "Хоёр
дахь эх орон” гэдэг. Т.Шимизү бидэнд тийм л хайртай.
Энэ
зүгээр нэг удаа сонсоод өнгөрөх төдий үг биш. Учир нь Монголын улс
төрийн ертөнцөд улс орны эв нэгдэл, ард түмний эрх ашгийг тэргүүн
эгнээнд тавьж, хувь хүний ашиг сонирхлоо хойш тавьсан улс төрийн хүчин
байдаггүй.
Албан
тушаалын төлөө дотооддоо тэмцэлдэж, Засаг солигдон эрх барих хүчин
өөрчлөгдмөгц л аливаа салбарынхан дарга, цэрэгтэйгээ солигддог
бичигдээгүй хууль үйлчилсэн хэвээр. Нэгэн улс байтугай нэг нам дотор
"Тамын тогооны үлгэр” ид өрнөж, нэг нэгийгээ хэмлэн, доош зулгааж байж
сая санаа нь амардаг гажуу байдал байсаар байхад түүх давтагдахгүй
гэдэгт итгэж чадахгүй нь. Тиймээс эх түүхээ судалъя, улстөрчид өө.
Хувь
хүний эрх ашгийнхаа төлөө нэг нэгийгээ хэмлэн "зодолдох”-ын оронд улс
орны амар тайван байдал, ард иргэдийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж,
эх орныг минь их гүрний дайтай хөгжүүлээд өгөөч. Хамгийн гол нь түүх
давтагдах ёсгүй.
Эх сурвалж: Монголын мэдээ