Ганжуурын эш лүнгээс та бүхэнд хүргэж байна. Түгээмлийн эзэн, Ганжуурва Догдан Ринбүчигийнайлтгалын өмнөтгөл:
Сэдэв -Зовлонгийн мөн чанар ба түүнийг мөрд урвуулахын гүн ухаан
Банчэн Лувсанчойжижанцан гэгээнтэн айлдахдаа:
“Сав шим хилэнцийн үрээр огоот дүүрээд, хүсэшгүй зовлон хур мэт бууж байгаа боловч, энэ бүхэн бол муу үйлийн үрийн барагдах шалтгаан билээ. Иймд муу үйлийн шалтгааныг танин мэдэж, үйлээ засаж, мөрд урвуулахад адислан хайрладаг” хэмээсэн байдаг.
Энэ сургаал нь бидэнд зовлонгийн уг шалтгааныг зөвөөр ойлгож, түүнийг даван туулах гэгээрлийн замыг зааж өгч байна.
Хэдий бидний амьдралд элдэв бэрхшээл, хүнд хэцүү зүйл тохиолдсон ч энэ бүхэн нь бидний урьд хийсэн муу үйлийн үр боловсорч буй хэрэг юм. Зовлон бол муу үйлийн үрийг арилгах, барагдуулах боломж бөгөөд зөв ойлгож, зөв хандаж чадвал зовлонгоор ч буян хураах боломжтой.
Зовлон ирэхэд бид дотоод сэтгэлдээ улам их шаналж, сөрөг бодол тээж, гутарч суух нь ямар ч нэмэргүй. Учир нь сэтгэлдээ зовсон төдийхнөөр гаднах зовлон арилахгүй. Харин зовлонг зөв талаас нь харж, зөв ухаарч, дотоод сэтгэлдээ зөв хандлага төрүүлж чадвал, тэр зовлонг давах нь амар хялбар болдог.
Бурханы сургаалд зовлонг давах олон арга зам байдгийн нэг нь “Өгөх авахын бясалгал” юм. Энэхүү гүн бясалгалыг хэрэгжүүлбэл зовлонг мөрд урвуулж, сайн буяны эх үүсвэр болгож чадна.
Өгөх авахын бясалгалыг хэрхэн хийх вэ?
Хэрэв танд зовлон тохиолдож байвал, тэр зовлонгоо жишээ болгон аваад:
“Энэ зовлон зөвхөн надад бус, бүх амьтанд адилхан бий. Тэдний зовлонг ч гэсэн энэ мэтээр арилгая” гэж сэтгэлдээ бодно. Бусад бүх амьтны зовлонг хар өнгийн гэрэл мэт төсөөлөн, амьсгалаараа зүрх рүүгээ татан авна. Зүрхэн дэх “миниймхийлэн барих үзэл”, “амин хувиа хичээх сэтгэл”-ийг жаргах гэж буй зул мэт дүрслэн бодно. Ингээд бүх амьтны зовлонг зүрхний зулан дээр авчирч “тавих” үед, тэр зул унтарч, миниймхийлэн барих үзэл устаж байна хэмээн бясалгана.
Яагаад ингэж бодох вэ?
Учир нь зовлонгийн гүн уг үндэс бол өөрийгөө бусдаас дээгүүр тавих, өөрийгөө энхрийлэх сэтгэл юм. Энэхүү миниймхийлэн барих үзэл нь бүхий л муу үйлийн, нисванисын, хүлэгдлийн эх сурвалж болдог. Түүнийг тасалж, сэтгэлээсээ арилгаж чадвал бусад нисваанис ч бас үндэсгүй болж, зовлонгийн үндэс тайлагддаг.
Ийнхүү сэтгэлдээ бодсоноор, хамаг амьтны зовлон түүний шалтгаан, өөрийн зовлон түүний шалтгаан бүгд арилж байна гэж бясалгах нь маш үр дүнтэй.
Үүний зэрэгцээ, сэтгэлдээ байгаа сайн сайхан чанар, амар амгалангийн эх болсон буяныг цагаан өнгийн гэрэл мэт төсөөлж, амьсгал гаргахтай зэрэг тэр гэрэл гадагш цацран хамаг амьтанд хүрч байна гэж бодно. Тэр цагаан гэрэл бүх амьтанд тусч, тэдний сэтгэл амгалан болж, амгалангийн шалтгаантай төгс төгөлдөр болж байна хэмээн бясалгана. Энэ нь бидний зовлонг зөв тийш урвуулж, буяны эх үүсвэр болгох чухал дадал юм.
Тиймээс энэ мэтээр өгөх авахын бясалгалыг сурч, дадуулж чадвал зовлонг давах болно. Буян үйлдэхэд хамгийн чухал зүйл сэдэл.
Ямар ч буяныг үйлдэж болох ч, түүнийг ямар сэдлээр үйлдсэн нь хамгийн чухал. Тиймээс бид өнөөдөр Ганжуурын эш лүнг сонсож буй энэ их үйлийг, бодь сэтгэлийн үндэстэйгээр, хамаг амьтны тусын тулд бурхан болох сэтгэлээр хүлээж авах хэрэгтэй.
Бодь сэтгэлийн мөн чанар
Бодь сэтгэл гэдэг бол: “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд төгс гэгээрэлд хүрье, бурханы хутгийг олж, тэдний бүх зовлонг гэтэлгэе” гэсэн өргөн их сэтгэл юм.
Хамаг амьтан бидэнд хэмжээлшгүй их ачтай. Тэдгээрийн ачийг хариулах хамгийн дээд аргаар бурханы хутгийг олж, тэднийг гэгээрэлд хөтлөх явдал билээ.
Иймд энэхүү дээдийн номыг сонсохдоо зүрх сэтгэлдээ бодь сэтгэлийг төрүүлж, хамаг амьтны тусын тулд ном сонсож байна хэмээн ухаарч, бясалгаж, буянаа улам арвижуулан, гэгээрэлд хүрэхийн үндэс болгоорой.
Орчуулагч: Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр
Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд
Сэтгэгдэл