Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн Хэнтий аймгийн Хэрлэн суманд 8 жилийн турш ашиглаж, үр өгөөжөө өгч буй тариалалтын аргатай танилцлаа.
"Хэнтий тариалан” компани 2014 оноос хойш хөрсний үржил шим багатай, салхи ихтэй талбайд зохицсон тариалалтын аргыг амжилттай туршин хэрэгжүүлж, өнгөрсөн жил гэхэд л нэг га-гаас 22 центнер ургац хураан авсан.
Тус компани га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, талбайн ашиглалтын сайжруулж сэлгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, га талбайн зардлыг багасгах, ургамал хамгааллын бодис-гербицидын хэрэглээг бууруулах, эко хүнс үйлдвэрлэх технологи бий болгохыг зорьж байна.
Технологи болж хараахан хөгжөөгүй байгаа ч энэ аргаар тариалалт хийснээр хөрсний чанар сайжирч нэг га-гаас дунджаар 25 центнер үр тариа хураан авах боломжтой. Хөрсийг аль болох хөндөхгүй, хөрсний байгалийн дүр төрхийг нь хадгалах замаар жил ирэх тусам хөрсөө сайжруулаад явдаг. Уринш боловсруулж, хөрсөө өнжүүлэхгүйгээр жил бүр тариалалт хийдэг, 4-р сард тариалалтаа эхлүүлээд 8-р сард ургацаа хураан авдаг гээд олон талын ач холбогдолтой юм. Энэ технологийг Хэнтий аймгийн сумд төдийгүй Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Дархан, Сэлэнгэ зэрэг 8 аймагт нэвтрүүлж, хэд хэдэн компани туршилт хэлбэрээр тариалалтдаа ашиглаж эхэлжээ.
У.Хүрэлсүх: Ойрын 5 жилийн хугацаанд хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болох зорилтод энэ арга маш чухал үүрэгтэй. Бид органик хүнс экспортлогч орон болох бүрэн боломжтой. Энэ зорилгын төлөө хамтран ажиллая