Дэлхийд
ганцхан Монгол наадмаараа түмэн олон маань дэнж хотойтол гурван өдөр
сайхан наадлаа. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын
хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Монгол улсын тав дахь
Ерөнхийлөгч Х.Баттулга нээж ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн бол баяр
наадмын нээлтийн соёл урлагийн арга хэмжээг УДЭТ-ын ерөнхий найруулагч,
Төрийн соёрхолт шагналтан Н.Наранбаатар найруулсан юм. Урлаг соёлын уран
бүтээлчид оролцож наадамчин түмнийхээ Монголоороо омогших сэтгэлийг нь
хөвсөлзүүлэн сүр жавхлантай, түмнийг баясгасан сайхан наадам болж
өнгөрав. Тэрбээр энэ жилийн наадмын онцлог нь шинэхэн ерөнхийлөгчтэй,
шинэхэн цолтонгууд төрсөн Монголын түүхэнд шинээр бичигдэх наадам байв.
Ингээд эрийн гурван наадмын тоймыг багцлан хүргэе.
Хүчит бөх
Үндэсний
их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл
сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж Монгол улсын арслан,
Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэж
Монгол улсын гарьд цол тус тус хүртсэн юм.
Начин цолтон 6 төрлөө
Булган
аймгийн Гурванбулаг сумын бөх Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Бүрэгхангайн
бөх Д.Тамир, Говь-Алтай аймгийн Чандмань сумын бөх Б.Хишигбаатар, Төв
аймгийн Сүмбэр сумын бөх Г.Ганжад, Баян-Өлгий аймгийн Улаанхусын бөх
Б.Серик, Архангай аймгийн Батцэнгэлийн бөх Ж.Дагва-Очир нар шинэхэн
начин болж аймаг, сумынхнаа баярлууллаа.
Бөхийн
барилдааны тавын даваанд учраа таарсан улсын аварга Ч.Санжаадамба
аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан маргаантай болсон ч хөлийн цэц
Г.Ганжадыг давсан хэмээн үзсэн юм. Тэдний барилдааны бичлэгийг хөлийн
цэц хайхраагүй бөгөөд бичлэг ухааж шүүхээ больсон гэсэн шалтгааныг хэлж
байлаа.
Харцага цолны болзолыг 2 бөх хангалаа
Архангай
аймгийн Цэнхэр сумын бөх, аймгийн арслан М.Бадарч, Ховд аймгийн Буянт
сумын бөх, аймгийн арслан О.Хангай нар улсын харцага цолон хүрч
наадамчин олноо баясгалаа.
Заан цолонд хүрсэн чансаатай хоёр бөх
Булган
аймгийн Сайхан сумын харьяат, Олимпын алт, мөнгөн медальт, Монгол улсын
хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр их шөвөгт шалгаран улсын заан хүртсэн.
Сэлэнгэ аймгийн харьяат бөх Н.Жаргалбаяр улсын харцага цолоо ахиулан
улсын заан болж хурсан олноо баясгасан юм.
Хурдан морь
Хязаалан насны морьдын Түрүү
магнайд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн алдарт уяач
Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр, аманхүзүүнд Дундговь аймгийн Хулд
сумын харьяат Жаргалсайханы Эрдэнэтөгсийн хүрэн, айргийн
гуравт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Бат-Өлзийн
Отгоннасангийн хүрэн, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын
харьяат Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга,
айргийн тавд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Цагаан-Өвгөний
Жадамбын ухаа тус тус айрагдлаа.
Шүдлэнгийн уралдаанд Түрүү
магнай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Наранцэцэгийн
Алдаржаргалын уясан шарга, аман хүзүүнд Ховд аймгийн харьяат, Монгол
Улсын тод манлай уяач Түвдэнгийн Батцоожийн уясан, Завхан аймгийн
Цагаан чулуут сумын уяач Балдоржийн Баярдоржийн хээр үрээ, айргийн
гуравт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач н.Сумьяасүрэнгийн хурдан
цагаан үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн Заамар сумын хурдан уяач
Ариунбаярын хээр үрээ, айргийн тавд мөн Заамар сумын уяач н.Энхболдын
үрээ тус тус хурдаллаа.
Азарганы уралдааны Түрүү
магнай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Болдбаатарын хурдан халиун
азарга, аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт,
уяач О.Батболдын хээр, айргийн гуравт, Дундговь аймгийн Дэлгэрхангай
сумын харьяат, уяач С.Мөнхнасангийн хөх айргийн дөрөвт Төв аймгийн
Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор
айргийн тавд, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач МУ-ын
Манлай уяач Б.Энхболдын хээр тус тус хурдллаа. .
Их насны морьдын Түрүү
магнайдТөв аймгийн унаган морь, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач
Ч.Бямбасүрэнгийн хар, аман хүзүүнд Төв аймгийн Н.Мөнхзоригийн хул,
айргийн гуравт н.Лхагвасүрэнгийн буурал, айргийн дөрөвт Дархан-Уул
аймгийн Хонгор сумын харьяат Д.Тамирхүүгийн хүрэн, айргийн тавд Төв
аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын зээрд тус тус хурдалжээ.
Соёолон насны хурдан морьдын Түрүү
магнай Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, уяач Г.Батбаатарын
саарал, аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод
манлай уяач Д.Ганбаатарын хүрэн, айргийн гуравт Говь-Алтай аймгийн
Дарив сумын уяач С.Бямбасайханы халиун, айргийн дөрөвт Дорнод аймгийн
Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Ганчулууны хээр, айргийн
тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, МУ-ын Манлай уяач
Б.Бадраагийн хул тус тус орлоо.
Дааганы Түрүү магнайд Говьсүмбэр
аймгийн Баянтал сумын харьяат Б.Нямсүрэнгйн дангар зээрд, аман
хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн алдарт уяач
З.Батбаярын хул алаг, айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын харьяат
Б.Баярбаатарын хул, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын
харьяат аймгийн алдарт уяач Т.Батмөнхийн халтар, айргийн тавд Төв
аймгийн Сэргэлэн сумын И.Өлзийхутагийн сартай зээрд тус тус хурдалж
торгон жолоогоо өргөсөн юм.
Энэ
жилийн хурдан морьдын уралдааны нэг онцлог нь Шадар сайд У.Хүрэлсүхийн
"Монгол наадмаар Монгол морь уралдах ёстой” гэсэн үүргийн дагуу
бүртгүүлсэн морьдыг шинжин үүлдэрлэг байдал, шүдэлгээ, сэрвээний өндөр,
галбираас нь шалтгаалан олон морьдыг хассан юм.
Тухайлбал
Хязаалан насанд бүртгүүлсэн 304 морьдын 127, шүдлэн насны 254 үрээ
бүртгүүлсний 59, азарганд бүртгүүлсэн 171 морьдоос 98, их насны 307 морь
бүртгүүлснээс 261, соёолон насны 253 морь бүртгүүлсний 128, дааганд
уралдахаар бүртгүүлсэн 282 морьдын 71 нь уралдах эрхтэй болж нийт 744
хурдан морьд уралдсан юм.
Сурын харваа
Үндэсний сурын Эрэгтэй харваачидын төрөлд Баасанхүүгийн
Ёндон – Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин
спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол улсын мэргэн
түрүүлж Монгол улс ын даян мэргэн боллоо.
Эмэгтэй харваачидыг Дорнод
аймгийн Дашбалбар сумын уугуул, алдар спорт хороо, зэвсэгт хүчний 284
дүгээр ангийн харваач, Жем интернэйшнл компаний харваач МУ-ын спортын
мастер, аймгийн мэргэн Батбаярын Баярчимэг 34 оноогоор тэргүүллээ.
Урианхай сурын харваанд Баян-Өлгий
аймгийн Булган сумын харьяат, Төв аймгийн "Зуун мэргэн” холбооны
харваач, спортын мастер Д.Баттулга 25 оноогоор түрүүлж, Улсын мэргэн цол
хүртлээ.
Буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Хэнтий
аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг, Хангарьд спорт хорооны
харваач, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн тамирчин, Буриад сурын
спортын мастер Нямсүрэнгийн Өлзийхутаг тэргүүлсэн бол эмэгтэй харваачдыг
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Улаанбаатар хот, Алдар спорт
хорооны харваач, Жем интернэйшнл компаний тамирчин Б.Баярчимэг тэргүүлж
сур харвааг сонирхогчдын мэлмийг баясган наадууллаа.
Шагайн харваанд 64 багийн 600 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Үлэмж
дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн "Богд Төмөр Гол”
компанийн баг тэргүүлсэн бол ахмадын харваанд Монгол Улсын Дархан мэргэн
Д.Дамбапэлжээ ахлагчтай Төв аймгийн баг түрүүлсэн юм.