МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал
авсан. 2000 онд тэд УИХ-ын бараг бүх суудлыг авч байснаас хойш тохиосон
хамгийн том ялалт байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдыг зад
шүүмжилж, сэдэв болгоныг барьж авч байсан МАН-ынхан өөрсдөө Засгийн эрх
авснаас хойш ярьсан, хэлсэн, амласан, тэмцсэн болгоныхоо эсрэг ажиллаж
эхэлсэн.
Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэж, төгрөг цаас
болж хувирах дээрээ тулчихлаа. Валютын ханш өдрөөс өдөрт нэмэгдэж, 2000
хол давчихаад байна. Энэ мэтээр болж бүтэхгүй асуудлыг ярьвал
барагдахгүй. Харин энэ бүх асуудлыг хэн шийдэх ёстой вэ. УИХ, Засгийн
газар.
Харин УИХ, Засгийн газарт хэн байна, МАН-ынхан. УИХ-д
65-уулаа шаваад суучихсан байгаа. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл юу шийдэв.
Яам, тамгийн газар, агентлаг, талбайн нэр сольсон. Цэнхэр өнгөтэй байсан
хаягийг улаан болгосон гэх мэт өөрчлөлтийг л хийх шив дээ.
УИХ-ын
намрын чуулган эхлээдолигтой хууль гаргасан бил үү. Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас авахуулаад нэн шаардлагатай хуулиудыг
батлахгүй л байгаа. Харин оффшорчдыг дэмжсэн маягийн ганц нэг хууль
гаргасан байх. Одоо бүр сүүлдээ хуралдаа ирдэг гишүүн ч гэж алга.
Намар гэхэд орон нутгийн сонгууль гээд л УИХ-ын чуулганыг завсарлуулаад хөдөө явчих жишээтэй.
Одоо
болохоор намын бага хурал хуралдаж байна гэсэн шалтгаанаар бүлэг,
байнгын хорооныхоо хурлыг хийдэггүй. Сүүлийн 2-3 долоо хоног МАН-ын
бүлэг хуралдаагүй. Цаашлаад байнгын хороо, чуулганы хурлаа ч олигтой
хийгээгүй. Угаасаа ирц нь хүрэхгүй байсаар тарсан байнгын хорооны хурал ч
байгаа. Сая өнгөрсөн пүрэв гарагт гэхэд 25 гишүүн суулгачихаад, 42
хүний саналаар л хууль батлах ажил хийгээд байх жишээтэй.
УИХ-ын
дарга М.Энхболд Орос руу явсан. Тэгэхдээ баахан сайд, гишүүдийг
дагуулсан байна билээ. Ганц асуудал хэлэлцэж, баримт бичигт гарын үсэг
зурахад Оросын талаас гурван жижиг дарга, манайхаас 10 гаруй гишүүн,
сайд байх жишээтэй. УИХ-ын дарга нь 10-аад гишүүн дагуулаад явчихаар л
МАН-ын 65-ын бүлгийн ирц хүрэхгүй, чуулганы хуралдаанаа эхлүүлэх гэж цаг
хүлээж байна. Уг нь 20 хүн нь байхгүй байсан ч МАН-ын 65-аас 45 нь
үлдэнэ. Тэгээд АН-ын ганц нэг дээр О.Баасанхүү, С.Жавхлан нэмэгдэхэд
чуулганы ирц хангалттай. Харамсалтай нь тэдэнд тийм ухамсар алга. УИХ-ын
дэд дарга Ц.Нямдорж пүрэв гарагийн өглөө телевизээр баахан үглээ биз
дээ.
Залуу гишүүдээ хаана явааг сураглаж, туслахуудыг нь дарга
нараа сэрээж байж гээд л загнасан. Өглөө 10:00 цагт эхлэх ёстой чуулганы
хуралдаанд зарим гишүүнд хаа байсан 12:00, 13:00 цаг болж байхад ирэх
жишээтэй. Манайхан баяр, ёслолд хоцорч ирдэг ээ. Тэр дундаа УИХ-ын
гишүүд. Хүндтэй царайлж байгаа нь тэр юм байлгүй дээ. Гэхдээ УИХ-ын
чуулган чинь баяр ёслолоос арай өөр баймаар. Тэд ажлаа хийхгүй байна.
Тэгээд ажлаасаа хоцорлоо гээд энэ нөхдүүдийн цалин хасагддаг уу. Хэн
нэгэн хариуцлага тооцох уу. Үгүй шүү дээ.
Тэгсэн мөртлөө л баахан
шударга ёс, зарчим ярьсан хүмүүс. "Нойроо” дийлдэггүй юм бол төр түших
гэж дөвчигнөж яана вэ. Эсвэл хувийн ажил нь амждаггүй юм бол гишүүнээсээ
татгалзаад, өөрийнхөө ажлыг хий л дээ. Улс орны төлөө ажиллана,
зүтгэнэ, сайн сайхан болгоно гэж завьжаа цууртал "бурж” байж
сонгогдчихоод дараа нь ажилдаа цагтаа ирэхгүй, дулаан хөнжилдөө дугжирч
байх чинь одоо тэгээд ариун явдал уу. Өнөөх зарчим, шударга ёс, мэдлэг
чадвар, хариуцлага чинь хаана байна аа.
Өнгөрсөн дөрвөн жилд
З.Энхболд УИХ-ын дарга байх даа ирцээ хүргээд, ажлаа хийгээд чадаад
байсан. Гэтэл нэг нам бүхэл бүтэн 65 суудал авчихаад яагаад бүгдээрээ
хуралдаа ирж суугаад, бүлгээ, байнгын хороогоо, чуулганаа хуралдуулчихаж
чадахгүй байгаа юм. Ядаж хуралдаа ирж суухгүй байгаа МАН-ын 65-ын
бүлгээс бид улс орныг өөд нь татаж, маныгаа жаргаана гэж найдаад хэрэг
байна уу. Хараад байх нь ээ, МАН-ын дотоод асуудал, албан тушаалаа
хуваах, хууль журмаа лоббидохоос улс орны ажил хэдэн шат доогуур
болчихоод байна. Тэд юугаа хийгээд байна аа. Ямар өнгөрсөн жилүүдийнх
шиг сөрөг хүчнийхэн саналаар гацааж, шийдвэр гаргахад тээг садаа болно
гэх биш. Арзайсан олон хүн УИХ-ын гишүүн болж, ам хэлээ билүүдэх эрхтэй
болоо биз дээ.
Ярс гээд л гар өргөхөд ямар ч шийдвэр гаргах эрх
мэдэл энэ намд бий шүү дээ. Гэтэл ирцээ бүрдүүлээд, бүлгээ хуралдуулаад,
байнгын хорооны хурлаа хийгээд, чуулганаараа асуудлаа шийдээд явчих
чадамжгүй л байна. Уг нь МАН-ын болоод УИХ-ын дарга М.Энхболд Бага
хурлынхаа үеэр хариуцлагын асуудлыг баахан ярьсан.
Гэтэл өнөө
яриад байгаа хариуцлага нь хаашаа харваад одчихов оо. Ёстой хэлэх муу үг
ч олдохгүй гэдэг шиг л юм болоод байна. 65 суудалтай байж ядаж талыг нь
чуулганд суулгаад, хууль баталчихаж чадахгүй л байна шүү дээ. Бодвол
УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэгт ажилдаа ирэхгүй байж болно гээд
заачихсан байдаг юм байлгүй дээ.
Ер нь цаашид гишүүд бүлэг,
байнгын хороо, чуулганы хуралдааныг тасалсан, хоцорсон тоогоор, цаг,
минутаар нь торгодог, цалинг нь хасдаг систем рүү шилжих цаг болж.
Цаашлаад хуралдаа суухгүй бол буцааж татдаг, огцруулдаг байсан ч яах вэ
дээ. Манайд УИХ-ын гишүүнийг торгох, буцааж татах эрх зүйн зохицуулалт
байхгүй болохоор тэд өглөө 10:00 цагт ажилдаа оччихож чадахгүй, бүрэн
эрхээ эдэлж, гэртээ "унтаад” байхгүй юу.
Тийм болохоор тэднийг
"сэрээх” ямар нэг зохицуулалт хэрэгтэй байна. Эсвэл гишүүдээ цуглуулж
чадахгүй байгаа дарга нарыг нь өөрчилмөөр юм уу. Уг нь УИХ-ын гишүүн
гэдэг ухамсартай, ядаж хуралдаа суучихдаг, ажлаа хийчихдэг л байх ёстой.
Гэтэл энэ парламентадад дүүрэн ухамсрын доройтолд орчихсон хүмүүс
дүүрчихсэн бололтой.
Н. Пунцагболд
Эх сурвалж : Монголын мэдээ