Туулсан бүхэн түүх болон үлдэж, туулах ирээдүй гэрэлт хуудсаа нээж буй энэ мөчид Өнгөрсөн 2023 он монголчуудын хувьд нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт ололт, амжилт басхүү шинэ сорилттой нүүр тулсан цаг хугацаа байлаа.
Шинэ он гарахад цөөхөн хоног үлдсэн энэ үед Scandal.mn 2023 онд болсон Scandal болсон үйл явдлыг онцлон эргэн сануулж байна.
1.Ирээдүй хойчоосоо хэмнэлтийг эхэлдэг Засгийн газрын бүтэлгүй бүртгэл
Засгийн газраас нийт хүүхдийн 91 хувь буюу 1.1 сая хүүхдэд хүүхдийн мөнгө болох 100 мянган төгрөгийг өгнө. Үүнд 1,2 их наяд төгрөг зарцуулж, "Өндөр орлоготой” айл өрхийн буюу нийт хүүхдүүдийн 9 хувийг хүүхдийн мөнгөнөөс хасах шийдвэр гаргаж байлаа. Иргэд аргаа барахдаа "Шаардлагагүй зардлаа хэмнэ” хэмээж жагсаал хийсний дараа иргэдийнхээ хүсэлтийг биелүүлж буй нэрийдлээр тэдний хүүхдийн мөнгөнд гар хүрсэн нь олны эгдүүцлийг улам бүр бадраагаад авсан. Тэд баян айлын хүүхэд төрөөс мөнгө авах ёсгүй хэмээсэн. Гэтэл үнэндээ манай улсын хууль журмаар хүүхэд гэсэн тодорхойлолтод багтсан нэг ч иргэн "баян” биш. Тэдэнд өөрсдийн бүтээсэн баялаг, хөрөнгө мөнгө гэж үгүй. Ердөө л сурагчийн формтой хүүхдүүд шүү дээ. Үүнээс гадна хэмнэлтийн хэрэгжилтэд нь ч гэсэн алдаа дутагдал их гарсан. Жишээ нь: Өрхийн мэдээллийн сангийн системд зөрүү үүсэж, зарим иргэн хаа хамаагүй хүнтэй "гэрлэсэн", "хүүхдийн тоогоо нэмсэн", "хүүхдийн тоо дутсан”. Бүр болоогүй салбарын сайд нь хүртэл "долоон хүүхэдтэй” болчихсон байсан. Энэ мэтчилэн асуудлаас үүдэн Засгийн газар шийдвэрээсээ буцаж, 2023 оны долдугаар сараас эхлэн хүүхэд бүр мөнгөн тэтгэмжээ авдаг болсон юм.
2.Монголын аврагчид газар хөдлөлтийн голомтоос найман хүний амийг аварчээ
Турк улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдаж, бэртэж, орон гэргүй болсон юм. Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн туркүүдэд монголчууд тусламжийн гараа сунгаж, Засгийн газраас 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багаа илгээж, Сири улсад хүмүүнлэгийн тусламж хүргүүлсэн. Монгол Улсын аврах багийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ахлан хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хамгаалаад ирсэн юм. Монголын аврах багийнхан анх удаа гадаад улсад үүрэг гүйцэтгэснээс гурван чиглэлээр ажилласан байна.
Нэгт: Газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааг явуулсан. Үүнийг онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн гүйцэтгэжээ.
Хоёрт: Гамшигт нэрвэгдсэн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зэвсэгт хүчний томилгоот бие бүрэлдэхүүн хийлээ.
Гуравт: Монголын ард түмнээс илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн барааг хүргэжээ.
Монгол улсын Эрэн хайх, аврах баг хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд найман хүнийг нуранги доороос аварч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн ба 19 хүний цогцсыг олж гарган, 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
3.Төслөөсөө төөрсөн хөгжлийн банкны зээлийн хулгай
Монгол Улсын Хөгжлийн Банктай холбоотой хэргийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттайгаар явуулсан. Анх удаа хамгийн олон буюу 275 оролцогчтой уг хэргийн шүүх хурлын бүх үе шатыг монголчууд нээлттэй үзсэн юм.
Тэгвэл хөгжлийн банкнаас авсан зээлүүд нь бүгд төслөөсөө төөрсөн байсныг эргэн сануулбал:
-"АЧЛАЛ ТРЕЙД” ХХК: ХБ-ны нийт санхүүжилтээс өөрийн компанийн нэр дээрх зээл хаахаас гадна хувийн дансаар гүйлгээ хийсэн нь зориулалт бус зарцуулалт гэж шинжээч үзсэн юм.
-"БЭРЭН ГРУПП” ХХК: Ерөнхий захирал Б.Мөнхтөрийн хувийн данс руу шилжсэн мөнгөнөөс Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авсан гэх мэдээллийг сонсголын үеэр хурал даргалагч өгсөн билээ. Б.Мөнхтөр өөрөө үгүйсгэсэн боловч Макаогийн казинод түүний нэр дээрх данснаас 130 гаруй сая төгрөгийн зарлагын баримтыг ил болгосон юм.
-"Монгол мах экспо" ХХК: Хөгжлийн банкнаас авсан зээлээ 100 хувь зориулалт бусаар зарцуулсан гэж шинжээч дүгнэв. Түүнчлэн "Монгол мах экспо" компанийн зүгээс Хөгжлийн банканд гаргаж өгсөн тайланг хуурамчаар бүрдүүлсэн гэх шинжээчийн дүгнэлт гарсныг шинжээч танилцуулсан юм.
-"Зэст өндөр” ХХК: 3 тэрбум төгрөгөөр хадгаламж барьцаалсан зээлээ хаасан.
-"МЭИК” ХХК: Хөгжлийн банкнаас авсан 7.2 тэрбум төгрөгөөс 4 орчим тэрбум төгрөгийг бусад барилгын санхүүжилтэд зарцуулсан.
-"Монгол драй милк” ХХК: Э.Эрдэнэбилэг, Ц.Урантөгс, Б.Сайнзаяа гэх иргэдийн дансаар бэлэн зарлага хийсэн.
-"Газ импорт” ХХК: 90 сая төгрөгийг хувь иргэний буюу Бат-Эрдэнийн ХХБ дахь дансанд шилжүүлсэн.
-"Мон лаа” ХХК: ХБ-наас авсан зээлээ гадаад руу гүйлгээ хийсэн тул зарцуулалтыг бүрэн хянах боломжгүй болжээ.
-"Эйч энд эйч ремикон” ХХК: 92.6 хувийг бэлэн зарлага гаргасан тул шинжээч дүгнэх боломжгүй, гэрчээс тодруулах шаардлагатай гэж үзэв.
-"Энсада истерн” ХХК: 0.8 сая ам.долларыг зориулалт тодорхойгүй иргэний данс руу шилжүүлсэн.
-"Шарын гол” ХХК: ТУЗ-ийн даргаар ТЕГ-ын дарга асан Гэрэлийн охин Г.Хулан ажилладаг ба эл компани ББСБ-ын данс руу 4 тэрбум төгрөг шилжүүлжээ.
-"Эрд хул” ХХК: 289.2 сая төгрөгийн зориулалт бүрэн бус.
-"Эрэл" ХХК: ХБ-аас авсан зээлээс 1.8 сая ам.доллар нь Б.Эрдэнэбатын төрсөн хүүгийн дансаар бэлнээр гарчээ.
-"Бармон” ХХК: ХБ-аас авсан зээлээсээ хувьцаа эзэмшигчийнхээ данс руу 9.6 тэрбум төгрөгийг шилжүүлж, бэлэн зарлагын гүйлгээ хийсэн.
-"Болор шүр” ХХК: Зарцуулалтыг бүрэн нягтлах боломжгүй байна гэж шинжээч дүгнэв.
-"Эгийн голын цахилгаан станц" ТӨХХК: ХБ-аас авсан 29,9 тэрбумын зээлийн 314 сая төгрөгийг бэлэг дурсгалын зориулалтаар зарцуулжээ.
-"Модун” ХХК: Хувьцаа эзэмшигчийн данс руу 842 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж, бэлэн зарлагадсан.
-"Дэд бүтэц инженеринг” ХХК: Нягтлан бодогч Уранчимэг 70 сая төгрөг кассаар болон өөрийн дансанд шилжүүлэн авсан.
4.40 их наяд буюу нүүрсний хулгай
Монгол Улс сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрс хулгайд алдсан гэдгийг Монгол, Хятадын гаалийн байгууллагаас УИХ-ын хянан шалгах түр хороонд мэдүүлжээ. Энэ нь өнөөгийн ханшаар тооцвол 6.5 тэрбум ам.доллар буюу 40 их наяд төгрөг дөхнө. Гэхдээ энэ нь зөвхөн бүртгэлийн зөрүүнээс гарсан тоо бөгөөд бүртгэлгүйгээр хэдэн саяыг гаргасныг тооцох боломжгүй юм. Нүүрсний хулгайн талаарх сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Эхний сонсголд давхардсан тоогоор 275 гэрч дуудсанаас 221, хоёр дахь үе шатанд давхардсан тоогоор нийт 577 гэрч дуудсанаас 419 нь ирж оролцжээ.
5.Боловсролын зэлийн сангийн боловсон хулгай
Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал "Боловсролын зээлийн сангаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийн 90 хувийг төрийн өндөр албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн хүүхдүүд авсан” гэх ноцтой судалгааг нийтэд танилцуулж байлаа. Боловсролын зээлийн сангийн зээлээр 1997 оноос хойш гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт Монгол улсын 1,950, гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүн байдгаас 230 нь гэрээний үүргээ огт биелүүлээгүй байгаа юм. Иргэдэд нээлттэй, бүгдэд тэгш боломж олгох ёстой БЗС-аас зээл авсан хүмүүсээс нэлээд нь төрийн өндөр албан тушаалтан, улстөрчид болон тэдний хүүхдүүд байсан нь ил болсон. Энэ мэтчилэн оюуны өндөр чадамжтай ч орлого багатай, сургалтын төлбөрөө төлөх боломжгүй хүүхдүүдийг дэмжихэд зориулсан Боловсролын зээлийн санг хүртэл хүүхдүүдээрээ дамжуулаад цөлмөчихсөн байгаа юм. Эдгээр үйл явдлын дараа уг сангийн зээлээр гадаадад суралцах 50 оюутныг энэ жил анх удаа олон нийтэд зарласан.
6.Монгол улсын их хурал 76 биш 126 гишүүнтэй болно
УИХ-аар 2019 онд Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг хийж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан.Үүний дараа 2022 онд буюу ердөө жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчилж, "давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг. Харин дараа нь УИХ-ын 76 гишүүдийн тоог нэмж 126 болгож, сонгуулийн холимог тогтолцоог ёсчлон баталлаа. Энэ удаагийн өөрчлөлт УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн байр суурийн хүрээнд гарч ирсэн бөгөөд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүйгээр парламентын сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжгүй гэж хууль санаачлагчид тодотгож байсан юм. Өөрөөр хэлбэл "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" хэмээн Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгаж, өөрчлөлт орууллаа.
7.Монгол улс Солонгос жуулчдын хөлд дарагдав
Манай улс 2023 оныг Аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан нэг сая жуулчин хүлээн авах зорилго тавьсан. Энэ хүрээнд 30 хүртэл хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэнийг гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлсөн юм. Монгол Улсад БНСУ-аас хамгийн олон жуулчин ирсний дотор Жан Хёг тэргүүтэй тус улсын зургаан алдартан ирж,”Хүргэлт ирлээ” шоугаа хийсэн нь манай улсын хувьд маш том сурталчилгаа болсон юм. Мөн плас сайз моделиуд ч Монгол Улсыг сурталчлан таниулсан нь Солонгосоос ирэх жуулчдын тоо үлэмж нэмэгдэх шалтгаан байснаас гадна 2024 оны аялал жуулчлалд хүчтэй нөлөө үзүүлэх юм.
8.Улаанбаатар үерт биш авлига, ялзарсан тогтолцоондоо живж байна
Усархаг бороо дөрөв, таван өдөр үргэлжлэн орсондоо хот үерт автсан юм биш. Улаанбаатар авлига, ялзарсан тогтолцоондоо живж байна. Бороо гамшгийн хэмжээнд хүртэл орсондоо ч биш, ямар ч төлөвлөлтгүй хотын газрыг наймаацсан дарга нарын балгаар хот живж байна. Иргэд стандартгүй хотод оршин байгаагаа борооны ачаар илүүтэй мэдэрч, хотын удирдлагуудаас хариуцлага нэхэж байна. Үүнтэй зэрэгцээд хууль бус газар олголтын асуудал сөхөгдөж, усны онцгой хамгаалалтын бүсийн объектуудыг чөлөөлөх ажил ч яригдлаа. Энэ хүрээнд "Авлига хороолол" хэмээн нэрлээд буй Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг албадан буулгах шийдвэр гарсан. Улаанбаатар хотын эмх замбараагүй газар олголт, олон жилийн төлөвлөлтгүй байдлын төлөөсөнд долоон хүний амийг үерт алдаж, 600 гаруй айл өрхийн гэр, байшин усанд автсан харамсалтай хэрэг тохиолоо. Гэвч өнөөдрийг хүртэл "Авлига хороолол”, S.Outlet зэрэг газрууд сүндэрлэсээр байгаа нь ирэх зун яах бол гэсэн айдас төрүүлж байгаа юм.
9.Х Богд Монголоос тодорлоо
Далай ламын айлдварт X Богдоор тодорч буй 8 настай хүү бол "Монполимент" группийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зээ юм. Түүний ээж нь Ц.Гарамжавын охин, "Монцемент" төслийн удирдагч Н.Мөнхнасан бол аав нь математикч Ч.Алтаннар юм. Шинээр тодорсон Х богд аль нэг хийдэд бус, Богд уулын Арцатын аманд байгуулж буй нийтэд шашны боловсрол олгох шашин-соёлын цогцолбор хүрээлэнд суух юм байна. Х Богдыг тодруулахдаа газар байршил, төрсөн цаг хугацаа зэрэг нарийн шүүлтүүрээр судлахад олон мянган хүүхдээс 11-ийг оновчлон үзсэн байдаг. Тэдний есөд нь IX Богдын эдэлж хэрэглэж байсан зүйлээс таниулах ажлыг хийсэн тухайгаа Номун хан Д.Чойжамц хэлж байв. Ингэхэд есөн хүүхдээс ердөө нэг нь хольж тавьсан олон эдлэл дундаас IX Богдын өдөр тутам ном уншдаг байсан хайртай эрхийг нь шууд хүзүүндээ зүүж, хонхыг нь олж авсан гэдэг.
10.Дуулиан дагуулсан "Баривчилгаа”-ууд
Яруу найрагч Ц.Хуланг өнгөрөгч нэгдүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа билээ. Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд зааснаар гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар түүнд 9 жил 6 сарын хорих ял оноолоо.
Олноо Лайвчин нэрээр алдартай Д.Мөнх-Эрдэнийг Анхан шатны шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож нээлттэй хорих ангид гурван жил 10 сар хорих, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг. Энэ шийдвэрийг тэр бээр эсэргүүцэж, давж заалдсанаар хорих ялаа 2 жилээр бууруулсан юм.
Negun.mn сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг өнгөрсөн нэгдүгээр сараас хойш ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан бусдаас мөнгө нэхэж дарамталсан хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид 7 сар саатуулсан юм.
Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн хэрэгт холбогдуулан СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
11.Аймгуудын 100 жил давхцаж, бүтэн сар наадлаа
Энэ онд Хэнтий, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймгуудын түүхт 100 жилийн ой тохиож хотол олноороо дэнж хотойтол сайхан наадлаа. Засгийн газрын баталсан тогтоолоор Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Говь-Алтай аймаг наймдугаар сарын 1, 2-нд, Архангай аймаг Завхан аймаг, Төв аймаг, Хэнтий аймаг долоодугаар сарын 27, 28-нд тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Гэвч наадамчин олны сэтгэлийг гундаасан таагүй мэдээ дуулдаж, үндэсний их баяр наадмын түрүү бөх Д.Бадарчаас допинг илэрсэн нь батлагдав. Архангай аймгийнхан 100 жилийн ойдоо зориулж 20,000 хүний багтаамжтай, 2,000 орчим машины зогсоолтой жишиг цогцолбор байгуулсан бол Говь-Алтай аймаг ойдоо зориулан 3,500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж, долдугаар сарын 20-нд ашиглалтад оруулсан. Хэнтий аймгийн баярын арга хэмжээнд олон улсын хүндэт зочид уригдаж, наадмын нээлтийн тоглолтод 1,700 гаруй уран бүтээлч оролцсон юм.
12.Хоёр даргыг огцруулсан "Ногоон автобус”-ны хэрэг
2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэдгийг албаныхан сүр дуулиантайгаар мэдээлж байсан. Гэвч нийтийн тээврийн бүтэлгүйтэл дахин ногоон өнгийн автобусаар үргэлжлэв.
БНСУ-ын "Daewoo Bus” үйлдвэрийн ногоон автобусны нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөг бөгөөд энэ үнэ нь өнөөгийн зах зээлийн үнээс харьцангуй хямд үнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.
Гэвч өндөр үнэтэй энэ автобусны талаар олон нийтийн сүлжээнд БНСУ-д үйлдвэрлээгүй, Вьетнамд үйлдвэрлэсэн, зарим эд анги нь зэвэнд идэгдсэн, хуучин автобусыг оруулж ирсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж нийтийн тээвэртэй холбоотой авлигын хэрэг дээр АТГ, ЭЦГ хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг үүрэг болгосон.
Энэ дуулианаас болж Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа, Ж.Сүхбаатар Хотын асуудал эрхэлсэн сайдын албаа өөрийн хүсэлтээр өгсөн юм.
13.Хүйтэн хөшөөнүүд хүүхдийн аюулгүй байдлаас илүү юу? Дарга нар аа!!!
Монгол Улс хүүхдэд ээлгүй, хатуу харгис нийгэм болсныг өнгөрч буй онд гарсан хэд хэдэн харамсалтай, золгүй явдлаас харж болно. Энэ оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол, үер, ус, угаартах, өндрөөс унах зэрэг шалтгаанаар 85 хүүхэд амиа алдсан харамсалтай тоон мэдээлэл байна. Нийгмийг цочроосон хамгийн аймшигтай хэрэг нь Дорноговь аймагт гарсан 12 настай охины хэрэг юм. Энэ мэтчилэн хүүхэд алга болох, гэмт хэрэгт холбогдох зэрэг асуудал гарахад түүнийг нотлох камерын бичлэг дутагддаг нь аль ч аймаг, суманд бий. Гэтэл энэ жил ихэнх аймаг сумын 100 жилийн ой тохиосон. Тэд 100 жилээрээ камержуулалтын тоо хэмжээг нэмэх, сайжруулах асуудлыг хойш тавьж угтан авах хаалга, сүр бараатай хөшөө дурсгал барихыг илүүд үзсэн нь иргэдийг төлөөлж төрд суугаа төрийн албан хаагч, дарга нар иргэдээ гэсэн жоохон ч сэтгэл байхгүй байгааг илтгэх мэт. Харин хэргийн хохирогч болсон охин амиа алдсаны дараа эрх баригчид сая нэг Эрүүгийн хуульд засвар оруулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох шийтгэлийг чангатгав.
14.Шинэ хамба Д.Жавзандорж ламыг ширээнд нь заллаа
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбын албыг 31 жилийн турш хашсан 29 дэх Хамба Номун хан Д.Чойжамц өөрийн хүсэлтээр албаа өгч дараагийн хамбаар Лхаарамбын дамжаа хэмээх эрдмийн хамгийн дээд зэрэг цолыг хамгаалсан ламаар Д.Жавзандоржийг өргөмжилсөн юм. Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж "Уламжлалт бурхны шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлснээс гадна өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргана гэдгээ хэллээ.
15.Монголын урлаг Дэлхийд
Урлагийн ертөнцийн онцлох үйл явдлуудаас толилуулахад : Морин хуурын чуулга Францын Версалийн ордон, Сиднейн театр зэрэг олон улсын томоохон тайзнаа хуураа эгшиглүүлж, ”Чингис хаан” одон хүртлээ. Дэлхийн кино урлагийн хамгийн том арга хэмжээний нэг болох "Каннын кино наадам"-д Монголоос анх удаа "Баавгай болох сон” кино нэр дэвшив. Уг кино нь агаарын бохирдол, архидалт, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт манай нийгэмд тулгарч буй олон асуудлыг хөндөн гаргасан нь олон улсад ийнхүү анхаарал татав. Мөн
•"Тамгагүй төр” жүжгийг англи хэлээр дэглэж, Лондон хотод нээлтээ хийсэн
•Жүжигчин Б.Барслхагва Японы кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шагнал авлаа
•Шог зураач Л.Мөнхтөр дэлхийн аварга болов
•Прага хотын Урлагийн академид тэнцсэн анхны монгол хөгжимчин Б.Билгүүн
•Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон боллоо
•"Сэр сэр салхи" уран сайхны кино Оскарт оролцох эрхээ авлаа
•Солонгосын хамгийн их үзэлттэй киногоор шалгарсан "Хүчирхэг эмэгтэй Ким Нам Сүн"-ий зураг авалтыг Монголд хийсэн
•Солонгосын Universe ticket тэмцээнд Монгол охин амжилттай оролцлоо
•Б.Гүен төгөлдөр хуурын олон улсын тэмцээнээс гран-при шагнал хүртлээ
•"Moon Dance” хамтлаг ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн зэрэг монголын урлагийн салбар дэлхийн жишигтэй хөл нийцүүлэн алхаж байна.
16.Монголчууд Азийн наадмаас 13 алтан медаль хүртлээ
Монголчууд энэ онд спортын амжилтаар дүүрэн байлаа. Цар тахлын улмаас хойшлогдоод байсан "Ханжоу 2022" 19 дэх удаагийн Азийн наадамд манай улсаас 34 спортын төрөлд 402 тамирчин оролцож гурван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр 38 орноос 22 дугаар байрт эрэмбэлэгдэв. Түүнчлэн Монголын тамирчид цахим спортын төрлөөр анх удаа дэлхийн аварга болсон зэрэг энэ оны онцлох амжилтуудыг дор дурдъя:
•Ханжоу-2022 Азийн наадмаас Б.Отгонболд байт харвааны төрөлд аваргын алтан медаль хүртэв
•Монголын уулын цаначид залуучуудын өвлийн олимпын наадамд анх удаа уралдана
•Ханжоу-2022 Азийн наадмаас Б.Чинзориг алтан медаль хүртэв
•Монголын тамирчид PUBG Mobile-ийн дэлхийн аварга боллоо
•Ханжоу-2022 Азийн зуны спортын IV пара наадмын таеквондогийн төрөлд Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэв
•Монголын ой тогтоолтын шигшээ баг тав дахь удаагаа дэлхийн аварга боллоо
•Ази Номхон далайн ESL Challenger лигт The Mongolz баг аваргалжээ
•Сурагчид цээж тоолол соробаны ДАШТ-ий цомын эзэд боллоо
•С.Жамбалжамц Испанийн мэргэжлийн багт албан ёсоор нэгджээ
•Монгол Улс даамын дэлхийн хоёр аваргатай боллоо
•Азийн цомын аварга шалгаруулах уран сайхны гимнастикийн тэмцээн Монголд боллоо
17.Монголын армид хугацаат цэргийн алба хаахаар очсон залуус амиа алдсаар
Эх орноо хамгаалахаар эр цэргийн албанд татагдан очсон залуусаас зарим нь эргэж ирсэнгүй. Зэр зэвсэг агссан дайнд мордоогүй ч энх цагт цэргийн албанд дарга нарын дарлал, хал цэргүүдийн дэглэлтийг дааж давахын төлөөх тэмцэлд тэд амиа өгч байна. 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хугацаат цэргийн албанд татагдан очсон залуусын 21 нь амиа алдсан. Хамгийн сүүлд гэхэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдсан, төгсөх курсийн оюутан залуу шөнө унтаад сэрээгүй гэсэн мэдээлэл нийгмийг цочроосон юм. Энэхүү хэргээс өмнө оюутан цэрэг гүйж байхдаа ухаан алдаж эмнэлэгт хүргэгдээд нас барсан, цэргийн албан хаагч амиа хорлосон, цэрэг нас барсан гэх хэргүүд шил дараалан гарсан. Гэвч "мөрдөн шалгах ажиллагааны нууц, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх албаны үгэнд аяндаа замхардаг гэхэд буруудахгүй.
18.Монгол улсын хувьд түүхэндээ анх удаа Өмнөговь аймаг тэрбумын төсөв баталлаа
Өмнөговь аймаг 2024 оны төсвийг 1,446.2 тэрбум төгрөгөөр баталж үүнээс 49.7 хувь буюу 719.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм. Орон нутгийн 2024 оны төсвийн жилд аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардалд нийт төсвийн 37.1 хувь буюу 537.1 тэрбум төгрөгийг зориулах ба 13.2 хувь буюу 189.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд төлөвлөн баталжээ. Манай улсын стратегийн орд газрууд болох Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт тэргүүтэй уул уурхайн 14 том компани Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг. Энэ ч утгаараа уул уурхай дагасан хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөнд хамгийн ихээр өртдөг бөгөөд бүртгэлтэй 75000 иргэнээс гадна мөн төдий тооны бүртгэлгүй иргэд ажиллаж амьдардаг, тэр ч утгаараа төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад ирэх ачаалал бусад аймгуудаас өндөр байдаг онцлогтой.
19.Шатахууны хомсдол
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, хүйтний эрч чангарч буй энэ үед шатахуун хомсдоод сар гаруй боллоо. Үүнтэй холбоотойгоор орон нутагт нөхцөл байдал хүндэрч малчид аймаг, сум дамжин шатахуун хайж, уруудсан малынхаа араас ч явж чадахгүй болсон нөхцөл байдал цахим орчинд тархсан. Ихэнх шатахуун түгээх станцуудад АИ-92 шатахуун тасарсан бөгөөд урт дараалалд олон цаг болсон иргэд АИ-95 авахаас өөр сонголтгүй болсон юм. Цахилгаан эрчим хүч, шатахуун гэсэн стратегийн гол бүтээгдэхүүнээрээ хойд хөршөөс хэт хамааралтай явж ирснийхээ горыг монголчууд ийнхүү амсаж байна.
20.Метроны үлгэр үргэлжлэх үү? дуусах уу?
Олон жилийн турш, тэр тусмаа сонгуулийн өмнөх жилүүдэд иргэдийн чихэнд цэцэг ургуулдаг олон сайхан төслүүдийн нэг яах аргагүй метротой болох төсөл юм. 2008 оноос хойш яригдсан энэхүү төсөл анх удаагаа Засгийн газрын түвшинд баталгаажиж, Амгалангаас Яармагийн дэнж хүртэл метроны 22,3 километр зам барих ажлын төслийг танилцуулсан. Төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл нийслэлчүүд 2028 онд метрогоор явж эхлэх юм.
21.Нүүрсний гэх хэргээс үүдэн УИХ-ын дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүллээ
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 85 хүнийг яллагдагчаар татан шалгаснаас УИХ-ын гишүүн байсан бөгөөд Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлсэн бол Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр шалгуулахаар бүрэн эрхээсээ түдгэлзсэн. Ингэснээр парламент 72 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл 100,000 гаруй иргэний санал ийнхүү үнэгүйдэв.
22.777 жилийн дараах айлчлал ба хөрөнгө оруулалт
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Католик шашны тэргүүн Пап Францис тус улсаас манай улсад элч илгээснээс хойш 777 жилийн дараа айлчилсан нь энэ. Уг айлчлал нь шашин, улс төр, эдийн засгаас гадна түүхэн ач холбогдолтой гэдгээрээ онцлог байсан юм. Түүнийг дагаж манай улсад 23 орны 160 орчим сэтгүүлчээс гадна орон орны католик шашинтнууд ирсэн нь Монголыг дэлхий дахинаа харах боломж болсон юм. Хоёр орны Төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалын үр дүнд Монгол Улсад уран олборлохоор хийгдэж буй маш чухал хөрөнгө оруулалтын ажлын эхлэл тавигдав. $1.6 тэрбумын хөрөнгө оруулалт татах уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлийн оролцогч болох стратегийн онцгой ач холбогдол үүсэх юм. Мөн айлчлалын үеэр Монгол Улс цөмийн эрчим хүчтэй болох, 10GB-ын "Чингис" нэртэй хиймэл дагуул бүтээж хөөргөх эхлэлээс гадна тус улсаас нисдэг тэрэг, өндөр шаттай гал унтраах машин авах $34 саяын санхүүжилттэй хоёр дахь удаагийн гэрээг сунгасан юм.
23."Оюутолгой” ордын нөөцөө ашиглаад зэсийн тоглогч болох зах зээл бий
Зэсийг барилга, электроник, мэдээллийн технологи, цахилгаан эрчим хүч, тээврийн хэрэгсэл зэрэг төрөл бүрийн салбарт түгээмэл ашигладаг. Тиймээс бидний өдөр тутмын амьдралд зэс үнэ цэнэтэй. Оюутолгойн ордын зэсийн нөөцийн 80 хувь агуулагдаж байгаа гүний уурхайн олборлолт 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр албан ёсоор эхэлсэн юм. Оюутолгойн ил болон гүний уурхайгаас 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тонн зэс олборлоно гэж тооцсон нь зургаан сая цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэх хэмжээ аж. Ийнхүү Монгол Улс 2030 он гэхэд дэлхийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн Гүний уурхайтай болох урт хугацааны аяллаа эхлүүлсэн. Дэлхийн зэсийн батлагдсан нөөц 900 сая тонн бөгөөд жилдээ 22 сая тонныг үйлдвэрлэдэг. Харин монгол улс дэлхийн зэсийн батлагдсан нөөцийн 7 хувийг бүрдүүлж, 2022 оны жилийн эцсийн байдлаар дэлхийн зэс үйлдвэрлэлийн 1.4 хувийг эзэлжээ.