Рианна нэрээрээ алдартай дуучин Робин Фенти төрөлх нутаг Барбадосынхаа онцгой бөгөөд бүрэн эрхт элчээр томилогджээ. Энэхүү үүрэгт ажлын хүрээнд тэрбээр боловсрол, аялал жуулчлал болон хөрөнгө оруулалтын асуудлуудыг хариуцан ажиллах аж. "Рианна эх орондоо хайртай нэгэн бөгөөд энэ нь түүний хүмүүнлэгийн үйлс тэр дундаа эрүүл мэнд, боловсролын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанаас харагддаг.
Тэрбээр эх орныхоо төлөө ажиллаж, эх орноо өөрийн гэр мэт үздэг нь түүний эх оронч үзлийг харуулж чадсан юм” гэж Барбадосын Ерөнхий сайд Миа Амор Моттли хэлсэн байна. "Дуучин бүсгүй хилийн чанадад эх орныхоо нэрийг гаргахад бодитой хувь нэмэр оруулсан.
Рианна хөгжмийн авъяас билэгтэй төдийгүй бизнесийн салбарт хэрсүү ухаан, алсын хараатай гэдгээ харуулж чадсан юм. Шинэ албан тушаалд томилогдсоноороо дуучин бүсгүй Барбадост зайлшгүй хийгдэх шаардлагатай өөрчлөлтүүдэд илүү чухал үүрэг гүйцэтгэх боломжтой болох юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Сэтгэгдэл