Хэдэн баримт авбал миний энэ сэдэв илүү ойлгомжтой болох болов уу.
-Газрын хэвлийг маань сэм ухаад 390 мянган тонн нүүрс хулгайлаад гадагшаа гаргачихаж. Хамгийн бага таван тоннын самосвалаар бодоход 80 мянган машин нүүрс. Ийм хэмжээний нүүрс ухаад хулгайлчихдаг том гарынхан байж таарнаа даа. Тэгтэл төрийн гурван өндөрлөг таг дуугүй. Тэдний гар хөл болсон тагнуул, цагдаа, шүүх, прокурор, авлигатай тэмцэх газрынхан бүлх залгичихсан юм шиг. Энэ мафийнхан Монголыг ингэж л хулгайлдаг байхгүй юу. Гадныхан энэ мэдээг сонсоод, гайхаад саваж унах гэж байна.
-Монголыг тэжээх ёстой хэдэн том орд газар маань бүгд гадаадынхны, тэр дундаа олон улсын банкуудын барьцаанд байгаа.
Ч.Сайханбилэг нарын ард түмнээс нууж хийсэн Дубайн гэрээг үндэслэн олон улсын банк санхүүгийн 17 байгууллагаас маш өндөр хүүтэй зээлсэн зургаан тэрбум ам.долларын барьцаанд өнөөх ганц найдвар Оюутолгойг маань тавьчихсан байх юм. Тэгсэн чинь Оюутолгойн лиценз эх хувиараа Монголд байхгүй, Стандарт Чартерэд банкинд хадгалагдаж байгаа юм байна. Сонин байгаа биз. Эд нар Оюутолгойн лицензээ, гэрээгээ биднээс нуугаад гадны банкинд, авсан мөнгөө оффшор бүсэд хадгалж байдаг байна шүү дээ. Оюутолгой хэзээ ч гадны болоход бэлэн байгаа гэнэ. Эрдэнэтийг бүгд мэдэж байгаа. Стандарт банкны барьцаанд тавигдаад, одоо манайх уу, хүнийх үү гэдэг нь бидэнд ойлгогдохгүй болж. Монголын мафийнхан гадныхантай нийлэн эх орноо ийнхүү худалдан идэж байгаа.
-Эх орныхоо төлөө дуугарсан, өөрсдийгөө сэжиглэсэн болгоныг энэ мафийнхан хөнөөж байсан. С.Зориг, М.Зэнээ, О.Дашбалбар, Л.Энэбиш, Ш.Отгонбилэг, М.Чимидцэрэн, Ж.Наранцацралт, Д.Бадраа, О.Энхсайхан, Б.Дангаасүрэн…гээд үргэлжилнэ. Та нар сайн хардаа. Дандаа эх орон, ард түмнийхээ төлөө дуугарч, хүчин зүтгэж байсан хүмүүс байгаа биз дээ. Эднийг хэн хөнөөсөн юм, мафийнхан таг нуучихаад байгаа. Хамгийн сүүлд, хэдхэн сарын өмнө Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга шударга эх оронч Гомбосүрэн гэгч залууг аймшигтай хэрцгийгээр аллаа. Үүнийг та нар зүгээр л нэг согтуу хүмүүсийн хэрэг гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Тун их дээрээс зохион байгуулсан аллага. Гомбосүрэн гэдэг залуу чинь Зам тээврийн хөгжлийн яаманд олон жил бугшсан ноцтой хэрэг явдлуудыг мэддэг, заримыг нь илрүүлж холбогдох хууль хяналтын байгууллагуудад өгсөн шударга дайчин нэгэн байж. Түүнийг зайлшгүй хороох шаардлага гарсан байх л даа. Тэгээд алуурчныг сонгож авсан. Арыг нь мафийн бүлэглэлийн дааж үлдэх хуйвалдаан байж л дээ. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжилгээний хариу гараагүй байхад энэ аймшигт аллагыг харилцан зодооны хэрэг болгоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацчихлаа. Энэ бол “арыг нь даах” хүмүүсийн их мөнгөөр хийж байгаа ажил. Хуулийнхан үүнийг чинь найруулж байгаа. Хэсэг мартагнуулж байгаад энэ аймшигт аллагын хэргийг хэрэгсэхгүй болгохыг байг гэх газаргүй л байх даа.
Энэ гурван баримт бол Монголын мафийнхны хийж байгаа ажлын зөвхөн зах сэжүүр нь. Монголын мафи гэж юу хэлээд байгаа юм гэж та нар надаас асууна даа. Энэ чинь Монголыг 30-аад жил дээрэмдэж идсэн “улс төр-эдийн засгийн бүлэглэл”-үүд. Эд чинь өөртөө тагнуул цагдаатай, шүүх прокурортой, тэр битгий хэл шорон гяндантай, банк санхүүтэй хүчирхэг бүлэглэлүүд. 10-аад жилийн өмнө гадаадын хэвлэлд “Монголд 5-6 мафийн бүлэглэл алалцаж байна” хэмээн бичсэн байж билээ. Энэ бүлэглэлүүдийн гол толгойлогчид нь хэн юм бэ гэж та нар надаас асууна. Удаа дараалан төрийн эрх барьж, заримдаа хамсаад улс орноо цөлмөж байсан мафийн бүлэглэлүүдээс хоёрхныг нь авъя.
Ардчилсан намын гол бүлэглэл нь Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын удирдсан мафийн бүлэглэл. Ардын намаас С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нарын удирдсан мафийн бүлэглэл. Монголыг залгисан бүлэглэл бол энэ хоёр. Өнөөдөр хүч нь суларсан. Гэвч “Могой гурав тасарсан ч гүрвэлийн дайтай” гэгчийн хуулиар бусад мафийн бүлэглэлтэй нийлээд далдаас үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мафийнхан бүгд нийлсэн. Тэдний томилсон, сургаж бэлтгэсэн, энэ бүлэглэлүүдэд морь нохой шиг зүтгэхээ амласан хууль хүчний байгууллагын удирдлагууд огт хөдлөөгүй, үүрэг даалгавар бүхнийг нь биелүүлж суугаа. Монголын мянга мянган шударга хуульчдын оройд тэд “мафийн савар”-аар атгаж сууна.
Энэ мафийн бүлэглэл, улс орон, ард түмнийхээ үйл хэргээс урваж, гадаадынхантай хэрхэн хуйвалдаж ажилладаг тухай хоёрхон баримт авъя.
Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрээ барьцаалж “Стандарт” банкнаас авсан өр одоо ид нэхэгдэж, монголчууд ганц “саалийн үнээ”-гээ барьцаанд алдах гэж байгаа явдал. Хаа байгаа Африкийн орноос Шаравламдангийн Батхүү гэж хүн, дарга нарынх нь гарын үсгийг хуурамчаар зураад Эрдэнэтийг барьцаалан их хэмжээний ам.доллар зээлчихэж гэнэ. Одоогийн нэхэгдэж байгаа нь 109 сая ам.доллар. Төгрөгөөр бол бараг гурван 300-гаад тэрбум төгрөг. Багш, эмч нарын цалинг 50 хувь нэмчихээр хэмжээний мөнгө шүү дээ. Өнөөх хуурамч гарын үсгээр зээлж авсан гээд байгаа Ш.Батхүү нь одоо хөрөнгийн чадваргүй “гуйлгачин” болсон. “ Хоёр чихийг минь авна уу” гэхээс өөр юм алга гээд сууж байдаг. Шоронд хааяа ордог, өвчин нь сэдрээд гараад ирдэг. Шоронд орох тоолонд нь өнөөх мафийнхан нь “Батхүүг үхүүлж болохгүй шүү. Хамаг хэрэг явдал бүдгэрнэ” гэж бидний тархийг угаагаад суллуулчихдаг. Нэг үгээр хэлвэл Ш.Батхүү гэдэг “хүүхэлдэйг” Монголын мафийнхан өмнөө тэврээд зогсож байгаа. Худлаа шүү дээ. Энэ хэргийн чинь ард Монголын мафи байгаа. Тухайн үеийн ерөнхий сайд бөгөөд Ш.Батхүүгийн дотно найз С.Баяр үүнд холбогдолгүй гэж үү. Ерөнхий сайд нь мэдэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр Монголын ганц саалийн үнээ. Эрдэнэт маань хэдэн долларын барьцаанд тавигдчихдаг гэхэд хэн үнэмших юм. Тухайн үеийн төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн дарга С.Ганзориг, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар мэдээгүй сууж байсан гэхэд хэн үнэмших юм. Энэ чинь С.Баярынхны хийсэн том хуйвалдаан. Ш.Батхүү чинь Монголын толгой баячуудын нэг. 109 сая ам.долларыг бараг л халааснаасаа гаргаад чулуудчих хэмжээний хүн гэдгийг монголчууд мэднэ. Одоо болохоор тэр их хөрөнгийг улс хураагаад авчихсан гэдэг. Тэгвэл хувь хүний тэр их хөрөнгийг хураагаад авчихдаг ямар хүмүүс байдаг юм. Энэ их хөрөнгийн эзнийг тогтооё гэвэл хууль хяналтын байгууллагынхны гар хурууны үзүүрийн л ажил. Тэгтэл тэгж шалгасангүй. Төрийн мөнгөөр төлүүлнэ гээд сууж байх юм. С.Баяр зөвхөн АНУ-дахь долоон хаусаа борлуулахад л Стандарт банкны өрийг төлчихнө. Тэгдэггүй юм байна. Хотол олноосоо, хойч үеийнхнээсээ дээрэмдэж идсэн мөнгөөр 200 жилийн хоолоо бэлддэг юм байна. Энэ мафийнхан, Монголын хөрөнгийн өчүүхэн (10-20хувь) хувийг ард түмэндээ хүртээгээд бусдыг нь оффшор бүсэд хадгалж байгаа хэмээн олны яриад байгаа ортой болж таарна даа.
Дараагийн баримтыг авъя. Та, Ерөнхий сайд нар, тэдний хань хамсаатныг баривчлаад шалгаж байгаад үнэмшиж байна уу. Худлаа, энэ чинь жүжиг. УИХ, Засгийн газарт ороод ирсэн шударга залуучууд, тэднийг дэмжигч нийт ард түмэндээ “урилга” өгөөд үзүүлж байгаа эмгэнэлт жүжиг. Энэ жүжгийг Монголын мафийнхан хамтарч бүтээсэн юм. Зохиогч нь одоодоо эрх мэдэл бүхий байгаа мафийн бүлэглэлийн толгойлогч. Найруулагчид нь хууль хүчний байгууллагын удирдлагад ширээ сандалтайгаа зууралдаад суугаа цөөн хэдэн хүн. Цахим ертөнцөд “Ц.Элбэгдоржийг шалга” “Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг шалга” “С.Баярыг шалга” гэсэн сэтгэгдэл байнга хөвөрч байгааг та нар харж байгаа. Тэгээд олон түмэнд, эднийг шалгаж байгаа дүр эсгэн сүртэй баривчилгаа болов доо. Энэ чинь зүгээр л жүжгийн эхлэл. Авлигатай тэмцэх газар С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Ш.Батхүү нарыг зарим хань хамсаатантай нь баривчлаад хорьчихсон. Авлигатай тэмцэх газрын дарга оноо авч байгаа нь энэ. Урьдчилан хорих төвд хэд хоног суулгасан. Өнөөх С.Зоригийг хөнөөсөн хэргээр баривчлагдаад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрын дэргэд бол эдний хоригдож байгаа нөхцөл чинь диваажин л гэсэн үг. Хоригдоод төд хоногийн дараа С.Баяр, Ч.Сайханбилэг, Ш.Батхүү нар тийм өвчнөөр өвчилнө, түүний нь хорихийн эмнэлгийн тийм эмч үзэж онош тогтоогоод хэвтүүлнэ. Төчнөөн хоногийн дараа Нэгдсэн II эмнэлэг (сайд нарын эмнэлэг гэж байсан) -т хэвтүүлнэ… гээд урьдчилсан сценар гарчихсан байгаа шүү дээ. эмнэлгийн дарга нь өрөө тасалгаа, ор дэрийг нь бэлдээд эмнэлгийн даавуунд нь францын дээд зэрэглэлийн үнэртэй ус цацаж байж ч магадгүй. Энэ хүмүүс чинь тэнд өвчин хууч байвал эмчлүүлж сувилуулаад л гарч байгаа. Прокурор, өнөөх л урьдчилж тогтоосон хугацаандаа “Хилийн хориг тавиад шалгаж байна” гэсэн дүгнэлтээ танилцуулаад суллаж байгаа юм. Одоо таг чиг. Өнөөх шалгагдаж байгаа С.Баяр нь халамцуу зураг чөлөөт хэвлэлд гарсан байна.
“Эмгэнэлт жүжиг” нэг иймэрхүү төгсөж байгаа. Монголыг худалдаад идчихсэн мафийнхныг шалгана гэдэг чинь бүхэлдээ ийм л жүжиг болдог байхгүй юу. Тэгэхэд жирийн хүмүүсийг бол яаж тамлана гээ. С.Зоригийг хөнөөсөн гээд захиалагчийг нь илрүүлээгүйгээр “захиалгаар” гэсэн ял тулгагдчихаад байгаа хөхүүл хүүхэн Т.Чимгээ гэхэд ямар олон өвчтэй, яаж зовж зүдэрч байна гээ. Эмнэлэгт хэвтүүлээд өгөөч гэхэд хэвтүүлдэггүй юм билээ. Сонинд ээжийнх нь ярилцлага гарсан. Монголын мафийн гол түшиц газар болсон шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар, цагдаа, тагнуулынхан ийм л байгаа шүү дээ. Энэ ужгирсан тогтолцоог яаралтай халаасай гэж Монголын ард түмэн Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрыг эрхэм дээд суудалд залсан. Одоо бүгд сэтгэл алдарлаа. Ерөнхийлөгчийгөө л хар даа. Өөрийн харъяанд байдаг шүүх прокурорын удирдлагуудын толгойг илж байж, шинэ төмөр замын болон Сайншандын үйлдвэрлэлийн паркийн гэх мэт олон тэрбумын хэргүүдээ цайруулчихаад, хань хамсаатнуудаа дэргэдээ татаж, харьд оргож зугтаасан гэмт этгээдийг эрэн сурвалжлахыг зогсоочихоод байж байх юм. Өнөөх шударгаар шийтгүүлнэ гэсэн олон амлалт хаана байна. Нэг нь ч биелээгүй. Энэ хүн, өндөр албан тушаалд очиж хэргээ цайруулах л гэж Ерөихийлөгчийн сэнтий рүү зүтгэсэн болж байна уу. Та чинь оффшорчдын гадаадад нуусан их хөрөнгийг оруулж ирнэ. 60 тэрбумын хэргийг хуулийн дагуу шийдүүлнэ, шударга үнэний талд баттай зогсоно гээгүй бил үү. Өөрийнх нь оффшор бүсийн холбогдолтой нэг материал сонинд гарснаас хойш бүлх залгисан юм шиг дуугарахаа байлаа шүү дээ. Уул нь монголчууд ийм ерөнхийлөгчийг хүсээгүй юм шүү дээ. Миний хувьд сонгогдсоны чинь дараахан “Бөхийн засуулын хүү, бүхнийг засахыг харж байна” гэж бичсэн дээ. Одоо ч, энэ мафийн сүлжээн дунд нүд маань цөхөрлөө.
Ард түмэн нүдтэй, бүхнийг ялган салган харж байгаа, тэвчээр нь барагдаж байгаа гэдийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон эрхэм дээдэс тунгаан бодох цаг болсон юм биш үү.
Ард түмэн чинь өлсөж байна. Багш , эмч нараасаа эхлээд суулт, өлсгөлөн, ажил хаялт зарлалаа. Монголоо аврах, чөлөөлөх, нэгдэж тэмцэх олон хөдөлгөөн, нам, төрийн бус байгууллагууд байгуулагдан нэгдэж эхэллээ. Тэгэхэд та нар 30-аад жил Монголоо дээрэмдэж идсэн хэргээ баллуурдаад, огт өөр дүр эсгэж, үсээ будан, сахлаа хусчихаад, эргэж ирээд байж болдог юм уу.
2020, 2021 оны сонгууль хаяанд ирж, өнөөх нутаг орноо худалдаж идсэн, тэгээд бас ханаж цадаагүй хүмүүс Монгол руугаа ойртон ирж байгаа сураг байна. Хурал цуглаанд оролцож, “миний эх орон” “Миний ард түмэн” гэж ичихгүй донгодсон мэдээ ч байна.
Ард түмэн минь, нэг л зүйл үнэн шүү. Хайран сайхан эх орноо 30-аад жил худалдаад идчихсэн, харийнхантай холбоо сүлбээтэйгээр нутаг орноо цөлмөж байгаа мафийн бүлэглэлийнхэн, тэдний хань хамсаатан, хүчний байгууллагуудын удирдлагыг халаагүй цагт Монгол Улс хөгжихгүй, Монголын ард түмэн ч гуйланчлал ядуурлаас гарахгүй.
Өнөөдөр, “Бензиний үнээ нэм” “Цалинг нь битгий нэм” “Өнөөдөр ажил хаяул”, “Валютын ханшаа хөөрөгд” “Залуучуудын засгийг огцруул”… гэсэн шаардлага чинь мафийн толгойлогчдын гар утаснаас ганцхан минутад л амжуулж байгаа зүйл шүү дээ.
Олон түмэн минь, одоо нэг зүйлийг ний нуугүй ойлгоцгооё. Гадныхан чинь “Монгол хүнээс илүү, газар нутаг нь чухал байна” гэдэг шүү дээ. Тэд одоо манай мафийнханд” наад гурван саяыгаа сайн өлсөг. Сонгуулиар тараах мөнгийг чинь өгч байна. Тэгэхэд, та нар ялахгүй, чөтгөр ялах юм уу” гэж сүрдүүлж байгаа нь нууц биш. Манайхан ч түрүүчийн сонгуулиас хойш ирдэггүй нь ирж, инээдэггүй нь инээгээд эхэлчихлээ дээ. 2020, 2021 оны сонгуульд бэлдэж байгаа нь энэ. Нэг л юм бодмоор байна. 20 гаруй жил цөлмүүлсэн хариугаа, ард түмэн минь 2020, 2021 оны сонгуулиар авмаар байна. Зөв үү. Болгоотугай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.ЖАМЬЯН
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Сэтгэгдэл