Монголын кино урлагийн дээд шагналыг “Байтаг Богд” хүртэв


 

Монголын кино урлагийн дээд шагналыг “Байтаг Богд” хүртэв

 

Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг "Академи авардс-2018" наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр "Зайсан Хилл" цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жил 7 дахь жилдээ болж буй тус наадам тухайн жилдээ бүтээсэн бүрэн болон богино хэмжээний уран сайхны, баримтат кинонуудаас 18 номинацид шилдгийг шалгаруулдаг. Энэ удаагийн "Академи авардс” кино наадмын Шилдэг киногоор "Байтаг Богд” шалгарлаа. Энэхүү бүтээлийг "Фантастик” продакшны уран бүтээлчид эх орон, xил xязгаарын үнэ цэнэ, эрэлхэг Монгол хилчдийн тэсвэр, тэвчээр, зориг хатуужлыг харуулсан Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулан бүтээжээ.



 


 

Тус киноны найруулагч МУГЖ О.Бат-Өлзий, "Өтөлж яваа би өсч яваа хүүтэйгээ хамтарч энэ киног найрууллаа. Хүүдээ баярлалаа. Кино хийхэд сэтгэл гаргаж туслалцаа үзүүлсэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн болон  Ховд аймгийн Үенч, Булган сумын ард иргэд, манай кино группын 150-иад залуустаа баярлалаа. Та нарын хөдөлмөрийн хүчээр Алтайн нуруу, Байтаг Богдын хад асга чулуутай, халуун газарт хоолоо зөөгөөд, буу зэвсгээ үүрээд явж байсан 10 баатар эрдээ, Хилийн цэргийн хилчин залуустаа баярлалаа. Баруун хил хамгаалах газрын 70 жилийн ойд зорулан бүтээсэн энэ киног чин сэтгэлээсээ хүлээн авч сэтгэлийн дэм өгсөн үзэгч та бүгдэд баярлалаа” гэв.

Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг "Хоёр амь” киногоор жүжигчин С.Болд-Эрдэнэ, Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг "Аз жаргал” киноны Азаагийн дүрээр 9 настай Ц.Мичидмаа охин хүртлээ. Тэрбээр, "Энэ шагналыг авсандаа үнэхээр баяртай байна. Шагнал авахыг хүсч байсан ч ингээд авчих нь гэж бодоогүй. Энэ бол зөвхөн миний шагнал биш манай кино группын хамт олны шагнал. Та бүхэн бүгдээрээ шилдэг нь шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Ардын жүжигчин П.Цэрэндагва охинд шагналыг гардуулахдаа "Жүжигчин гэдэг мэргэжлийг эхэлж болдог ч төгсөж болдоггүй гэдгийг санаж яваарай” хэмээн захив.

Харин нэрт кино найруулагч Х.Дамдины нэрэмжит шагналыг энэ жил гэр бүлийнхэн нь шилдэг залуу зураглаачид гардуулахаар шийджээ. Шагналыг ”Говийн домог” киноны зураглаач Д.Цэрэнчимэд хүртэв. Найруулагч Х.Дамдины нэрэмжит анхны шагналыг "Атганд үлдсэн эрдэнэ” киногоор жүжигчин У.Уранчимэг хүртэж байв.

Ингээд энэ удаагийн "Академи авардс” кино наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдэг олон ангит кино /Эрт нахиалсан сарнай/

Шилдэг эрэгтэй гол дүр С.Болд-Эрдэнэ /Хоёр амь/

Шилдэг эмэгтэй гол дүр Ц.Мичидмаа /Аз жаргал/

Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Тамир /Байтаг Богд/

Шилдэг эмэгтэй туслах дүр Ц.Алдармаа /Байтаг Богд/

Шилдэг найруулагч О.Бат-Өлзий, Б.Тамир /Байтаг Богд/

Шилдэг зураглаач Г.Гүенбаатар /Байтаг Богд/

Шилдэг зохиол М.Эрдэнэбат /Сэтгэл мэднэ/

Шилдэг хөрөнгө оруулагч UBS телевиз /Говийн домог/

Шилдэг дууны найруулагч О.Цэгмид /Байтаг Богд/

Шилдэг хөгжим Л.Балхжав /Говийн домог/

Шилдэг нүүр хувиргагч Ц.Лхагвацэцэг /Байтаг Богд/

Шилдэг зураач Т.Нямсүрэн /Говийн домог/

Шилдэг монтаж С.Энхмөрөн /Харанхуй хад/

Шилдэг дүрсний эффект "Зүрхний хилэн” киноны уран бүтээлчид

Шилдэг баримтат кино Бенжамин Дэвид Жонс "Medicine budda”

Шилдэг богино хэмжээний кино "Эцэг” киноны найруулагч Ч.Батбаяр

Шилдэг дуу "Үеийн үед” /Байтаг Богд/ 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.