УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар ЗТХ-ийн сайдын томилгоог маргааш хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан яг одоо МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчийг тодруулна.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайдыг чөлөөлчихлөө. Тиймээс өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайдын асуудлыг шийднэ. Богино хугацаанд дараагийн сайдыг томилох учиртай. Сайдад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн 2-3 хүн байна. Хэнийг сайдад нэр дэвшүүлэх вэ гэдэг нь Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал.
Намын дарга, Ерөнхий сайд Удирдах зөвлөлийн хуралд нэр дэвшүүлэлтээ хийнэ. Ямар нэгэн санал хураалт, өрсөлдөөн болдоггүй. Удирдах зөвлөлөөр орсны дараа намын Бүлэг хуралдаж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орно. Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нарын гишүүд албан ёсоор нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Мөн Ё.Баатарбилэг гишүүний нэр яригдаж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл