Мягмар гарагт Украины хойд нутгийн Чернигов бүс нутаг дахь зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлт болон гал түймрийн улмаас 12500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Киев хотоос зүүн тийш 170 орчим километрт оршдог Ичня суурин дахь зэвсгийн агуулахын өөр өөр дөрвөн хэсэгт гал гарч эхэлсэн бөгөөд хүчтэй дэлбэрэлтийн улмаас ойр орчмын 16 километр радиуст зэвсгийн хэлтэрхий шидэгдсэн ажээ.
Агуулахын ойролцоох 30 километр радиуст агаарын замын хөдөлгөөнийг түр хязгаарласан бөгөөд тус бүс нутаг дахь төмөр зам болон зам тээврийн хөдөлгөөнийг мөн түр зогсоогоод байгаа ажээ.
"Уг ослын улмаас хэн нэгэн хүний амь эрсдээгүй” гэж Украины Батлан хамгаалахын яамнаас мэдээлсэн байна. Гал түймрийн шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байгаа тухай Украины зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга Родион Тимошенко мягмар гарагийн орой мэдээлжээ.
Сэтгэгдэл