Д.Сумъяабазар: Шатахууны үнийг барихын тулд богино хугацааны зохицуулалт хийхээс өөр аргагүй


 

 

Д.Сумъяабазар: Шатахууны үнийг барихын тулд богино хугацааны зохицуулалт хийхээс өөр аргагүй

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд бензин, шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан нийгэмд сөрөг мэдээлэл их явсан учраас яамны зүгээс ЭЗБХ-ны хуралдаанд тодорхой мэдээлэл өгч байна. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 100 хувь гаднаас хамаардаг. Өнгөрсөн онд 1.49 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Монгол Улс, ОХУ-ын аж ахуйн нэгжүүд хоорондоо байгуулсан худалдааны гэрээгээр шатахууны үнийг Сингапурын бирж дэх шатахууны үнэд суурилсан томъёоллоор сар бүр тооцон, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үнээр бүтээгдэхүүнээ худалдаалах боломжийг бүрдүүлсэн. Нөгөөтэйгүүр дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлт нь манай улсын жижиглэн борлуулалтын үнэд шууд нөлөөлж байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны дундаж үнэ 2015 онд хоёр дахин буурсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилд байгаагаа доод хэмжээндээ хүртэл буурч, дунджаар баррель үнэ нь 43.55 ам.долларт хүрч байлаа. Түүнээс хойш нефьтийн үнэ ханш тасралтгүй өсч байна.

Шатахууны онцгой албан татварыг гурван үе шаттайгаар бууруулж, үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд тогтвортой байлгаж чадсан. Харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор шатахууны онцгой албан татварыг 2017 онд үе шаттайгаар нэмэгдүүлсэн. Харин дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор энэ оны нэгдүгээр сард Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зарим шатахууны татварыг тэгэлсэн. Үүнээс хойш ямар ч зохицуулалт хийгээгүй. Тиймээс нэг литр шатахууны үнэ 170 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Жил бүрийн аравдугаар сард дизель түлшний үнэ өсдөг. Энэ нь хавар буурдаг. Одоо бол өсөлтийн үе байна. Газрын тосны инпортын үнэ өмнөх сартай харьцууулахад 45-80 ам.доллароор нэмэгдсэн байна.

Бид урт хугацаатай үнийн бодлого, тогтвортой нөөц бий болгохыг зорьж байна. Урт хугацааны бодлогыг "Роснефть”компанитай ярилцлах, газрын тос боловсруулах үйлдвэрээ 2022 онд ашиглалтад оруулах ажлуудаа хийнэ. Харин өнөөгийн нөхцөлд шатахууны үнийг барихын тулд богино хугацааны зохицуулалт хийхээс өөр арга байхгүй.” гэлээ. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.