Хожилгүй улс төр


Хожилгүй улс төр

Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг бүрэн эрх нь дуусахаас таван сарын өмнө огцруулах тогтоолын төсөл "хүлээн авлаа”. Уг төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авсан учраас ирэх пүрэв гаригт үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Тэр хүртэлх хугацаанд Засгийн газрын хувь заяаг хөшигний ард шийдэх юм. Пүрэв гаригт бол нэгэнт тохиролцсон зүйлээ бэлгэдэл болгон ярих биз.

Ямартай ч УИХ-ын гишүүн Г.Уянгын гэх тодотголтой Ерөнхий сайдыг огцруулах төслийг өргөн барьснаас хойш улс төр, эдийн засгийн байдал савлагаатай болоод буй нь үнэн.

Манай эдийн засаг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар сонгогдох үед ч муу байсан. Өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийг олигтой ажиллаж чадахгүй байна хэмээн хариуцлага тооцож, АН, МАН-ынхан хамтраад огцруулсан билээ.

Түүнээс хойш жил гаруйн хугацаанд Ч.Сайханбилэг түнэр харанхуйг гэрэлтүүлэх лаа аль болох олныг асаачих гээд ажиллаж буй. Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд Дубайд гарын үсэг зурж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас 4.4 тэрбум ам.доллар татахаар болсон.

Олон улсын зах зээлд "Мазаалай” бонд гаргахаар ажиллаж байна. Гэвч мөнхийн шүүмжлэгчдийн санаанд нийцэхгүй яваа юм.

ОНОО НЭМЭХ ҮҮ, ХАСАХ УУ

"Мазаалай” бондын асуудлыг шийдэхийн өмнөх өдөр Г.Уянга тэргүүтэй МАН-ын голдуу гишүүд Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьсан учраас энэ ажил гацаад буй. Хөрөнгө оруулагчид ажиглагчийн байр суурьт шилжиж, Монголын Засгийн газар, төр хэрхэн савлахыг ажиглаж эхлэв.

Хэн ч мөнгөө салхинд хийсгэхийг хүсэхгүй. Эдийн засаг муу байна хэмээн нэг талдаа шүүмжилдэг ч нөгөө талд нь ийм "хорлон сүйтгэх ажиллагаа” явуулж буй 19 гишүүн "Өр нэмэх гэж байсныг нь харин ч зогсоосон гавьяатай юм биш үү, бид” гэсхийгээд сууж байна.

Асуудлыг арай томоор харахын оронд улсынхаа эдийн засгаар дэнчин тавьж, улс төр хийж буй нь харамсмаар. Хүйтний эрч эрс чангарч, хөдөө зам даваа хаагдаж, өвөлжилт хүндэрч байхад Засгийн газраараа оролдох нь хэнд ч ашигтай юм. Давосын эдийн засгийн чуулганд оролцож буй Төрийн тэргүүн энэ талаар "Ямар нэгэн оноо болж ирнэ гэж тооцож хэсэг улстөрч ийм алхам хийж буй байх.

Гэвч энэ бол буруу тооцоо гэдгийг хэлмээр байна. Эл үйлдэл улс төрийн аль ч намд, ямар ч оноо авчрахгүй. Харин ч оноо хасна. Нийт улс орны хувьд энэ бол хохиролтой алхам.

Тийм учраас ийм хямдхан улс төрөөр хөөцөлддөгөө, олон жилийн өмнө бид сургамж авсан энэ буруу үйл явдлаа давтах хэрэггүй” хэмээн анхааруулсан байна лээ. Бас Засгийн газраараа оролдох цаг биш гэжээ.

Ерөнхий сайд үнэхээр Монголын олох ашгийг бууруулсан бол таван сарын дараа сонгогчид дүнгээ тавиад хариуцлага тооцчихно. Дахин түүнийг сонгохгүй, АН-д итгэл үзүүлэхгүй. Гэтэл Г.Уянга тэргүүтэн бусдын асаасан лааг үлээж унтраахаа илүүд үзэв.

Хийж бүтээх алхам бүрийг нухчин дарж, шүүмжлэхийн тулд шүүмжилдэг ийм "лаа унтраагч”-дад сонгогчид Ерөнхийлөгчийн хэлснээр хасах оноо л тавих болов уу.

"УТСАН ХҮҮХЭЛДЭЙ”

Ерөнхий сайдыг огцруулах гол хүсэл сөрөг хүчин буюу МАН-д байгаа нь тус бүлгийн 13 гишүүн тогтоолын төсөлд гарын үсэг зурснаас харагдана. Өргөн барьсан төслийг нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх гээд хэдэн цагийн турш хүлээж суухад Г.Уянга гишүүн "Шийдвэр хүлээж байна” гэсэн тайлбар хэлжээ.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар түүний энэ тайлбарыг "Ард нь МАН-ын дарга байна” хэмээн хардаж буйгаа хэлж, "МАН-ынхан Г.Уянга гишүүний даашинзны хормойд зүүгдэж байна” гэсэн юм.

Үнэндээ МАН-ынхан зүүгдэх биш, Г.Уянгыг "утсан хүүхэлдэй” болгон ашиглаж буй хэрэг юм биш үү. Тогтоолын төслийг түүний нэрээр тодотгож, шүүмжлэл түүн рүү илүүтэй хандаж буй. Ард нь МАН-ынхан маадгар сууж байгаа юм.

Мөн Ерөнхий сайдыг огцруулахаар нэгдсэн "баг”-т нэг онцлог бий. Огцруулах үндэслэл дээрээ тэд санал нэгдээгүй. Гагцхүү Ч.Сайханбилэгийг огцруулъя гэдэг дээр л нэгдсэн.

МАН-ын Б.Бат-Эрдэнэ, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Ж.Энхбаяр, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар тус тусдаа өөр шалтгаанаар тогтоолын төсөлд гарын үсэг зурсан байгаа юм.

Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог болон бие даагчдын хувьд Ерөнхий сайдыг Дубайд үзэглэсэн гэрээтэй холбогдуулан буруутгасан бол Ц.Нямдорж гишүүн Засгийн газар Үндсэн хуулийн цэцэд машинаар авлига өгсөн, Эрүүл мэнд, спортын сайд нь газар дээрээ авлига авч байгаад баригдсан учраас бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж үзэж буйгаа мэдэгдэв.

Гишүүн Д.Хаянхярваагийн хувьд Дархан-Уул аймагт үүссэн асуудлыг шийдэж өгсөнгүй” гэж гомдсон. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх үед дэвшүүлсэн үндэслэлтэй нь танилцах гээд МАН-ынхан завсарлага авсан бус уу.

Тэгэхээр тэд Г.Уянгыг хилийн шугам руу түлхчихээд л араас нь "түлхүүрдээд” сууж байна. Орон сууцны зээлийн хүүг тав болгон бууруулах санаачилгыг АН-аас гаргаж, УИХ баталсанд олон нийт ам сайтай байгаа. Энэ нь сөрөг хүчинд таалагдаагүй бололтой.

Ч.Сайханбилэгийн танхимыг авч үлдэхийн тулд АН-ынхан ҮЗХ-ны хурлаа хойшлуулсан. Дотроо талцалтай энэ намынхан сонгуулийн өмнө нэгдэлтэй байх ёстойгоо эрхбиш ухамсарлах биз ээ.

Засгийн газраа хамгаална хэмээн тэд шийдвэрлээд буй юм билээ. Тэдэнтэй хамтардаг "Шударга ёс” эвсэл ч мөн "Засгийн газрыг огцруулахгүй” гэсэн шийдвэр гаргасан.

МАХН-ын дарга Н.Энхбаяр "эсэргүү гурав”-таа "Саналаа татахгүй бол ирэх сонгуульд нэр дэвших эрхтэй чинь ярина” гэж хэлсэн сурагтай. Гэвч нөгөөдүүл нь байр сууриасаа ухрахгүй гэдгээ мэдэгдсэн. ИЗНН-ын хувьд АН, "Шударга ёс” эвсэлтэй санал нэг байгаа.

Ингээд МАН-ынхан дээр эвслийн гурав, бие даагч хоёр, ХҮН-ын нэг, нийт зургаан гишүүн нэмэгдээд ч огцруулах ирц хүрэхгүй нь. Үүнийг ч МАН тооцоолсон болов уу. Гагцхүү Засгийн газрын, АН-ын нэр хүндийг унагаж, өрсөлдөгчөө дарах богино зайны улс төр л тэдэнд хэрэгтэй.

УИХ-ын чуулган Цагаан сарын өмнө буюу хоёрдугаар сарын 5-нд завсарлана. Хугацаа бага, хийх ажил их атал сандал, суудал тойруулан улстөржиж, үүндээ улс орноо чирээд буйд л гол хохирол бий. Улс төр хийхдээ цаг хугацааны хувьд мэдрэмжтэй хандвал зүгээр сэн.

С.ТУУЛ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.