"АСЕМ-ийн 17"-д хариуцлага тооцъё


 

"АСЕМ-ийн 17"-д хариуцлага тооцъё

 

Жил гаруйнхны өмнө Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байлаа. "Улс орны нэр хүндийг дэлхийд 

гаргасан том уулзалтыг амжилттай хийлээ" хэмээн зохион байгуүлагчдыг шагшин магтаж байсан цаг саяхан. Гэтэл магтаад байхаар хүмүүс биш байжээ гэдгийг аудитынхан энэ оны эхээр баталж, 290.8 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээ зарласан. Тэдний хэлснээр нэр бүхий 17 хүн уг арга хэмжээг зохион байгуулах нэрийдлээр их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүйг зарлаж байлаа. Тэр цагаас хойш "АСЕМ-ын 17" гэх тодотголтой нөхдийн нэр нууц хэвээр байсан бол саяхан нийтэд ил боллоо.
 Монгол Улс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах үед Төрийн тэргүүнээр Ц.Элбэгдорж, Засгийн эрхийг АН барьж байсан бөгөөд улсын хөрөнгө шамшигдуулсан 17 нь тус намын харьяалалтай эрхмүүд буйг тодотгох нь зүйтэй болов уу. Тодруулбал, тэргүүнд нь
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх, өдгөө Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн алба хашиж буй А.Ганбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ийн БАА-ын дарга Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Үнэлгээний хорооны дарга асан А.Дагвадорж, "Дулааны II цахилгаан станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Баянмөнх, Цах-ДХХА цехийн дарга асан С.Батсайхан, ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат, "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн захирал Ж.Отгонбаатар нар багтаж байна.
Тэд өдгөө дээрх албан тушаалаа хүлээлгэн өгсөн ч хийсэн хэрэг, шамшигдуулсан хөрөнгийнх нь баримт тодорхой байна. Үндэсний аудитын газрын тайланд дурдсанаар зөвхөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Г.Баярсайхан нарын нэрээр 79.2 тэрбум төгрөгийн үр ашиггүй зарцуулалт гарсан бол 35.7 тэрбум нь Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл эрх мэдлээрээ зарцуулсан байх юм. Цаашилбал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Ганхуяг АСЕМ-ийн зочдод өгөх бэлэг дурсгалын зардлыг 215.6 сая төгрөгөөр батлуулсан ч сүүлд 981.4 сая төгрөгт хүрч, өссөн жишээтэй. Тэр дундаа АСЕМ-ийн уулзалтад ирсэн нэг төлөөлөгчийн бэлгэнд 6.7 сая төгрөг зарцуулсан байна. Улмаар АСЕМ-ийн төлөөлөгчдөд зориулан "Нүүдэлчдийн наадам"-ыг зохион байгуулахад 738.6 сая төгрөг зарцуулжээ. Энэ мэтчилэн АСЕМ-д зориулсан нийт зардлын 40 хувь буюу 315.7 саяыг хоол, ус, архи, шар айрагны үнэ болон сүүдрэвчинд зарцуулсан байх юм. Ямартай ч, улсын хөрөнгө шамшигдуулсан нөхдийн нэр ил боллоо. Одоо хуулийнхан ажлаа хийж, дээрх хүмүүст зохих хариуцлагыг тооцох хэрэгтэй. Үгүй бол аливаа арга хэмжээг зохион байгуулах нэрийдлээр улсын хөрөнгийг идэж болдог, албан тушаалаа өгсний дараа арилаад өгч болдог гэх мессежийг нийтэд өгөхийг үгүйсгэхгүй. Тиймээс "хэрэг хуучирдаггүй"-н зарчмаар хуулийнхан ажиллаж, улсын хөрөнгийг төлүүлэх ажиллагааг яаралтай эхлүүлье.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.