Хоёр хөршид гахайн ханиад болон шувууны томуу дэгдээд байна


Хоёр хөршид гахайн ханиад болон шувууны томуу дэгдээд байна

Манай улсын хоёр хөршид гахайн ханиад болон шувууны ханиад дэгджээ. Одоогоор манай улсад халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар дамжин орох магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Энэ өвөл хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудад гахайн ханиадны халдвар тархаад байгаа. Одоогоор Арменид 18, Украинд 50, харин сүүлийн сарын хугацаанд ОХУ-д 50 гаруй хүн гахайн ханиадны улмаас нас бараад байна.

Ялангуяа ОХУ-ын Санкт Петербург хотноо сүүлийн сарын хугацаанд 30 орчим хүн гахайн ханиадаар нас барсны 24 нь сүүлийн долоо хоногт юм байна. ОХУ-ын эрүүл мэндийн албаныхан ард иргэдийг амны хаалт тогтмол зүүхийг мөн олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгслээр явахаас зайлсхийхийг зөвлөж байгаа.

сүүлийн сарын хугацаанд ОХУ-д 50 гаруй хүн гахайн ханиадны улмаас нас бараад байна.

H1N1 вирус буюу гахайн ханиад нь ихэвчлэн эрүүл залуу үеийнхнийг хамардгаараа онцлогтой. Амьсгалын замаар халдварладаг энэхүү халдварт өвчний улмаас 2009 оноос хойш 200 мянга гаруй хүн амиа алдаад байгаа.

БНХАУ-д энэ сарын 11-нд шувууний томуугийн A(H7N9) вирусын хүний халдварын лабораториор батлагдсан 10 шинэ тохиолдол бүртгэгдэн, гурван хүн нас барчээ. ДЭМБ-аас шувууны томуугийн дэгдэлт гарч буй улс руу аялаж байгаа аялагчдад шувууны ферм болон амьд шувууны захаар аль болох зорчихгүй байх, тэжээвэр болон зэрлэг шувуудтай ойртож хавьтахгүй, шувууны сангас, ялгадаст хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд гараа сайтар савандаж угаах, хоол хүнсний ариун цэвэр, эрүүл мэндийн аюулгүй байдлаа чандлан сахихыг анхааруулж байгаа. Иймд БНХАУ руу хувийн болон албан ажлаар зорчиж буй иргэд дээрх зөвлөмжийг сахихыг зөвлөж байгаа ажээ.

ОХУ болон Монгол Улсын хооронд харилцан визгүй зорчих болсонтой холбоотойгоор манай улсын иргэд хойд хөршийг ихээр зорих болсон. Тэр дундаа Цагаан сарын баяр дөхөж байгаа энэ өдрүүдэд баярын бэлтгэлээ базаах зорилгоор Буриад улсыг зорих хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр байгаа. Харин энэ өдрүүдэд ОХУ-д тархаад байсан гахайн ханиад Буриадад гарсан тухай таагүй мэдээлэл байна. Тодруулбал, Буриад улсад A(H1N1)1 ханиадаар өвдсөн анхны тохиолдлууд бүртгэгдсэн бөгөөд 3-6 насны болон 13 настай гээд нийт таван хүүхэд энэ өвчнөөр өвдсөн тухай тус улсын Хяналтын албанаас мэдээлж байгаа юм.

Гахайн ханиад болон шувууны томуу нь хүнээс хүнд агаар дуслын болон амьсгалын замаар халддаг.

Гахайн ханиад болон шувууны томуу нь хүнээс хүнд агаар дуслын болон амьсгалын замаар халддаг. Уг өвчнүүд нь бие организмын байдал болон наснаас хамааран янз бүрийн байдлаар тусдаг. Дархлаа нь суларсан хүмүүс амархан тусах магадлалтай юм байна.

Мөн гахайн ханиад ердөө хилийн цаана ирчихсэн энэ үед Буриад улсыг зорин, цагаан сарын бэлтгэлээ базааж байгаа хүмүүст онцгой анхааралтай байж, амны хаалт хэрэглэн, дархлаагаа дэмжиж, хувийн ариун цэвэр сайтар сахихыг зөвлөж байна. Учир нь Буриад руу зорчин, халдвар авсан тохиолдолд Цагаан сарын үеэр золголт, айл хотоор орох үед бусдад маш хурдацтай дамжин тархах аюултай юм.

Т.Буянаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.