Нийгмийн даатгалын ажилтнууд улсаас их хэмжээний мөнгө залилж байсан ноцтой хэрэг 2016 онд нийтэд ил болж байсан. Угтаа тус хэрэг 2016 онд шалгагдаж эхэлсэн ч өмнөх хоёр, гурван жилийн турш үйлдэгдэж байсан хэрэг аж.
Тодруулбал, Нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан иргэдийн өмнөөс тэтгэвэр болон тэтгэврийн зээл авдаг байсан хэрэг шалгалтаар илэрч байсан. Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлдэг ч төрд тангараг өргөсөн төрийн ажилчид талийгаач бологсдыг улсын бүртгэлээс хасдаггүй. Харин хуйвалдсан арилжааны банкуудтай хамтран нас барагсдыг амьд мэтээр тэтгэврийг нь хэдэн сар, жилээр авсаар байсныг цагдаагийн байгууллага мэдээлж байсан.
Тухайн үед хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байсан чэнэ хэргийг прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгосон. Хэргийг чухам яагаад хэрэгсэхгүй болгосон тухай холбогдох байгууллагын ажилтнаас асуухад тэрээр "Дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд болон тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, шалгасан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон” хэмээж байв. Өөрөөр хэлбэл тэдгээр ажилтнуудын хэний хэн нь хэд орчим төгрөг идэж уусан нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон учир хэргийг хаасан гэсэн үг. Энэ асуудлыг бүр нухацтайгаар авч үзвэл даатгалын байгууллагын хэн гэгч албан тушаалтан хэдий орчим мөнгө хувьдаа завшсан гэдгийг мэдсээр байж хуулийн "гоё” хэллэгээр хэргийг хаасан ажээ.
Ийнхүү төрд тангараг өргөж, түмний төлөө явах алба хаагч нар хүний санаанд оромгүй луйвар хийсэн хэрэг ингээд мартагдаад өнгөрөх асуудал биш. Тухайн үед нас барагсдын өмнөөс тэтгэвэр авдаг байсан даатгалын байгууллагын 5000 гаруй хүнийг шалгалтаар илрүүлсэн гэлтэй. Тэд бүгд тангараг өргөсөн төрийн ажилчид, тэгсэн атлаа нас барагсдын нэрийг барьж төр засгаасаа мөнгө хулгайлсан цэвдэг сэтгэлтнүүд. Луйврын ажиллагаандаа гаршсан ажилтнууд Нийгмийн даатгалын сангаас нийтдээ 8 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх дэлгэгдээгүй баримт ч бий гэх.
Жирийн ард иргэдэд үйлчилдэг манай улсын хууль гэх "гууль” төрөөс хөрөнгө мөнгө завшсан эдгээр нөхдөд адилхан л үйлчлэх ёстой. Төр төмөр нүүртэй гэгчээр өнөө төмөр нүүрээ одоо л нийгмийн даатгалын байгууллагад харуулах цаг нь болсон. Хэрэг хуучирдаггүй гэж Монголчууд зүгээр нэг хэлдэггүй нь учир энэ. Тиймээс талийгаачдийн мөнгийг хувьдаа завшсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг дахин хуулийн байгууллагаар шалгаж, хэн гэгч этгээд хэдэн тэрбумыг завшсан, хэргийг хэрэгсэхгүй болгосноор улс хэдэн тэрбумаар хохирсон бэ гэх зэргийг тогтоох нь зүйтэй.
Тиймээс төрд тангараг өргөсөн төрийн тодотголтой ажилтнуудыг дахин шалгуулъя.
Эх Сурвалж: Ene.mn
Бэлтгэсэн: Т.Номун
Сэтгэгдэл