"Хүннү Молл”-ийн тоглоомын төвд тоглож байсан хүүхэд бэртэж, гэмтэх тохиолдол цөөнгүй гарч байсан билээ. Тэгвэл энэ удаад тус байгууллагатай холбоотой дахин нэг хэрэг гарснаар эцэг эхчүүдийн анхаарлыг татах боллоо.
Тухайлбал, "Хүннү Молл”-ийн коток гулгаж байсан хүү гэмтсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ. Коток дээр гулгаж байсан хүүхэд нь хүнд гэмтсэн нэгэн ээж сэрэмжлүүлэг болгох үүднээс өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.
Тэрээр "Манай хүү өнгөрсөн бямба гарагт буюу арван нэгдүгээр сарын 10-нд Хүннү Моллын коток дээр гулгаж байгаад халтирч унаад босох гэтэл хажуугаар нь гарч явсан хүн зогсож чадалгүй хуруун дээр нь гарч, хурууг нь тасалчихсан. Гэтэл Хүннү Моллоос ганц ч удаа хүүгийн бие яаж байна гэж асуусангүй. Ямар ч хамааралгүй мэт, хэт ашгийн төлөө, маш олон хүн гулгадаг ийм газарт бидний хүүхдийн амь нас, эрүүл мэнд огт хамаагүй бололтой. Өнөөдөр Баянгол дүүргийн эмнэлэг дээр боолт хийлгээд явж байтал бас нэг охин яг адилхан тэнд гулгаж байгаад хуруугаа тасарсан гээд явж байна. Мөн тэдний ажилтнаас гулгаж байгаа бичлэг болон дайрсан хүний нэр хаягийг өгөөч гэхэд ажил цугларахаар өгнө гээд аргацаагаад өгөхгүй юм” хэмээн бичсэн байна.
Энэ бол "Хүннү Молл”-той холбоотой эхний асуудал биш юм. Өмнө нь тус төвийн тоглоомын төвд тоглож байсан хэд хэдэн хүүхэд бэртэл авч байсан ч тухайн байгууллага ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээж байгаагүй юм.
Тодруулбал, өнгөрсөн онд "Хүннү Молл”-ийн тоглоомын төвд тоглож байсан хүүгийн чих сэтэрч, мөгөөрс нь хуваагдсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр тархаж байсан. Түүний дараа мөн л энэ төвд тоглож байсан хүүхдийн эрүүний хэсэг цоорч долоон оёдол хийлгэсэн гэх мэдээлэл ч бий. Тэдгээр хүүхдийн эцэг эх "Хүннү Молл”-ийн тоглоомын төвийн аюулгүй байдлын ажилтантай уулзаж байсан хэдий ч уучлал гуйх нь битгий хэл, амаар доромжлон "хэлдэг газар нь хэлнэ л биз, тэгээд гэмтлийн эмнэлэг аваад л яваач” гэх мэтээр загнаж зандраад явуулах нь энүүхэнд бололтой.
Угтаа улсдаа томд тооцогдох төрөлжсөн байгууллага үйлчлэгч, хэрэглэгчдийн аюулгүй байдал болоод эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих ёстой. Гэтэл хүүхдийн тоглоомын төвөө ч чанарын шаардлага хангах хэмжээнд байлгаж чадахгүй, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд анхан шатны тусламж ч үзүүлчих эмч, мэргэжилтэнгүй байна гэхээр мөнгө л олж байвал хүүхдийн амь нас тэдэнд хамаагүй бололтой. Тэгвэл хүний амь нас хамаагүй болсон энэ цагт үйлчилгээний байгууллагуудад тавих шаардлагыг нэмэгдүүлэн, шалгалт хийж, тэдэнд хуулийн дагуу зохих ёсны хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эх Сурвалж: Ene.mn
Нийтлэсэн: Т.НОМУН
Сэтгэгдэл