Улаанбаатар /МОНЦАМЭ/. Яруу найрагч Ванхүүгийн Батбаяр агсаны "Дотоод ертөнцийн урсгал" өгүүллэг, шүлгийн ном шинээр мэндэлжээ. Энэхүү шилмэл уран бүтээлийн түүвэрт багтсан өгүүллэгийн талаарх нийтлэлч Б.Номинчимэдийн шинэхэн бичвэрийг хүргэж байна.
* * *
Анзаарах аваас амьдралын агшин бүр яруу сайхан, хошин, басчхүү бясалгагч араншинтай. Тэгээд тэр анзаарга бүхнээ чухам үгийн шидийг эзэмшиж чадсан хүн л тод урлах билээ.
“Мотоцикльтой хүний араар бол харин пагвайтал буучихна.” Уулын жаахан зөрүүд зантай хөдөөх цөлх өвгөн өтлөөд морь унаж чадахыг байж. Харин мотоцильтой хүний араар бол сундалдаад яваад байж чадна. Түүнийг “пагвайтал буучихна” гэхээр бүр нэг нүдэнд харагдаад, өнөөх өвгөний дүр төрх, дотоод ертөнц нь хүртэл амилаад ирж байгаа юм.
Дорнын талын их Данзангийн Нямсүрэн найрагч лугаа адил Ванхүүгийн Батбаяр хэмээх нэгэн найрагч нэгэн цагт баруун Алтайн өвөр говьдоо “Гэсэр сүмэн уул дотноор завилан, Гэрлийн давалгааг алган дээр өгөх” Их Богд уулаа түшин, “Хээр их талынхаа анир гүм дунд, Зуур нэгэн дураар...” тухлаад,
“Гүвээн дундах шанданд намрын бороо жирвэлзээд
Гөрөөс түүнийг шимэнгээ уран биеэ үзэхүй” мөн адил гайхан харж,
“Хэнзэлсэн гоньд шиг хөлөө товшин сэрвэлзэж
Хэрмэл борлог үүлний нүүдэл дунд ...” дэгдэн одохуй араас нь аньсага чийгтүүлсэн шиг ажин түжин сууж билээ.
Уран зураг шиг дүрслэлтэй, уянгалаг шүлэг найргийг нь олон нэгэнт сайтар мэдэх. Миний адил “Цог” сэтгүүлийн хуудас нэгжин В.Батбаярын шүлгүүдийг эрж, шинэ түүврийг нь догдлон хүлээж байсан залуус цөөнгүй биз ээ. Тиймээс яруу найргийнх нь тухайд энд түр хойш тавин хүүрнэл бүтээлийнх нь талаар нэг хоёр үг ивсү. Өгүүллэгийг яруу найраг шигээ уянгалаг бичиж, дүрээ хэдхээн өгүүлбэрээр тодоос тод, яг л уран бийрийн онгодтой татлага шиг дурайтал зурах ажээ.
Эхэнд иш татсан пагвайтал буучихдаг өвгөн бол “Наран зэлний унага” өгүүллэгийнх нь Гонгор. “Хэдрэг шиг бор духаа хув хуурай алгаараа илээд хойш налан”, “сахлаа сэрвэгнүүлэн харанхуй амаараа гүн гүн амьсгалах” өвгөний “сайхан муухай хоёрыг амтлахаараа нэг болсон үрчгэр уруул” ямар тод, бас гуниглангуй шүүрс алдам, хайрлам харагдана гээ.
Зөвхөн тод зураад зогсохгүй цөөн үгээр амьдралын олон ээдрээ, эргэлтийг нь өгүүлнэ. “Тийн байтал Гонгорын залуу нас зөөдөж аль эрт цэрэгт явахын өмнө эргэж тойрч байсан хүүхнийхээ том хүүд аав хүү байх учир явдлаа гэнэт хэлснээр хана хаяа залгажээ”. Ганц энэ өгүүлбэрт Гонгор өвгөний амьдралын нэгэн үе сэтгэлийн шимшрэлтэйгээ хамт шингэжээ. “Тийн байтал” ... бишгүй олныг бодож, элээж өнгөрүүлсэнийг хэлнэ . “Залуу нас зөөдөж” ... Хууччуул аягалж тавьсан цай зөөднө гэж ярих. Түүн шиг ид залуу насны ааг аярч, сэтгэл зөөлөрч, санаа тогтох насанд очжээ. Тэгээд “аав хүү байх учир явдлаа гэнэт хэлснээр” хувь заяаны мөр тодров. Энэ учир явдлаа гэнэт хэлэхийн ард хичнээн бодол, эмзэглэл, алдаа оноо, гэмшил, эргэцүүлэл багтана билээ. Бас “Том хүү”... гэхээр... өөр учир ч байх аж.
Мартагдсан хэлц хэллэгийг ч яг онож, зоож өгнө. “Тиймээс архинд хорхойссон зарим нь өвгөнөөр тохом хааж хэд гурван айлаар буух гэж ирнэ”. Одоо “Тохом хааж” гэж барагтайд ярилцахгүй болжээ. “Энэ хүрэн унагыг салхи наран зэлэнд нь байлгаарай” гэнэ. “Салхи наран зэл” гэж ямар яруу сайхан хэллэг билээ. Ийм амьд яруу хэлээр хүүрнэн хөөрөх нь зөвхөн хууччуул. Бас В.Батбаяр зохиолч.
Багахаан өгүүллэгт Гонгор өвгөний нэгэн насны амьдралыг сэтгэл зүрхнийх нь ертөнцтэй хамт цомхотгожээ. Төгсгөлд нь “цэл зуны цэцгэн дунд уйтгартайхан зогсож хоцорсон Гэрэлмаагийн бараа”-г яг л Гонгор өвгөний адил шүүрс алдан харах болно.
“Авирын солиот”, “Хорхой”, “Наймаа”, “Ноход боргох цаг” зэрэг бусад өгүүллэгүүд нь ч мөн адил. Үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаах лугаа адил ихийг өгүүлэх. Бас сэтгэл сэмрүүлсэн гуниг, эмзэглэл тээх. Энэ хэдхэн өгүүллэгт буй уран дүрслэлүүдийг нь жагсаавал хэдэн ч хуудас болом.
-“Эвий эвий тогоо шөргөөчихсөн ишиг шиг тэр нэг юм нь амар мэнд л байгаасай даа. Эцэг нь яасан ирдэггүй юм дээ...”Тогоо шөргөөсөн ишиг шиг нэг бяцхан өвөрдөлтэй амьтан харагдаад л өнгөрөх. Эцгээ санаад бэтгэрчихсэн шүү. Тэгээд “тэр нэг юм нь” гэсэн өөнтөгч ч юм шиг үгээс нь өчигдөрхөн “Авирийн солиот” - оороо дуудуулж, гор нь горойж байсан хүний цээжин дэх хайр, энэрэл нэвт гэрэлтэнэ.
-“Бүүрэг нь хүртэл мөнгөн тоног болсон ганган завхай эмээлээ.” Завхай байхдаа ч яахав дээ гэмээр. Гэхдээ л энэ үггүйгээр тэр эмээлийн донж маягийг илэрхийлэмгүй.
-“Угаагаад тохсон цамцны чинь хонь хивчихсэн ханцуйг юунд нөхөж суув, би”. Амьд халуун, голд ортол өгүүлнэ гэж энэ буюу. “Юунд чамд итгэж явав би”, эсвэл “Чамд ямар ихээр итгэж, чамайг ямар ихээр хайрлаж явсан юм бэ?” гэх мэтээр бичсэнгүй. Энгүүн мэт хүүрнэлээр ямар ихээр итгэж, хүлээж байсныг ямар ч “Ямар их” –гүйгээр яруу тодоор мэдрүүлнэ.
-“Шүдэнзээ ишээр нь зурж байна уу гэлтэй хавирч хавирч зуралзтал асаав”. Нүдэнд зуралзтал тодроод л ирэх.
-“Тэр хоёрын энэ авах тоох юмгүй яриа хаалга чихран онгойх чимээнээр тас үсрэв”. Энд зүгээр л “тасрав” гэсэнгүй “...тас үсрэв” гэж төгсгөснөөр тэдний яриа ямар эрчтэй, ирмүүн өрнөж байсныг илэрхийлнэ.
-“Манай нэг хар юм, энэ Ловойг ахаа ахаа гээл бандаажаа тайлаад өгөх нь халаг сүйд болдогийм. Балиараа, эд нар...”. Хар юмныхаа Ловойд талтайд эгдүүцсэн эгдүүцэл нь “бандаажаа тайлаад өгөх нь халаг” гэдгээр бүр ёстой нэг зуралзтал гараад ирнэ. “Балиар аа, эд нар” гээд бүр ч хүч нэмчихнэ. Яг л уран бийрийн онож татсан зурлага мэт.
-“Миний хүү ээжийгээ санаад байна аа” гэсэн сандруухан эрийн дуу их л чанга дуулдахад сая ухаан мэдээ орсон мэт туранхай цагаан, сөөнгө дуут шар хоёр хүүхэн биесийн өөдөөс нүд ирмэн гэлжийснээ “Үгүй ер өө, Оргиог хүүхэд нь л санаад байна гэнээ гэж хэн нь ч юм хэлээд хүний сэтгэлийг хаана нь доог тохуугийн тийм их инээд нуугдаж байдаг байхнав гэхээр час час цуурайтуулан инээж гарав”. Хоёр бүсгүйн час час инээх нь явдал задгайтай залуухан эхнэрийнхээ араас хүүхдээ тэврэн очиж буй хижээл эрийн дүр төрхийг улам өрөвдөлтэй болгож буй мэт ч яг үнэндээ даажинт хорвоогийн аалийг үл анзаарах хоёр бүсгүйг өрөвдөлтэй харагдуулж, гуниг төрүүлнэ.
“Ловой тамхийг хоёр завжаа нийлтэл шунанги хэд сорсноо...”, “Пэлцгэр хар хорхой олон хөлөө арвагануулан байдаг хурдаараа түгцэгнэн явсаар байлаа”, “...арайтаа л амь амьсгаатай нь залгичих шахам долоож шарвагнана”... гэх мэтээр л бичих ажээ. Зохиолчийн ур чадвар үгийг мэдэрч, хэрэглэж буйгаар хэмжигдэх нь бас бий. Өгүүллэгүүдийг нь унших явцад, “энийг яагаад ч өөр хэлрүү орчуулж дийлэмгүй дээ” гэж бодогдох нь үе үе. Хэдий чинээ тийм байна, төдий чинээ монгол язгуур үнэртэй болж байна л гэсэн үг.
Тэгээд зогсохгүй өгүүллэгүүдэд зурвасхан гарах Гонгор өвгөн, Авирийн солиот, Ловой, Ламжав, Зэгвээ нар хэзээ нэгтээ уулзаж учирч явсан, хувь тавиланг нь сайтар мэдэх ойр дотно мэт санагдан хөнгөн гуниг төрж, бас нэгийг санах шиг болно. Бусдаас илүү содон сонин нь үгүй, байдаг л хүмүүс атлаа бүр нэг бодол сэтгэл дунд маань зарим нь балхайтал, зарим нь пагвайтал, зарим нь дэрчийтлээ сууж үзэгдэнэ. Дүрийг амьдруулна гэж энэ буюу.
Монголын богино өгүүллэгийн нэгэн их мастер П.Лувсанцэрэн агсан Баянхонгор нутгийнх. Түүнийг залгаж,Баянхонгорын хэмээн нутгаараа давхар овоглуулах Ванхүүгийн Батбаяр агсны өгүүллэгүүдийг уншихаар “дулаан шаргал өдрийн хаяа хязгаар луу ширтэн” суух мэт болох. Сайхаан.
Баасангийн Номинчимэд
Сэтгэгдэл