Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга байх үеэс л унаж босох бүх л үед нь хамт байсан амин дүү нар байдаг юм. Одоогийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, гишүүн асан Д.Гантулга, намын генсек Д.Амарбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, МИАТ-ын дэд дарга Н.Энхбаатар, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд байсан Б.Цогтгэрэл гээд 80-аад оны хэдэн шижигнэсэн залуу түүнийг тойрон хүрээлдэг байсан юм. Залуу нас л зарчимдаа үнэнч байдаг хойно тэд У.Хүрэлсүх хийгээд Ардын намдаа үнэнч гэж жигтэйхан байлаа. Одоо л гавьяаг нь бусад нь хуваалцаад байдаг болохоос биш 2012-2016 онд Ардын нам цөөнх байхад сөрөг хүчнийхний үүргийг хамгийн их гүйцэтгэсэн нь, ил гарч зодолдсон нь энэ хэдэн залуу байсан юм даг. Ах нар нь АН-ынхантай хамтарсан Засгийн газар байгуулалцаад явж байхад сөрөг хүчин болж байсан тэр хэдэн залуу тэр үед бол зарчимдаа үнэнч, замын дундаас хазайдаггүй л харагдаж байсан. Үүнийг нь үнэлсэн ч биз. Ардын нам ялалт байгуулсны дараа Н.Энхбаатарыг МИАТ-ын дэд даргаар, Б.Цогтгэрэлийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар томилсон. Харин Л.Оюун-Эрдэнэ УИХ-д нэр дэвших эрхээ авч, Д.Амарбаясгалан намын генсекийн үүрэг гүйцэтгэгч болж байсан нь сонгуулийн өмнө сайхан л харагдаж байсан. Залуусаа дэмждэг нам мэт харагдаж, оноо цуглуулж байсан нь л үнэн юм даг. Одоо гэтэл Ардын намын даргын амин дүү нар арчигдаад дуусч байна. Хамгийн сүүлд гэхэд л Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногт албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Уг нь Ухнаагийн Хүрэлсүхийг унаж босох бүх үед нь урваагүй хэдхэн хүн байсан юм шүү дээ.
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүн тэрбээр намынхаа бүлэгт ганцаардмал байгаа.
Д.Гантулга: Шахалтанд орж УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Б.Цогтгэрэл:Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байгаад өнгөрсөн наймдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн.
Б.Бат-Эрдэнэ:Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар өнгөрсөн хоёрдугаар сард томилогдон ажиллаж байгаад чөлөөлөгдсөн.
Н.Энхбаатар:МИАТ-ын дэд захирлаар ажиллаж байгаад авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа.
Сэтгэгдэл