Эмчилгээнд антибиотикийг буруу хэрэглэснээс өвчин үүсгэгч нянгийн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэхэд хүргэж байгаад санаа зовниж байгаагаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) дахин илэрхийлжээ. Женевт өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нийтлэгдсэн илтгэлээс үзвэл, эдгээр эмийг хүн ам янз бүрийн улс оронд хэрэглэж байгаа тоо хэмжээний хэлбэлзэл маш өндөр, 1000 оршин суугчид өдөрт дөрвөн тунгаас 64 хүртэл буюу 16 дахин их байгаа ажээ.
“Антибиотикийн хэрэглээ ийм их ялгаатай байгаа нь зарим улс оронд хэтрүүлэн хэрэглэж байгаа бол нөгөө заримд нь эдгээр эм хүрэлцэхгүй байгааг харуулж байна” хэмээн ДЭМБ онцолжээ. Нянгууд эдгээр эм бэлдмэлд тэсвэртэй болж байгаа нь “хэд хэдэн халдварыг эмчлэх боломжийг хөндөж, хүн төрөлхтний хөгжил, эрүүлийг хамгаалах үйл хэрэгт аюул занал учруулж байна” хэмээн илтгэлийг зохиогчид сануулж байна. Үүнээс шалтгаалж “дэлхийн олон газар өсөн нэмэгдэж байгаа халдвартай тэмцэх үр ашгийг бууруулж байгаа” ажээ.
Илтгэлд 65 оронд антибиотикийг хэрхэн хэрэглэж байгаа баримтыг дурдсан байна. Бүс нутгийн хооронд болон нэг бүс нутгийн доторх улс орнуудын хооронд асар их ялгаа байгаа аж. Тухайлбал, Бурундид 1000 оршин суугчид дунджаар 4,4 тун, Буркина-Фасод 13,78, харин Танзанид 27,9 байна. Европын хувьд 1000 оршин суугчид ногдох дундаж үзүүлэлт 17,9 тун байгаа ч улс орнуудын хооронд ихээхэн ялгаатай байна. Тухайлбал, Грект 33,85, ОХУ-д 14,82 байна. 65 орноос антибиотикийн хэрэглээгээр Монгол Улс (64,41 тун) тэргүүлсэн байна. Антибиотикийг их хэмжээгээр хэрэглэж байгаа улс орны тоонд Иран 38,78, Судан 35,29 орсон байна.
“Антибиотикийг хэтрүүлж, эсвэл буруу хэрэглэх нь нянгийн тэсвэржилтийн гол шалтгаан болж байна. Энэ илтгэлд дурдсан тоо баримтууд шаардлагагүй хэрэглээг бууруулахын тулд антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгох гэх мэт яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсныг харуулж байна” хэмээн ДЭМБ-ын үндсэн эмийн газрын захирал Сюзанна Хилл сануулж, онцолсон байна.
Хүн амд антибиотикийн хүртээмж муу байгаа явдал нянгийн тэсвэржилт нэмэгдэхэд хүргэж байж болно хэмээн шинжээчид анхааруулж байна. “Хүн амд ногдох орлого бага, дунд зэргийн олон улс оронд халдварт өвчнөөс шалтгаалан амь насаа алдах үзүүлэлт өндөр, антибиотикийн хэрэглээний үзүүлэлт доогуур байна. Хүмүүс бүрэн курс эмчилгээ хийлгэж чадахгүй, эсвэл стандартад нийцээгүй, хуурамч эм бэлдмэл тэдэнд олдож байгаагаас нянгийн тэсвэржилт үүсч байж болох юм” хэмээн ДЭМБ мөн онцолсон байна. Үүнээс гадна олон улс оронд чанартай антибиотикийн хүртээмж байхгүйн улмаас хүн ам албан бус зах дээрээс эмнэлгийн зохих ёсны хяналт шалгалтад хамрагдаагүй эм бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр худалдаж авахад хүргэж байна. Үр дүнд нь антибиотикийн зохицуулалтгүй худалдаа “эдгээр эмийг хэтрүүлж, эсвэл буруу хэрэглэхэд хүргэж байна” хэмээн шинжээчид тайлбарласан байна.
Д.ЭНХЭЭ /ЗУУНЫ МЭДЭЭ/
Сэтгэгдэл