Хятадад хэн ч авлига авч зүрхлэхээргүй болгоно


Хятадад хэн ч авлига авч зүрхлэхээргүй болгоно

 

Хятадын удирдагч Ши Жиньпин Ерөнхийлөгч болсон цагаасаа хойш орон даяар өрнүүлсэн авлигын эсрэг кампанийнхаа эрчийг огт сулруулах бодолгүй байгаа бөгөөд 2016 онд харин ч бүр эрчимжүүлэн хэн ч авлига авч зүрхлэхээргүй улс болгоно хэмээн амлалаа.

Энэ нь Коммунист намын дэргэдэх Дэг журмыг хянан шалгах төв комиссоос гаргасан авлигын эсрэг гурван үе шаттайгаар тэмцэх төлөвлөгөөний нэг хэсэг юм. Уг төлөвлөгөө ёсоор бол нэгдүгээрт, аливаа албан тушаалтныг авлига авч зүрхлэхээргүй болгох /албан тушаалтнуудыг барьж хорьж хатуу үлгэр дуурайл үзүүлэх/, хоёрдугаарт авлига авах нөхцөлгүй болгох /хууль эрх зүйн орчны өөрчлөлт хийх/, гуравдугаарт авлига авах хүсэлгүй болгох /ёс суртахууныг төлөвшүүлэх/ ёстой ажээ.

БНХАУ-ын Дэг журмыг хянан шалгах төв комиссын хуралдааны нээлтэд Ши Жиньпин оролцохдоо албан тушаалтнуудыг авлига авахаас айдаг болгоно гэдгийг онцлон тэмдэглээд  албан тушаал, хээл хахууль эдийн засгийн гэмт хэрэгт холбогдоод хилийн чанадад зугтаан гарсан албан тушаалтнуудыг барьж авчран, хуулийн хариуцлага хүлээлгэх ажлыг бүр эрчимжүүлэн өргөжүүлнэ гэжээ.

БНХАУ өнгөрсөн дөрөвдүгээр сараас "Skynet” хэмээх ажиллагаа явуулж хилийн чанадын 68 оронд зугтан гарсан 1000 гаруй эдийн засгийн гэмт хэрэгтнийг барьж ирсэн билээ. Энэ баривчилгааны цар хүрээг энэ жил бүр өргөжүүлэхээр төлөвлөж байгаа нь авлигын эсрэг гурван шатлалт төлөвлөгөөний эхний зорилго буюу хэн ч авлига авч зүрхлэхээргүй болгон  айдас төрүүлэх ёстой ажээ.

Үнэндээ энэ төлөвлөгөө өнгөрсөн жилүүдэд маш их үр дүнгээ өгч байгаа нь Хятадын төрийн өндөр албан тушаалтнуудын биеэ авч явах байдлаас илт мэдэгдэх болсон байна. Өмнө нь, албан тушаалтнууд Хонконгт очиж өндөр үнэтэй тансаг эдлэл хэрэглэлээр гангарч, Макаод очиж мөрийтэй тоглон, мөнгийг маш их хэмжээгээр үрж цацдаг байсан бол одоо олны анхаарал татахаас сэрэмжлэн илт тансагладаг явдал нь эрс буурчээ.

 БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас өнгөрсөн жил гэхэд 26 "бар” буюу дэд сайдаас дээш түвшний албан тушаалтай намын кадруудыг авлигын хэргээр шоронд суулгасан. Тэр дунд Хятадын аюулгүй байдлын салбарыг хэдэн арван жил толгойлж ирсэн Жоу Юнканаас эхлээд Ху Жинтаогийн туслах асан Ли Жихуа, Ардын чөлөөлөх армийн хоёр ч дэд командлагч байсан юм.

Нийтдээ өндөр албан тушаал хашиж байсан 100 гаруй хүн, дунд албан тушаалын хэдэн мянган хүнд авлигын хэргээр ял хүлээлгэн, торны цаана суулгаад байгаа Хятадын хууль хяналтын байгууллага энэ онд засаг захиргааны анхан шатны нэгжээс эхлээд орон нутгийн хэмжээнд түлхүү хээл хахуультай тэмцэх ажээ.  

Эх сурвалж: Bloomberg

Б.Сэвжидмаа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.