ТОЙМ: 2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДАЛ


2018 он Монголчуудын хувьд ололт амжилт, алдаа оноогоор дүүрэн жил байлаа.Шинэ ерөнхийлөгч, шинэ ерөнхий сайд маань хэрхэн ажиллахыг монголчууд бүгд хүлээж, улс төрийн ээдрээт үйл явдлууд ар араасаа цуварсаар 2018 оныг үдэж байна.Улс төрийн ороо бусгаа байдалд, нийгмийн хөдөлгөөн идэвхжиж, төвталбайд жагсагчдын хөл татарсангүй. Нэг ёсондоо Монголчуудын хувьд 2018 он " ширүүн бороо” шиг байв.Манай сайт энэ ондулс төр, эдийн засаг, нийгэмдөрнөсөн 18 онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.Ингээд 2018онд улс төрболоод нийгэмд ямар халуун үйл явдал өрнөсөн бэ, хамтдаа эргэн санацгаая.

1.Багш нарын болон эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх шийдвэр гаргав

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

Эрүүл мэнд, боловсролын салбарынхан 2016 оноос эхлэн Засгийн газарт цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж ирсэн. Гэвч нааштай хариу авч чадахгүй байсан эмч багш нар энэ намар тэмцлээ хурцлав. Долдугаар сарын 5-наас бүх шатны эмнэлгүүд ажил хаяхаа зарлан эмч нар үсээ хүртэл хуссан бол Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэх үеэр багш нар 14 хоног ажил хаяж цалингаа 20 хүртэл хувь нэмүүлэх шийдвэрийг гаргууллаа. Шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

2. Улс төр ба ЖДҮ-чид...

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

Улсын төсвийн 31 хувь нь төвлөрч байдаг тусгай сангуудын нэг ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд, сайд нар хөнгөлөлттэй зээл аваад баригдлаа. Жинхэнэ ЖДҮ-ийнхэнд очих ёстой зээлийг дээрэмдсэн сайд нар, УИХ-ын гишүүдийн эрээгүй үйлдлийг эсэргүүцсэн давалгаа хот, хөдөөгүй үүсэв.

ЖДҮ-ийн сангаас нийт 65 тэрбум төгрөгийн зээл гарсан бөгөөд үүнээс хувь хүртсэн сайд, гишүүд нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход кноп дарсан хүмүүс. Энэ дуулиан Засгийн газрыг ичээж байгаа тул зохион байгуулалттай ЖДҮ-г мартуулах аян аяндаа үүсэв.

Түүний нэг нь УИХ-ын даргаа огцруулна гэсэн УИХ-ын гишүүдийн тэмцэл, жагсаал цуглаан болж байна. Зээл авсан УИХ-ын гишүүдийн ядуухан тайлбар өгч, олноороо муухай харагдав.

Албан тушаалаа урвуулан ашигласан, төрд ажиллаж байгаа давуу байдлаа гэр бүл, танил талдаа ашигласан эдгээр улстөрчдөд хариуцлага тооцох мехианизм төрд бий ч, хариуцлага тооцох сэтгэлтэй албан тушаалтан тодорсонгүй. Монголын улс төрд хариуцлагын салхи сэвэлзэх нь үү, үгүй юу гэсэн нийгмийн асуултын хариуг хэн ч өгч чадсангүй. Олон нийт харин ЖДҮ-чин гишүүдийг дахин УИХ-ын босгоор давуулахгүй байх асуудлыг хөндөж байна.

3.ЗТХЯ-ны дарга нар нэгнийхээ аминд хүрч, сайд нь хариуцлага хүлээв...

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн гэх харамсалтай хэрэг наймдугаар сард гарсан билээ. Тодруулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн ажлын байран дээрээ амь насаа алдсан хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаБ.Махбал холбогдож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхийн шатанд шилжүүлээд байна.

Харин ажлын бус өдөр газрын дарга нар болонамралтаа авчихсанбайсан талийгаачийг хуралд дуудсан салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөв.

4.Д.Гантулга ба Д.Мурат нарын хэрэг...

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

УИХ-ын гишүүд хүчин, бэлгийн дарамт, танхайн хэрэгт холбогдож, булайгаа дэлгэв.

Хамгийн залуугаараа УИХ-ын гишүүний сэнтийд заларсан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, "Үгүй” хэмээн нэлээд гүрийж,дотуур хувцсаа өмссөн, өмсөөгүй байсан тухайгаа ярьсан ч эцэст нь өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөд хүрсэн билээ.

Харин фэйсбүүк месенжерээс эхлэн олон нийтийн цахим сүлжээгээр нэг Д.Мурат гишүүний бэлгийн дарамтын хэрэг ил тархсан хэдий ч Нийслэлийн Прокурорын газраас танхайн хэргээр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд хүргүүлсэн байдаг. Шүүхээс уг хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаад байна.

5.Экс Ерөнхий сайдуудын их баривчилгаа...

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

2018 он баривчилгаа олонтой байлаа. АТГ-ыг дандаа "жараахай”-ны хойноос хөөцөлддөг гэж шүүмжилдэг. Гэтэл энэ жил Монгол Улсын Ерөнхий сайд байсан хоёр ч эрхмийг АТГ-аас баривчилж хэсэг хугацаанд цагдан хорьж шалгав. Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм. Тавдугаар сард экс сайдуудын хэргийг хэлэлцэж хорих хугацааг дахин 30 хоногоор сунгасан ч С.Баяр, Ч.Сайханбилэг нарын бие муудан эмнэлэгт шилжүүлж, зургадугаар сарын таванд мөн хоёуланг нь батлан даалтад гарган, хилийн хориг тавин сулласан юм.

Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, "Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ болон хожим нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дубайд далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт тэднийг шалгаж байгаа юм.

6.Нефть боловсруулах үйлдвэрийн шавийг тавьж, их бүтээн байгуулалт эхлүүлэв...

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

Улирч буй онд Монгол Улсад эхэлсэн онцлох бүтээн байгуулалт бол олон жилийн турш яригдсан нефть боловсруулах үйлвэрийн шавыг тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн явдал байв. БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 километр байрлах Алтанширээ сумын нутаг дэвсгэрт газрын тос боловсруулах үйлдвэрийн шавийг өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр тавив.

Үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлснээс хойшхи хугацаанд цахилгааны дэд станц, агаарын шугам, төмөр зам, авто зам зэрэг газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 35 хувьтай явж байгаа. Үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Ингэснээр жилд Монгол Улсын хэрэглэдэг нэг сая гаруй тонн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангаж, валютын гарах урсгалыг 20 орчим хувиар бууруулах юм. Үйлдвэрийн хүчин чадал 1.5 сая тонн байх бөгөөд евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

7.Монгол улс хүн хулгайлах хэрэгт сэжиглжэгдэв...

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

Энэ оны долоодугаар сарын 27-нд Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вэйсел Акчайг үл таних этгээдүүд гэрийнх нь гаднаас хулгайлахыг завдсан хэрэг гарсан нь нийтийн төдийгүй олон улсын анхаарлыг татсан үйл явдал байлаа.

Туркийн талаас Вэйсел Акчайг террорист бүлэглэлийг санхүүжүүлэгч гэж үзэн удаа дараа авах хүсэлтээ манайд тавьж байсан, мөн тухайн өдөр Туркийн тусгай үүргийн онгоц Монголд газардсан нь энэ хэрэг явдалд Засгийн газар оролцсон байж магадгүй гэх хар сэрийг нийтэд төрүүлсэн юм. Хэрэв үүнийг Монголын талаас хамтран зохион байгуулсан бол энэ нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал болох учиртай байв.

Гэвч тухайн өдөр Туркийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт Монголоос буцаж, Вэйсел Акчай шөнийн 01:40 цагт Эрүүгийн цагдаагийн газраас гарч ирснээр Монгол Улс хүний эрхийг хамгаалдаг орон гэдгээ нотолсон юм.

Харин Вэйсел Акчайд Монголын хуулийн байгууллагаас тавиад байсан хилийн хоригийн хугацаа дууссан учир тэрбээр саяхан Хонг Конгийг зорьжээ.

8.Яармагийн гүүр ашиглалтад орлоо

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

2018 онд Нийслэлд хийгдсэн томоохон бүтээн байгуулалт бол Яармагийн шинэ гүүр юм. Төслийн хүрээнд баригдсан нийт дөрвөн эгнээ шинэ гүүр, хоёр эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авав.

Яармагийн шинэ гүүр нь 250.2 м урт, 20.5 м өргөн, хуучин гүүртэйгээ нийлээд зургаан эгнээтэй, доогуураа 50 метрийн өргөнтэй нүхэн гарцтайгаар баригджээ. Шинэ гүүрийн шавыг 2017 оны тавдугаар сард тавьж байсан бөгөөд БНХАУ-ын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөв өртгөөр баригдсан. Энэ гүүр ашиглалтад орсноор замын түгжрэл 50-60 хувь буурах боломжтой. Яармагийн хуучин гүүр нь 1960 оноос хойш шинэчлэгдээгүй бөгөөд байгууламжийг бүтнээр нь 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

9.У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөв

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

Өнгөрч буй 2018 онд улс төр болоод нийгмийн хамгийн олны анхаарал татсан үйл явдал нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяаны асуудал байлаа. Өнгөрсөн аравдугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг 1.4 тэрбумыг, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатар 1.2 тэрбумыг, УИХ-ын гишүүн Н.Учрал, Г.Солтан, Х.Болорчулуун нар мөн МАН болон зарим Засгийн газрын гишүүд тус бүр ЖДҮ-ийн сангаас 950 сая төгрөгний зээл авсан нь ил болж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал яригдсан. Тус мэдээлэл ил болсоны дараа УИХ-ын нэр бүхий 27 гишүүн долоон үндэслэлээр Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод 2018 оны 11 дүгээр сарын 19-нд өргөн барьсан юм.Энэ асуудлыг УИХ-ын чуулган /2018.11.30/ хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр хэлэлцэж шийдвэрээ гаргасан. Тодруулбал,Санал хураалтад 73 гишүүн оролцож 40 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн54.8 хувийн саналаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэж чадсан юм. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл эрх баригч намын хэрүүл дуусаагүй байна.

10. Улсын их баяр наадмаар Н.Батсуурь түрүүлж "Улсын аварга" боллоо

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 512 хүчит бөх барилдаснаасАрхангай аймгийн Хашаат сумын харьяат Чимэдрэгзэнгийн Санжаадамба Увс аймгийн харьяат Намсрайжавын Батсуурь үзүүр түрүү булаалдахаар үлдэж Н.Батсуурь ес даван түрүүллээ.

Тэрбээр 31 настай бөгөөд Увс аймгийн Ховд сумын харьяат,2007 онд аймгийн начин, 2011 онд аймгийн арслан, 2013 онд улсын харцага, 2014 ондес даван түрүүлж "Улсын арслан" цол хүртсэн билээ. Тэгвэл өнөөдөр түрүүлснээр "Улсын аварга" цолны болзол хангасан билээ.

11.Бодибилдингийн тамирчин Г.Угалзцэцэгт МУГТ цол хүртээлээ

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга Бодибилдингийн тамирчин Г.Угалзцэцэгт МУГТ цол хүртээлээ.
Тэрбээр "Төрийн дээд шагнал авсандаа маш их баярлаж байна. Сэтгэл хангалуун сайхан байна. Дөрвөн удаа дэлхийн аварга болоод энэ шагналыг хүрсэндээ баяртай байна. Намайг үргэлж хурцалж өгч байдаг хүмүүстээ баярлалаа. Цаашдаа дахиад илүү олон удаа дэлхийн аварга болмоор байна” гэлээ.
ОУХМ Г.Угалзцэцэг хамгийн сүүлд Тайландын Чианг Май хотод энэ сарын 14-16 ѳдрүүдэд зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нд оролцсон ОУХМ Г.Угалзцэцэг хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Мөн Г.Угалзцэцэгийн хувьд өмнө нь 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож манай тамирчин, алтан медаль хүртэж байсан. Мөн 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ.

12.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гагнуурчин охин Э.Уужимсэтгэлтэд "Шилдэг залуу ажилчин” шагнал гардууллаа

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр "Шилдэг залуу ажилчинд шагнал олгох тухай” зарлиг гаргаж:Мэргэжлийн боловсрол, ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, залуу үеийг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэлд уриалж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлтэд Шилдэг залуу ажилчинд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олголоо.

13.Монголын ой тогтоолтын тамирчид дэлхийн аваргын тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртлээ

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

"БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгд 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн Пүрэв гарагт эхэлж, шилдгүүдээ тодрууллаа. Нийт 21 орны 260 гаруй тамирчид 3 өдрийн турш өрсөлдсөн бөгөөд Монгол улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцов. Тэд 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа III байрт оржээ.

Монголын Оюун Ухааны Академи, Ажнай корпорацийн тамирчин, ОУ-ын Их Мастер, 2017 оны Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2018 оны Өсвөрийн дэд аварга болсноос гадна тэмцээний "Хоёртын тоолол" төрөлд 30 минутад 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар ОУ-ын Их Мастер Н.Энхшүрийн (5445 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр боллоо.

14. Жил гурван сарын турш шийдэгдэж чадаагүй 13 настай охины шүүх хурал болж, хэрэгтнүүдэд бүх насаар нь хорих ял оноов

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

"Очир төв”-д амиа алдсан 13 настай охины аминд хүрсэн хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.11.23/ болж шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял оноов.

Баянзүрх дүүргийн шүүхийн танхимд 7 цаг үргэлжилсэн тус шүүх хурлаар шүүгдэгч нарт бага насны хүүхдийн амь насанд онц хэрцгийгээр халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д заасан зүйл ангиар дээрх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин сэтгэл санааны хохирлын 100 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд шүүх хурлын явцад гарсан зардал болох 8 сая 400 мянган төгрөгийн хохирлыг ар гэрийнхэнд нь барагдуулах шийдвэр гаргав.

Шүүх хуралд улсын яллагчаар О.Багшбаяр, даргалагчаар Н.Оюунтуул, бүрэлдэхүүнд Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар оролцов. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн ээж С.Баясгалан, аав Л. Лхагвасүрэн, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Р.Булгамаа нар оролцсон бол шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг, М.Амарболдын өмгөөлөгчөөр С. Оюунцэцэг нар оролцов.

Хэргийг эргэн санахад, өнгөрөгч оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны "Очир” төвд байрлах зочид буудалын өрөөнд 13 настай охин М-ийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Охиныг амиа алдах үед хамт байсан гэх А, Ж нарыг өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага сэжигтнээр татан жил гаруй хугацаанд шалгаж, улмаар Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

15.  "ЦАЛИНТАЙ ЭЭЖ” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

Цалинтай ээж” хөтөлбөр 2018 оноос эхлэн хэрэгжиж эхэллээ. Энэ хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асран гэртээ суугаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталж, үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.

16.Шатахууны үнийн хөөрөгдөл

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

2018 он ам.долларын ханшийн рекорд жил болон өнгөрч байна. Оны эхэнд 2,448 төгрөгтэй тэнцэж байсан бол2018.09.12-нд 2,497.65. Үүнээсхойш дээд амжилтаа удаа дараа ахиулж, БНХАУ нүүрсний импортоо хязгаарлах шийдвэр гаргасантай зэрэгцэнэрчтэй суларсаарөнөөдөр2,638төгрөгтэй нэг ам.доллар тэнцэж байна.

Ханшийн уналттай зэрэгцэн 2018 оны эхнээс дэлхийн зах зээл дээр үнэ нь өсөж эхэлсэн газрын тосны ханш монголчуудын хэтэвчийг тэмтрэв. ЗасагАИ92 шатахууныг литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулах шийдгаргасныг эс тооцвол 2018 онд онцгой энэ бүтээгдэхүүний үнэ 47%-аар нэмэгдсэн. Хэдийаравдугаар сараас дэлхийн газрын тосны ханшийн муруй доош чиглэсэн ч төгрөгийн ханшийн уналт шатахууны үнийг бууруулах боломж олгосонгүй.

17.МАН-ын бутрал ба Улс төржилт...

 

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

Эрх баригч хүчний дунд гарсан хагарал туйлдаа хүрч, эцэстээ энэ нь төрийн ажлыг гацаасан нь Монголын улс төрд урьд өмнө байгаагүй явдал болов. ЖДҮ дээр дөрөөлөн Д.Хаянхярваа тэргүүтэй М.Энхболдыг дэмжигч бүлгийнхэн Засгийн газраа огцруулахаар УИХ-аар хэлэлцсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Үүний хариуд М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах шаардлагыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаж, У.Хүрэлсүхийг дэмжсэн 40 гишүүн УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй бойкот зарлаад буй. Эдүгээ парламентын үйл ажиллагаа 4 дэх долоо хоногтоо гацаад байна. Энэ нь эцэстээ иргэний хөдөлгөөнүүдийн идэвхийг сэргээж, монголчуудыг хөхөө өвлийн хүйтнээр улстөржих шалтгаан болж байна.

МАН олонхийн бүлэгт үүсээд байгаа асуудлаа шийдвэрлэхээр Бага хурлаа хуралдуулсан ч зорилгоо биелүүлж чадсангүй.

18.САЙНШАНДЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ ОСОЛ

2018 ОНЫ ОНЦЛОХ 18 ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ...

Өнгөрөгч наймдугаар сарын 12-нд Улаанбаатар-Сайншандын чиглэлд хөдөлсөн суудлын галт тэрэг хотоос 300 км-ын зайд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт осолдсон билээ.

Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286 дугаар галт тэрэг замаас гарч, улмаар галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан юм.

Осолдсон галт тэргэнд нийт 328 зорчигч явснаас 146 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, гэмтэл бэртэл авсан 56 хүнээс хүнд гэмтэлтэй хоёр, хүндэвтэр гэмтэлтэй гурван хүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Тухайн үед галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрчээ.

Ослын улмаас зургаан том хүн, гурван хүүхэд гэмтсэнийг Айраг сумын эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд бусад зорчигчийг Говьсүмбэр аймаг руу авч явсан юм. Хүний амь нас эрсдээгүй. Галт тэрэг осолдсон шалтгааныг говийн нутагт их хэмжээний бороо орсноос үүдэлтэй гэж албаны эх сурвалж мэдээлсэн билээ.

Сэргээн босголтын ажилд 200 гаруй төмөр замчин болон Оросын сэргээн босголтын галт тэрэг оролцож, гол замыг осол гарснаас гурав хоногийн дараа буюу наймдугаар сарын 14-нд нээсэн байна. 

BOLOD.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.