Анхнаасаа Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 100 хувийн итгэлийг хүлээн М.Энхболдын дараа УИХ-ын даргад нэр нь дэвшигдээд байсан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэмээгч “Аз нь гийсэн нөхөр” өнгөрсөн ганцхан хоногийн дотор эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь Бүлгийнхээ хурлаас хоёр ч удаа 100 хувийн дэмжлэг хүлээн өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж, УИХ-ын дарга болохоор орж ирээд байсан билээ. Тийм ч учраас тун саяхан Г.Занданшатарыг УИХ-ын дараагийн даргаар тавих уу яах вэ гэдэг асуудлыг эрх баригч МАН-ын гишүүд зонхилсон УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэчихлээ. Мэдээж тэрээр Удирдах зөвлөл болон УИХ дахь Бүлгийнхээ хурлаас олонхийн дэмжлэгийг хүлээж, нэг ёсондоо “Хүссэн ялалт”-аа байгуулчихсан болохоор түүнд сандарч мэгдээд байх шаардлага огтхон ч байгаагүй нь ойлгомжтой.
Харин энэ удаа УИХ-ын гишүүнээр 2004, 2008, 2016 онуудад гурван ч удаа сонгогдож, тэр хоорондоо 2009-2012 онуудад Сү.Батболдын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан бол 2017 оны есдүгээр сарын 8-нд Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхийн танхимд ЗГХЭГ-ийн дарга буюу хоёр дахь удаагаа Монгол Улсын сайдаар томилогдон ажиллаж байгаа “Аз од нь гийсэн” энэ товаришын намтар түүхээс жаахан танилцуулах нь зүйтэй болов уу гэж бодлоо. Тэрээр 1970 оны гуравдугаар сарын 8 буюу Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт төрөхөд нь эх барьж авч байсан Ёндонцоо нэртэй эмч түүний өнөөдрийн алдар Занданшатарыг нь өгч байсан гэдэг. Түүний аав Д.Гомбожав нь олон жил сум, нэгдлийн даргаар ажиллаж байсан Баянхонгорчууддаа ихэд нэр хүндтэй БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, тун ч сүрхий хүн байсан талаар дурсан ярьдаг хүн олон байдаг гэсэн. Өнөөдөр Монголын төрийн дээд эрхийг баригч, хууль тогтоогч 76 гишүүнийг командлах эрх буюу УИХ-ын даргаар тоилогдож байгаа Г.Занданшатарын аав Д.Гомбожав нь түүнийг хоёрхон настай байхад Намын дээд сургуульд суралцахаар болж Баянхонгороос Улаанбаатарт нүүж ирсэн гэдэг.
Тухайн үедээ түүний аав Д.Гомбожав гуай шатарт тун ч хорхойтой, Намын дээд сургуульд сурч байсан сум, нэгдлийн дарга нар тэднийд ирж байнга л шатар тоглодог байсан учраас Г.Занданшатар хүү тэднийг харсаар гурван настайдаа шатар нүүж сурсан тул өнөөдөр Засгийн газар, УИХ-д хэнийг ч урдаа гаргахгүй шахам шилдэг шатарчин болсон гэх юм билээ. Тэрээр хар багаасаа л байнга шахуу шатар сугавчилчихсан тааралдсан хүн болгоныг шахуу “Хүүе ганц нүүчихье” хэмээн шалж явдаг, аавыгаа орой ирэхэд нь тоглох гээд хүлээгээд сууж байдаг хүүхэд байсан талаар нь ээж О.Дашзэвэг гуай нь дурссан байдаг. Тэгээд ч хайртай ээж нь хүүгээ шатар тоглохыг ихэд дэмжиж, “Шатар бол монгол хүний оюун ухааны тоглоом. Даалуу бол хятад худалдаачны тоглоом. Харин хөзөр бол орос ноёны тоглоом” гэдэг байж. Тийм ч болохоор дунд сургуулиасаа эхлээд л хамгийн сайн шатарчин болсон Г.Занданшатар нь 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү эдийн засагч мэргэжлээр төгсч байхдаа Эрхүүгийн оюутнуудын дунд алдаршсан шатарчин болчихсон байсан гэдэг. Харин тэрээр Эрхүүд оюутан байхдаа л Орос, Монгол, Украин, Польшийн хооронд наймаа хийгээд нааш цааш сүлжчихдэг байсан бөгөөд гуравдугаар курст байхдаа Монгол руу их хэмжээний бараа гаргах гэж байгаад Оросын хил дээр бараагаа хураалгаж байсныг нь хамт сурч байсан нэг нөхөр нь баахан өндөр авхуулаад тараачихсан гэх юм билээ. Тэгээд ч тухайн үедээ Оросын гаалийнхан ихээхэн барааг нь хураасан тухайгаа Эрхүүгийн Ардын аж ахуйн дээд сургууль руу нь мэдэгдсэн бөгөөд албан бичгийг хүлээж авсан багш нь сургуулийнхаа удирдлагад мэдэгдэлгүйгээр өөрийг нь дуудаж уулзаад сургуулиас хөөлгөхгүй талаар хэлж, тэрхүү дуулиантай хэргийг нь хав дараад өнгөрүүлж байжээ. Өнөөдөр УИХ-ын дарга болж байгаа тэрээр Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсны 25 жилийн ойгоор үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүдийн дунд зохион байгуулсан шатрын тэмцээнд үзүүрлэж, тэргүүн байрыг нь иргэн Д.Ламжав эзэлж байжээ. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүдийн дунд зохион байгуулсан “Цэцэн түшээ-2017” тэмцээнд түрүүлж байв. Шатарт тун ч хорхойтой тэрээр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов, Болгарын шатарчин, дэлхийн 10 удаагийн аварга А.Стефанова нараас гадна Монголын их мастеруудтайгаа тоглон хожиж, хожигдож явсныг нь өнөөдөр ч дурсах УИХ-ын гишүүд олон бий ажээ.
Тэрээр шатрын цуглуулгатай бөгөөд тэдний нэг нь өөрийнх нь нэрийн бэлгэдэл болсон зандан модон шатар байдаг гэх юм билээ. Монголын улстөртэй 2000-аад оноос зууралдаж хамгийн анх 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш олон нийтэд танигдан улстөрд гүнзгийхэн орсон тэрээр 2017 оны есдүгээр сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу “Давхар дээлтэй” сайд хүртлээ дэвшсэн билээ. Гэхдээ түүний Монголын улстөрд зүтгэсэн карьер дандаа сайхан шулуун, дардан байгаагүй юм. Тэрээр ёстой л “Үхэхээс бусдыг туучсаар өнөөдрийнхөө өндөрлөгт хүрсэн” нэгэн юм. Тухайлбал тэрээр дандаа л “Нэр цэвэр, цагаан гартай нэгэн” байгаагүй нь ч үнэн билээ. Ямар сайндаа л БНСУ-д байсхийгээд л очиж тэндхийн хэдэн казиног дуустал нь хэсч, ихээхэн мөнгө алдан шуугиулж явсан нэгэн билээ.
Гэхдээ тун удалгүй тэр муухай алдраа арилган хусчихаад 2008 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгорчуудынхаа итгэлийг дахин хүлээж, УИХ-д давхиад л ороод ирсэн байдаг. Гэхдээ ялалт амжилт дандаа л түүнийг дагаад явсангүй. Тухайлбал 2012 оны сонгуулиар одоогийн УИХ-ын гишүүн М.Билэгттэй хамт Баянхонгор аймагтаа нэр дэвшсэн ч ялагдчихсан. Тухайн үед М.Билэгт гишүүн тэр хоёр “Бидон” хочит Д.Ганбат, өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарт ялагдаж байв. Гэхдээ л “Аз од”-нд ойрхон явдагийнхаа хэргийг гаргаж сонгуульд ялагдсаныхаа дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож Ө.Энхтүвшин даргатайгаа хамт намаа удирдсан түүх бас бий. Харамсалтай нь тун ч удалгүй 2012 оны орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг амжилтгүй удирдсан гэдэг үндэслэлээр ажлаа хүлээлгэн өгч хэсэг л чимээ алдарсан удаатай.
Улмаар 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажиллаж байхдаа авто машины осолд орж маш хүнд гэмтэл авсан байдаг. Гэхдээ азаар АНУ-д байсан тулдаа маш сайн эмчилгээ хийлгэн эрүүл саруул болж, Монголын улстөрд эргэн ирснээр өнөөдрийнхөө оргилд гараад байгаа нэгэн юм. Ёстой л “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэгчийг яруу тодоор нотолж явсаар тун саяхан өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон 65 гишүүний 63 нь буюу 95.2 хувь нь Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжсэнээр тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Хууль тогтоох дээд байгууллагыг толгойлох боллоо. Ийнхүү хоёрхон өдрийн дотор УИХ-ын шинэхэн даргаар томилогдоод байгаа Гомбожавын Занданшатарын “Шидэт намтар”-ыг товчхон өгүүлэхэд ийм буюу...
Д.Энхтүвшин
Сэтгэгдэл