-"Эрдэнэс-Тавантолгой” компани эрдэмтдийн зөвлөлтэй хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа. Инноваци, шинжлэх ухааны салбарыг дэмжсэн анхны уул уурхайн компани боллоо. Санамж бичгийн хүрээнд хэрхэн хамтрах вэ?
-Тооцоо судалгаагүй хэрэгждэг төслүүд гэж байхгүй тул эрдэмтэд, судлаачид, санхүүгийнхэн, хуулийнхан, инженер техникийн ажилтан гээд бүх шатанд хамтран ажиллаж байна.
Эрдэмтдийн оюун ухаан, мэдлэг, инновацийг нутагшуулахын төлөө энэ ажлыг ажил хэрэг болгон санамж бичиг байгуулсан нь одоогийн хамтын ажиллагааг илүү бодит болгосон томоохон алхам боллоо. Инноваци, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь манай компанийн болон бизнесийн эцсийн том зорилго юм. Энэ зорилгынхоо хүрээнд бид өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна.
2011, 2012 онд компанийн ТЭЗҮ батлагдсан. Батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд баяжуулах үйлдвэр, төмөр зам, авто зам, хийн үйлдвэрийн төслийг өндөр төвшинд авч үзсэн байдаг бөгөөд судалгааны ажлууд одоо ч үргэлжлээд явж байна. Иймд энэ чиглэлд бид эрдэмтэдтэйгээ илүү ажил хэрэгчээр хамтран ажиллах болно. Хувьцааны зах зээлд хөрөнгө босгохтой холбоотой ажлууд дээр ч мөн судлаачид, шинжээчид, эрдэмтэд хамтран ажиллаж байгаа. Үүний нэг илэрхийлэл нь бидний зохион байгуулсан эрдэмтдийн зөвлөгөөн юм.
-1,072 хувьцааг амь оруулах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Ирэх дөрөвдүгээр сард иргэдэд ногдол ашиг тараана гэсэн мэдээлэл байна?
-Энэ асуудлыг хуулиараа бол 50 хоногийн дотор эрх бүхий байгууллага шийдвэрлэх ёстой. Энэ хүрээнд Засгийн газрын төвшинд ярьсан зүйлүүд бий. Иргэдээс 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл хүлээж байгаа учраас тухай бүрд нь бид мэдээлэл өгөх болно. Компанийн тухай хуулиараа Төлөөлөн удирдах зөвлөл аудитлагдсан тайлан гарсны дараа тооцоог нь үндэслээд шийдвэрээ гаргах ёстой юм. Тэр шийдвэрээ хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж баталгаажуулах үйл явц хуулийн дагуу явна. Одоогоор компани аудитлагдсан тайлангаа эцэслээд Үндэсний аудитын газарт өгөх ажлыг үе шаттайгаар хийгээд дуусаж байна.
-700 тэрбум төгрөгийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилах уу. Иргэн бүрд ногдол ашиг гэж 20-30 мянган төгрөг тараана гэсэн урьдчилсан тооцоо байгаа гэсэн үнэн үү?
-Компани тухайн санхүүгийн жилдээ ямар үр ашигтай ажиллав гэдэг тооцооллоо хийдэг. Яг тодорхой тэд гэсэн тооцоолол хэлэх боломжгүй. Бүх зүйл үйл явцын дагуу хийгдээд явж байна. Нэгж хувьцааны үнэлгээ хэдэн төгрөг байх нь Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө эцэслэн шийдэгдэх асуудал. Тиймээс өнөөдөр тодорхой болсон зүйл байхгүй байна. Компани бол ашигтай ажиллах үүрэгтэй.
"Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2010 оноос хойш хасах баланстай буюу 2016 он хүртэл ашиггүй ажилласан. 2017 онд 414 тэрбум төгрөг, 2018 онд 700 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг та бүгд мэдэж байгаа. Ашигтай ажилласан л бол үр дүнг нь хуваалцах ёстой. Засгийн газрын зүгээс тооцоо, санхүүгийн тайлан балансаа яаралтай эцэслэх, аудитлагдсан тайлангийн хүрээнд иргэдийн 1,072 хувьцааг амь оруулах чиглэлийг бидэнд өгсний дагуу энэ хүрээнд ажлаа зохион байгуулаад явж байна.
"Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 хувьцаа эзэмшиж байгаа 2.5 сая иргэн байгаа учраас хүлээлт их байгааг ойлгож байгаа. Ер нь хувьцаа эзэмшигчдэдээ эрхийг нь эдлүүлэх нөхцөлийг маш тодорхой болгохыг Засгийн газраас чиглэл болгон өгсөн учраас тооцоолол хийгээд явж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
-Хувьцааны нэгж үнэ өндөр тогтоогдох боломж байгаа юу?
-Хувьцаа хэдээр зарагдах нь хоёр дахь зах зээлд гарсны дараа тодорхой болно. Нэгж хувьцааны үнийг аль болох өндөр тогтоож, олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгох чиглэлээр бид ажиллаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд энэ чиглэлээр хөрөнгө оруулагчид болон банк санхүүгийн салбарынхантай уулзалтууд хийсээр байгаа. Компанийн үнэлгээ, санхүүгийн нөхцөл байдал, үйлдвэрлэлийн хүчин чадал гээд компанийн үнэлэмж муу биш байгаа болохоор өндөр үнэлгээ тогтоох боломж нь бидэнд бий гэж харж байна.
Харин хэзээ, хэдэн төгрөг яаж босгох, хэрхэн санхүүжүүлэх вэ гээд бүх төлөвлөгөөг хийгээд явж байна. Иймд хувьцаатай холбоотой тодорхой мэдээлэл бүрийг бид тухай бүрд нь өгөөд явна. Компани өөрсдийн санхүүгийн чадамжид тааруулан зарим төслөө өөрсдөө санхүүжүүлэх эсвэл зарим хэсгээ олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгон санхүүжүүлэх, хөрөнгө оруулагч талуудтай хамтран ажиллах гээд бүх хувилбарыг гаргаад ажиллаж байна.
-Иргэдийн эзэмших хувийг нэмэгдүүлэх үү. 2014 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцааг эзэмшүүлэх үү гэсэн асуултууд байна?
-"Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эрсдэлээс хамгаалсан Засгийн газрын тогтоол бий. 2014 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох эсэх нь Засгийн газрын шийдвэрлэх асуудал. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчийн эрхийн асуудал байгаа. Төр 85 хувийг нь эзэмшиж байгаа шүү дээ.
-Хамгийн гол нь Засгийн газраас мэдэгдсэн хугацаа юу юугүй туллаа. Амжих уу гэдэгт олон нийт хариулт хүлээгээд байгаа?
-Өмнө хэлсэнчлэн шийдвэрийг 50 хоногийн хугацаанд гаргана. Засгийн газраас энэ ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөхдөө бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх байдлаар биш төр хувьцаа эзэмшиж байгаагийн хувьд чиглэл өгөн ажиллаж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор хувьцааны ногдол ашгийг авахгүйгээр дараагийн хөрөнгө оруулалтдаа зарцуулъя гэсэн санаачилгууд ч гарч байна.
-Австралид болсон үерийн улмаас нүүрсний үнээ өсгөх боломж гарлаа гэж эдийн засагчид ярьж байна. Үнээ өсгөсөн зүйл байгаа юу?
-2019 оны борлуулалтын төлөвлөгөөний дагуу олборлолт, борлуулалт хэвийн үргэлжлээд явж байгаа. Гурав дахь оронд болсон үйл явдлаас болоод үнэ өслөө, уналаа гэдэг зүйл зөвхөн яриа гэдгийг хэлье. Иймэрхүү үйл явдал зах зээлийн үнэлгээнд нөлөөлж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагууд судалгаа, аргачлал индексээрээ тогтоогоод явна. Компанийн хувьд үнээ өсгөх мэдээлэл хүлээн авсан зүйл байхгүй. Нэг тонн коксжих нүүрсийг 72.5 ам.доллараар борлуулж байгаа хэвээр байна.
Сэтгэгдэл