Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын хөдөлмөрийн баатар Б.Лхамжавын энэ хурдан азарга нь 1966 оны унага, Борын ногоон хэмээх хурдан хар азарганы отгон төл. Борын ногоон азарганы гарал үүслийн талаар маргаантай байдаг юм. Сүхбаатарынхан "Орлой адуу", Хэнтийхэн "Өвгөн ноён"-ны гарал үүсэлтэй гээд л..
Энэ талаар эрэн сурвалжилж, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харъяат өндөр настан Чойн Буд гэдэг хүнээс баримттай мэдээллийг олж сонсож, түүнийгээ Та бүхэндээ хүргэе.
-Миний бие "Бор" Чоймчиг өвгөнийг багаасаа мэднэ. Ганц бие, жижигхэн биетэй, Чойрын ном мэддэг уншлагатай, морь уядаггүй, үнэн яриатай сайхан хүн байсан.
1942 оны үед Гунгаацэдэн гэдэг хүний /Бурхан болсны дараа/ хөгшин Дарьзаваас Орлойн "Баячууд" адууны Сүүн шаргын угшилтай Халиун азарганы төл Хар даага, Шарга шүдлэн худалдан авсан юм байна. Мөнгө төгрөгний боломжгүйгээс Шарга шүдлэнгээ "Баавгай" Дэмчиг /барилддаг байсан хүн/ хүнд заржээ. Дэмчиг нь "Босоо цавьдар"-ын эзэн Падын хүү Ядамд зарж, Ядамын шарга нэртэйгээр сайн хурдалж, шүдлэн, хязааландаа Бүрэнцогт, Хэнтийн наадмуудад түрүүлж байсан гэнэ.
Хар даага нь өвгөнд үлдэж "Борын ногоон" хэмээх домогт азарга болсон түүхтэй юм байна. Өвгөн өөрөа морь уядаггүй тул хар даагаа үрээс нь эхлэн, Дорноговийн Дэлгэрэх сумын нэрт уяач "Хөх" Цэрэн, Хэнтийн Галшарын нэрт уяач"Монхор" Халтар нараар ээлжлэн уяулж, өөрөө тэмээн тэрэгтэй дагаж явдаг байжээ.
Хар азарга нь хязаалан, соёолон насандаа Өлзийт сумын наадамд хол түрүүлж, 1950-д оны үед гурван аймгийн нийлсэн хаврын уралдаанд хол түрүүлсэн байна.
Хар азарга нь цэвэрхэн, дөрвөн мөчиндөө их бяртай, ааш омог ихтэй, адуундаа өөр адуу ойртуулдаггүй, даага, үрээгээ хасаад хөөчихдөг, өөрийн хоёр гурван гүүтэй л явдаг байсан гэнэ. Харин гарсан төл болгон нь хурдалж, бүгд сайн азарганууд болсон түүхтэй.
Бор хонгор гүүнээс нь Довоон ногоон, Гавий Дугарын ногоон, Шар Дэмчигийн халиун азарга, Цавьдар гүүнээс нь Гөлгөө ногоон, Даргын ногоон зэрэг хурдан азарганууд гарч одоо ч үр төл нь хурдалсаар... Ганц жишээ дурдахад Түвшинширээгийн Даржаа хурдан хээр азарганыхаа төл хээр гүүг Гөлгөө ногоонд хураалган, хурдан ногоон азарга гарч, сумандаа 8 удаа түрүүлж байжээ. Шар Дэмчигийн халиун азарга нь шүдлэндээ Хэнтийд уралдаж түрүүлж байсан байна.
Ийнхүү домогт хурдан "Борын ногоон" азарганы үр төлүүд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгаас гадна Монгол даяар тархсан, үнэхээр хурдан төлийн авшиг оршоосон буянт хүлэг байжээ.
Ганц жишээ дурдахад:
- Удирдлагын академын багш доктор, Длрноговийн Өргөн сумын талийгаач Батцэнгэлтэй 2008 онд уулзан түр ярилцахад, " Борын ногоон" азаргыг түүхэнд мөнхлөх ёстой хүлэг юм. Би нэг ном гаргах гээд байгаа. Танай ногооны тухай мэдээлэл дутуу байсан юм. Тантай уулзсан нь маш сайн боллоо.
Энэ Борын ногооны цус ороогүй хурдан азарга ховор байдаг юм байна. Алдарт Ажнай шаргын эх цагаан гүү, домогт хурдан Сүрэнхорын Босоо хээр, танай нутгийн Ухна гуайн Халиун гээд л....бүгд л энэ азаргатай холбоотой юм. Надад баримт байгаа гээд инээж байсансан. Харамсалтай нь тэр залуу гэнэт бурханы оронд одсон доо.
ИЙНХҮҮ ДОМОГТ ХҮЛЭГ " БОРЫН НОГООН" АЗАРГАНЫ ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЛИЙГ ТҮМЭН ОЛОНД СОНОРДУУЛАХАД ТУС БОЛСОН ЧОЙН БУД АХ ТАНАА ТАЛАРХАЖ, УРТ УДААН НАСЛАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.
Адууныхаа угшил гарал үүслийг нь үнэн зөвөөр гаргаж мэдээлж байх нь уяач хүн болгоны үүрэг, хариуцлага түүхэнд мөнхрөн үлдэх баримт, нөгөө талаас том буян юм даа гэж бодном.
Сэтгэгдэл