Хэд хоногийн өмнө дипломатч Л.Хангай гэдэг хүний “Эдийн засгийн коридор ба Монгол улс” гэсэн ном хэвлэгджээ. Энэ номонд БНХАУ-ын хэрэгжүүлж буй “Нэг бүс-Нэг зам” төслийн санаачлагыг дэмжих, ингэхдээ Орос-Хятадыг холбосон дэд бүтцийг Монгол улсаар дайруулах ажлыг урагшлуулбал “цэнгэлийн манлайд” хүрнэ гэх нь холгүй сайхан ухуулга хийжээ. Манай төр засаг ч энэ ажлыг дэмжиж яриа хэлэлцээгээ хийгээд эхэлсэн юм байна. Гэвч Хятад улсын зүгээс 60 тэрбум доллар зараад буй энэ мега төсөл маш аюултай бөгөөд төсөлд орж Хятадаас зээл авсан улс орнууд хэзээ ч төлж барахгүй өрийн занганд орж, Хятадын колони болох эрсдэлтэй болохыг Малайзын Ерөнхий сайдын үйлдэл анхаарууллаа. Уг төсөлд нэгдээд байсан Малайз улс энэ аюулыг ойлгон, шийдвэртэй арга хэмжээ авч эхэлсэн байна. Малайзийг "Азийн бар" болгосон алдарт Мохаммад Махатир өнгөрсөн жил Ерөнхий сайд болуутаа Хятадын “Нэг бүс-Нэг зам”-аас гарахаар болсноо мэдэгдсэн байна. Түүний өмнөх Ерөнхий сайд Нажиб Разак (Монголын иргэн Алтантуяагийн аллагын хэрэгт холбогдсон этгээд) Нэг бүс-Нэг зам төсөлд орох баахан гэрээ хэлэлцээ хийсэн байжээ. Үүний цаана асар их авлигын асуудал байх магадлалтай бөгөөд Нажиб Разак одоо авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байна. Харин өнөөгийн ерөнхий сайд Махатир энэ төслийг “Шинэ колоничлол” гэж нэрлээд, Хятадтай хамтран байгуулах замын дэд бүтцийн 3 төслийг зогсоохыг Хятадын талаас хүсээд байна. Тэрээр цаашид төслөөс гарах шийдвэртэй алхамууд хэрэгжүүлэх нь тодорхой болжээ. Энэ төсөлд нэгдсэн Шри Ланк улс гэхэд л Хятадаас 1.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт авсны төлөөсөнд Хамбантота гэх боомтоо Хятадад 99 жилийн хугацаатай өгөхөөр болсон байна. Монголчууд аа, энэ ямар том аюул болохыг ойлгож байна уу. Үгүй ядаж л, энэ зам дагуу хятадуудын томоохон нүүдэл, суурьшил явагдаж, Монгол улс хүн ам, угсаатны хувьд одоогийнхоос огт өөр болно. Энэ аварга төслийн хажууд Хятадтай хийсэн Багануурын ДЦС-ын концессын гэрээ, хэдэн мянган хятадын асуудал юу ч биш шүү.
МАЛАЙЗЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮЙЛДЭЛ МОНГОЛ УЛСАД “НОЦТОЙ САНУУЛГА” ӨГЛӨӨ!
2019/02/16 16:02
Сэтгэгдэл