Трамп: Хориг арга хэмжээнүүдийг цуцлахад дорвитой алхам шаардлагатай


Трамп: Хориг арга хэмжээнүүдийг цуцлахад дорвитой алхам шаардлагатай

 

ВАШИНГТОН. /NHK/. БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцлахын тулд тус улс нь цөмийн зэвсгээс ангижрах дорвитой алхамуудыг хийсэн байх шаардлагатай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.

 

Ирэх долоо хоногт болох АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг угтан лхагва гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Д.Трамп нар утсаар ярьсан байна. Хоёр орны удирдагчид БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.

 

АНУ-ын төрийн тэргүүн Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлэхдээ, Ш.Абэ бид хоёр олон асуудалд санал нэгтэй байсан гэжээ. Мөн тэрбээр, БНАСАУ цөмийн зэвсгээсээ ангижрах дорвитой алхамуудыг хийсэн тохиолдолд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцална гэж хэлсэн байна.

 

Харин Японы Засгийн газрын төлөөлөгчид, “Д.Трамп ирэх тавдугаар сард манай улсад айлчлах төлөвтэй байна” гэж лхагва гарагт мэдээлжээ. Ингэснээр Д.Трамп Японы шинэ эзэн хаантай уулзах гадаадын орны анхны удирдагч болж магадгүй байгаа ажээ.

 

Ш.Абэ Д.Трамптай утсаар ярих үеэрээ ирэх тавдугаар сарын 1-нд Японы шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслол болох тухай онцлон тэмдэглээд, түүнийг ойрын хугацаанд Японд айлчлахыг урьсан байна.

 

Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч тус улсад айлчлахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэхүү айлчлал нь тавдугаар сарын 26-28-нд болох төлөвтэй байгаа тухай Японы Засгийн газрын мэдэгдэлд тэмдэглэсэн байжээ.

 

Цаашид Япон-АНУ-ын төлөөлөгчид Д.Трампын айлчлалын хөтөлбөрийг боловсруулах бөгөөд үүнд мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн үзэх хийгээд Ш.Абэтэй гольф тоглох зэрэг арга хэмжээ багтах аж.

 

Ирэх зургадугаар сарын эцсээр Японы Осака хотноо зохион байгуулах “Их-20”-ийн уулзалтад мөн Д.Трамп оролцох юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.