Умайн хүзүүний хорт хавдраас гадна өөр олон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой вакциныг охид, хөвгүүдэд үнэ төлбөргүй хийж байгаа юм. Вакцин хийж эхэлснээс хойш гурван сарын хугацаа өнгөрчээ. Гэвч дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай 70 мянган хүүхдийн ердөө 20 орчим мянга нь л хийлгэжээ. Дархлаажуулалтын явц улсын хэмжээнд 26 хувьтай байна. Үүнд нөлөөлж буй нэг чухал хүчин зүйл нь худал мэдээлэл. Вакцин хийж эхлэхтэй зэрэгцэн жирэмслэлт, төрөлтөд сөргөөр нөлөөлдөг, хавдар үүсгэдэг гэхчлэн шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж, хүмүүсийг Багагүй төөрөгдүүлсэн. Гэсэн ч албаныхан аль чадлаараа тайлбарлаж, номыг нь үзэж, “ногоотой шөлийг нь уусан” эмч мэргэжилтнүүд мэдээллээ өөрсдийнхөө хүргэж болох суваг бүрээр дамжуулсан. Гэвч шинжлэх ухаанч тайлбар, худал мэдээлэл хоёрыг аль нь хүмүүсийн шийдвэр гаргалтад нөлөөлж байгаагийн дэнс вакцинжуулалтын хувь 30 хүрэхгүй байгаад юм.
Өөр нэг өнцөг нь, монголчууд үр хүүхдээ шинжлэх ухаанд суурилсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцинаас хамгаалж байгаа шигээ хаяанд нь отох элдэв эрсдэлээс халхавчилж дөнгөхгүй байна. Монгол Улсад өсвөр насны охид, хөвгүүдийн ирээдүйд хэрхэвч бүдгэрч, хэзээ ч эдгэшгүй хар толбо үлдээж буй зүйл олон байгаа ч бид вакцинжуулалтад сэрэмж, сэжигтэй хандсан шигээ гярхай байж чадахгүй байгааг олон тоо нотолно.
Өдөрт нэг хүүхэд...
Гурван сая хүн амтай манай улсад жил бүр 5000-6000 охин жирэмсэлж, 60 гаруй хувь нь үр хөндүүлдэг бол үлдсэн хэсэг нь хүсээгүй жирэмслэлтийн золиос болж хүүхдээрээ ээж болдог гэх албан бус статистик бий. Тэдний олонх нь бэлгийн хүчирхийллийн хохирогч байдаг. Тоо сөхвөл, 2023 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 541 хүүхэд хохирсон байна. Харин 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар хохирогч хүүхдийн тоо 222-оор нэмэгджээ.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан
"Монголд өдөрт нэг хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна. Энэ бол 3.5 сая хүн амтай манай улсын хувьд маш өндөр тоо. Бидний үзэж байгаагаар гамшгийн хэмжээнд хүрсэн тул тусгайлан арга хэмжээ авах шаардлагатай. Бид хүүхэд багачуудаа хамгаалж, хүндэлж чадахгүй байна. Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас авсан мэдээллээр хүчингийн гэмт хэргийн улмаас үзлэг шинжилгээ хийлгэсэн хүүхдийн тоо сүүлийн таван жилд 4477 байна. Орон нутагт энэ тоо 1903 байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт. Үзлэг шинжилгээ хийлгэсэн хүүхдийн тоог шүүхээр шийдэгдсэн хэргийн тоотой харьцуулбал маш том зөрүүтэй байна. Хүүхэд хохирсон гэмт хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь онцгой горимоор явах ёстой."
Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад шалгагдаж, холбогдох байгууллагад бүртгэгдсэн тоо, мэдээлэл. Бусдад мэдэгдээгүй эсвэл асран хамгаалагчдаа хэлсэн ч хууль хяналтын байгууллагад хандаагүй энэ төрлийн хэрэг хэчнээн бийг тааж хэлэхэд бэрх. Ямар боловч бүртгэгдсэн тоо, мэдээлэл дээр үндэслэн тооцоолоход өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байна. Харин албан бус судалгаанд үндэслэн тооцоолж үзэхэд өдөрт 20 орчим хүүхэд бэлгийн хүчирхийллийн улмаас жирэмсэлж байна.
Хүүхдийг тойроогүй БЗХӨ
Бэлгийн замын халдварт өвчин бэлгийн хавьтлаар л дамжин халдварлана. Тиймээс хүүхдүүд энэ өвчнөөс ангид байх бүрэн боломжтой. Гэвч хүүхдүүд энэ төрлийн өвчнөөр өвчлөх тохиолдол бүртгэгдсээр л байна.
2021-2022 онд
ТЭМБҮҮ өвчнөөр 0-19 насны 4598 охин өвдсөн байна.
Тэдгээрийн 64 нь 0-14 насных бол 608 нь 15-19 насных байна.
ГОНОКОККТ халдвараар 2729
ТРИХМОНИАЗ өвчнөөр 4817 охин өвчилж, эмчлүүлжээ.
Түүнчлэн өсвөр насны бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг ХЭҮК-ын судалгааны тайланд дурдсан байна. Хэдий хүүхдүүдийн дунд өвчлөл элбэг байгаа ч энэ төрлийн өвчний талаарх мэдлэг хангалтгүй байна. Энэ талаарх судалгааг Өвөрхангай аймгийн политехникийн коллеж, Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд хийсэн байна. Ингэхэд, судалгаанд хамрагдсан сурагчдын оролцогчдын ердөө 1.2 хувь нь бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг маш сайн байжээ. Харин 34.5 хувь нь хангалтгүй, есөн хувь нь сайн, 25.4 хувь нь дунд, 30 хувь нь муу мэдлэг, мэдээлэлтэй байжээ. Бэлгийн замын өвчин халдварлах замуудыг хүүхдүүд хэрхэн ойлгодог талаар судалж үзэхэд, 87 хувь нь бэлгийн хавьтлаар, 38 хувь нь зүү, тариураас, 42.1 хувь нь цус сэлбэхэд гэж хариулсан бол 44 хувь нь дотуур хувцас солих үед бэлгийн замын халдвар дамжих эрсдэлтэй гэсэн буруу ойлголттой байсан аж.
Үл хайхрах хүчирхийллийн сүүдэр
Зөвхөн зодож, цохих, зүй бус харилцахыг л хүүхдийн хүчирхийлэл гэхгүй. Үг хэл, үзэл бодлыг нь сонсохгүй байх, элдэв эрсдэлээс хамгаалж, хайхрахгүй байх зэрэг нь ч нэг төрлийн хүчирхийлэл. Энэ төрлийн хүчирхийллийг хүүхдийн хуульд Үл хайхрах хүчирхийлэл гэж тусгасан байдаг бөгөөд тус хуулийн долоодугаар зүйлд, Үл хайхрах байдал гэдэг нь “Хэн нэгэн этгээд хүүхдийн бие махбодь, сэтгэл санаа, эрүүл мэнд, хөгжил боловсрол, аюулгүй байдал, хайр халамжаар хангах зэрэг суурь хэрэгцээг гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан болон учруулахыг завдсан, энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хүүхдийг хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байдлыг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг.
Үл хайхрах хүчирхийлэл нь нийгэмд хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд бусад хүчирхийллийн суурь болдог.
Улаанбаатар хотод суралцдаг охин 10 дугаар ангиа төгссөн жилээ аав, ээждээ хань бүл болохоор нутагтаа очжээ. Аавынх нь үеэл дүүгийнх саахалт бөгөөд нөхөр нь аав, ээжийг нь эзгүйд хонь, мал эргүүлж, хань бүл болдог байсан аж. Гэрээр нь орж гарахдаа охинд “Чи хөөрхөн охин болжээ. Ах нь чамд хайртай болчихлоо” гэхчлэн зүй бус үг чулууддаг байж. Охин энэ тухай ээждээ хэлэхийг хүссэн ч ам эвлээгүй учир үг унаагаагүй байна. Гэсэн ч ээждээ хөдөө ганцаараа үлдмээргүй байгаагаа дуулгатал “Сумын төв орж биеэ оторлох гэлээ” гээд хүлээж авдаггүй байжээ. Аав, ээжийнх нь эзгүй орой саахалт айлынх нь ах хамт явж мал эргүүлье гэж хэлээд мотоциклынхоо араад суулгаж яваад, охины бие, сэтгэлийг эвдэж, орхисон байна. Охин энэ тухай хоёр сарын дараа ээждээ хэлж, ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Тус хэрэг одоо Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж.
Түүнчлэн нэг удаа зодож, цохихоос ч илүү сэтгэл зүйн насан туршийн гэмтэл бий болгодог хүчирхийллийн төрөл юм.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий
"Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж буй нийт дуудлагын 92.48 хувийг хүүхэд хамгааллын дуудлага эзэлж байгаа бол үл хайхрах хүчирхийлэл нийт дуудлагын 29.61 хувийг тус, тус эзэлж байна. Хүчирхийлэл гэхээр хүмүүс бэлгийн хүчирхийлэл, бие махбодийн хүчирхийллийн талаар илүү мэдээлэлтэй байдаг. Гэтэл сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийллийн талаар ярьдаггүй, зарим нь бараг мэддэггүй. Энэ нь хүүхдэд хамгийн их хор уршигтай, сөрөг үр дагавар нь хожим илэрдэг төрлийн хүчирхийллүүд байдаг. Үл хайхрах хүчирхийлэл гэж асран халамжлах үүрэг хүлээсэн хэн нэгэн этгээд хүүхдийн суурь хэрэгцээг гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан, эсхүл учруулахаар завдсан үйлдэл, эс үйлдлийг хэлнэ."
Дүгнээд хэлэхэд, хүүхэд бол Монголын хийгээд эх дэлхийн ирээдүй. Тиймээс тэднийг бүгдээс хамгаалах нь эцэг, эхчүүдийн үүрэг юм. Гэвч бид вакцин зэрэгтэй л тэмцэж, тэрсэлдэхээс биш дэргэд нь отох элдэв эрсдэлээс халхалж чадахгүй байна. Чин чухал нь орхигдсоор л...
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Сэтгэгдэл