Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд үйлдэгдэх тохиолдол хамгийн их буюу 80 орчим хувийг эзлэх болсныг мэргэжлийн байгууллагын судалгаа, баримт, мэдээллүүд харуулдаг. Энэ нь ихэвчлэн гэр бүл салалт, архины хамааралтай эцэг эх, дахин гэрлэлт, хараа хяналт сул байдгаас үүдэлтэй байдаг аж.
Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс 2012-2016 оны хороонд үйлдэгдсэн 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 730 гэмт хэргийн материалд хийсэн суурь судалгаанаас харахад бэлгийн хүчирхийлэлд өртөж, хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсэн байна.
Нийт хохирогч хүүхдийн 92.1 хувь эмэгтэй бол 3,9 хувь нь эрэгтэй хүүхдүүд байжээ. Хүчирхийлэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлж байсан бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан нь тогтоогдсон аж. Мөн дулааны улиралд, мөн сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгддэг бөгөөд хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс нь хүч хэрэглэдэг гэсэн судалгаа байна.
Хамгийн сүүлд гэхэд хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 19-ний өдөр нийслэлийн нэгэн дүүрэгт бага насны эрэгтэй хүүхэд хүчирхийллийн золиос болжээ. Хүү долоон настай бөгөөд түүнийг хамаатны ах нь (37 настай) хүчирхийлжээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, хүчирхийлэгч этгээд нь хэрэг хүлээх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй болох нь тогтоогдсон байна.
Иргэдэд сэрэмжүүлэг болгох үүднээс энэхүү мэдээллийг эх сурвалжаар баталгаажуулсны үндсэн дээр нийтэлж байгаа бөгөөд хүүгийн эрхийг хүндэтгэн, бусад нэмэлт мэдээллийг бид хүргэхээс татгалзлаа.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шүүхээс эцэслэн шийдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэргийн 80 хавтаст хэрэгт судалгаа хийж, дүгнэлт хийхэд ялын бодлогын хувьд бүгд өөр өөрөөр шийдэгдсэн байсныг энэ дашрамд сануулах нь зүйтэй байх.
Хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй байдаг. Төрөөс үнэ төлбөргүй өмгөөллөөр хангах ёстой ч тэдгээр өмгөөлөгчдийн ур чадвар муу, шүүх хуралдаандаа ирдэггүй зэрэг асуудал тулгарах нь бий. Хүчирхийлэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцож байхад хохирогч тал өмгөөлөгчгүй байх нь бий. Иймд холбогдох байгууллагууд стратегийн өмгөөлөл хийх 12 өмгөөлөгчтэй гэрээ байгуулан, хамтран ажиллаж эхэлжээ. Ингэснээр улсын хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн хэргийг шүүхээр нэг ижил ялын бодлогоор шийдвэрлүүлэхэд жишиг тогтоох боломжтой гэдгийг өнгөрөгч онд болсон "Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлж байсан юм.
https://zindaa.mn/3794
Сэтгэгдэл