Оросын зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнц дэлхий дахинд алдартай. Бүр Сталины үед Зөвлөлтийн шоронгуудад бий болсон тэдний зохион байгуулалт Италийн Коза Ностра, Японы якуза нарынхтай төстэй. Өөрийн хууль дүрэм, шивээсэн таних тэмдэгтэй, үлгэр домог мэт түүхүүд яригддаг.
1991 онд ЗХУ задарсны дараа Оросын мафийн үйл ажиллагаа өргөжиж, Европ, Ойрх Дорнод, Умард Америкт үйл ажиллагаа нь хүрэх болсон юм. Харин 1999 онд Владимир Путиний засаглал эхэлсний дараа тэдний дураараа загнах нь хязгаарлагдах болжээ.
Гэхдээ мафийн боссууд хөшигний ард шилжиж, гэмт хэргээ бусдын гараар гүйцэтгүүлэх болсон юм. Өнөөдрийн эрүүгийн хуулиар тэд шууд оролцоогүй гэмт хэрэгтээ хуулийн ямар ч хариуцлага хүлээдэггүй.
Өөрөөр хэлбэл тэд “Воры в законе” (хууль ёсны хулгайч нар) болж дархлагдсан юм. Гэмт хэргийн ертөнцийн дотоод хууль дүрмийн дагуу тэд ямар бүлэгт харьяалагддагаа нуух ёсгүй. Гэсэн хэдий ч хуулийнхан тэднийг яаж ч чаддагүй юм.
Харин Владимир Путиний саяхан өргөн барьсан эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ байдлыг өөрчлөхөөр болжээ. Шинэ хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн бөгөөд энэ долоо хоногт багтаж эцсийн удаа хэлэлцэх гэж байна.
Шинэ хуулийн дагуу мафийн босс өөрийгөө ямар бүлэгт хамаарагддаг, ямар статустайгаа хүлээн зөвшөөрөх, эсвэл бусад этгээд үүнийг нь мэдээлэх төдийд хариуцлага тооцож, 15 хүртэл жил шоронд хорих боломжтой болно. Өөрөөр хэлбэл маш энгийн баримт дээр тулгуурлан тэднийг яллах боломжтой болох ажээ.
Оросын Prime Crime сайтын эрхлэгч Виктория Гефтер “Ерөнхийлөгчийн санаачилсан хууль гэмт хэргийн ертөнцийг доргиогоод байна. Зарим боссууд эх орноосоо явах тухай бодож эхэлсэн байх” хэмээн Lenta.ru сайтад ярьсан байна.
90-ээд оны үед мафийн гишүүн байсан, амьдралын түүхээрээ хоёр ном бичиж гаргасан Михайл Орский Оросын гэмт хэргийн бүлэглэлүүдийн 400 орчим босс өнөөдөр улс орноосоо дүрвэх, эсвэл “хонь шиг үхлээ хүлээж суух” хоёр сонголттой тулгараад байгаа тухай ярьжээ.
Магадгүй тэд өөрсдийн харьяалал, статусыг нуудаггүй гэмт хэргийн ертөнцийн хууль дүрмээ өөрчилж болзошгүй гэж тэр ярьсан байна. Нэгэн үе мафийн толгойлогч байсан өнөөдрийн тэрбумтнууд, олигархууд хүнд байдалд орж болзошгүйг зарим мэргэжилтнүүд баталжээ. Мөн энэ давалгаанд энгийн бизнесмэнүүд хэлмэгдэх эрсдэл байгааг бас онцолж байна.
Хуулийг боловсруулахад оролцсон Нэгдсэн Орос намын парламентч, хуучин КГБ-ийн офицер асан Отари Аршба “Улс дотор улс болдог үзэгдэл, загалмайлсан эцэг гэх мэт баатарлаг түүх, романтик дүр төрхийг бид устгах ёстой” хэмээн ярьжээ.
Р.Төмөр
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл